for QLD Mongol

Куинсландын Монголчуудын Холбоо

“Хамтын халуун сэтгэл” төрийн бус байгууллагын тэргүүн З.Сарантуяа: Залуус хүмүүнлэгийн үйлс хийснээр хүн байх, хүн чанараа гээхгүй байхад суралцдаг

on Гуравдугаар сар 27, 2014

2014 оны 3 сарын 16

b9b22fc3e39de9d1big

“Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа “Хамтын халуун сэтгэл” төрийн бус байгууллагын тэргүүн З.Сарантуяаг урьж ярилцлаа.

-З.Сарантуяаг “Хамтын ха­луун сэтгэл” ТББ-ын тэргүүн гэд­гээр нь хүмүүс мэддэг. Харин төгссөн сургууль, мэргэжлийнх нь талаар төдийлөн мэдээлэлгүй байгаа болов уу. Ямар сургууль төгссөн бэ?
-Би улс төр судлаач мэргэжил­тэй. БНХАУ-ын Хэбэй их сур­гуу­лийг 2008 онд улс төр судла­лын мэргэжлээр төгссөн. Одоо Удирд­лагын академид Тө­рийн удирд­лагын чиглэлээр магистр хамгаалах гээд сурч байна.

-Улс төр судлаач мэргэжилтэй атлаа яагаад хүмүүнлэгийн ажил хийх болов?
-Хүн их сонин юм билээ. Өмнө нь хүмүүнлэгийн ажлыг цаг гар­вал найзуудтайгаа нийлээд хийдэг бай­сан ч бүх сэтгэл зүрх, цаг заваа зарцуулаад хийнэ гэж боддоггүй бай­лаа. Бие сэтгэлээрээ энэ ажил­даа дурладаг болчихсон. Улс төр судлал миний хувьд одоо хийх ажил биш. Эхлээд улс орныхоо хөгжил дэв­шил, нийгмийн амьдралд хувь нэмрээ оруулж байгаад хэрвээ улс төрийн салбарт миний хэрэгцээ гарвал орж ажиллана даа. /инээв/

-Улс төр судлаач гэх мэргэ­жил тийм ч түгээмэл мэргэжил биш байх. Улстөрчид дунд ч гэсэн улс төр судлаач гэх мэр­гэ­жилтэй хүн цөөхөн юм билээ. Энэ мэргэжлийн давуу тал нь юу байна вэ?
-Энэ мэргэжлийг манай аав на­дад сонгож өгсөн юм. Хятад хэ­лээр эхлээд суралцаж байгаад яваан­­даа улс төр судлаач гэх мэр­гэжлийг сонгосон. Би улс төрийн ал­банд ажилладаг. Гэхдээ улс төр судлалаар төгсөөд яг мэр­гэж­лийн­хээ дагуу ажиллаж байгаа хүн бараг л байхгүй. Улстөрчид янз янзын мэргэжилтэй хүмүүс бай­­даг шүү дээ. Гэхдээ улс тө­рийн нэг шинэ үе ирэхэд яг энэ мэр­гэж­лээр төгссөн, мэргэжлийг нь эзэмшсэн залуус гарч ирнэ.

Одоо залуус энэ мэргэжлийг их со­нирхож, суралцдаг болчихсон. 2020 оноос хойш магадгүй дандаа мэр­гэжлийн улс төр судлаачид УИХ-д орж, хууль батлаад суух болов уу. Миний мэдэх маш олон мундаг залуус энэ мэргэжлийг эзэмшиж, улс орны хөгжил, улс төрийн тө­лөвшил гээд олон зүйлийг хийж хэрэгжүүлж байгаа. Гадаадад энэ чиглэлээр мэргэжил эзэмшиж ирээд өөрийн улсдаа харьцуулсан судалгаа хийгээд явж байгаа.

-Гадны улс орнуудад мэр­гэжил эзэмшинэ гэдэг том зав­шаан. Гэхдээ залуус төрийн мөнгөөр сурчихаад эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахаас зайлсхийгээд байх шиг. Нэр нь хүртэл жагсаалтаар гарчихсан байсан шүү дээ?
-Төрийн зардлаар сурчихаад сур­сан мэдлэг, боловсролоо өөр зүйлд зарцуулж байгаа хүмүүсийн жаг­саалтыг харсан. Анхнаасаа л гадагшаа явуулж сургахдаа их маапаантай явсан юм шиг санагд­даг. Төгсөөд ирсэн залуус олон бай­гаа. Гэхдээ ирээгүй миний үеийн болон надаас дээшээ насны за­луусын ихэнхи нь дандаа л сайд дарга, аль нэг газрын дарга, баячуу­дын хүүхдүүд байгаа юм. Жагсаалтыг харахад л ойлгомжтой санагдаж байсан. Одоо бол тийм биш болсон. Шалгалт шүүлэг, боловсролын тогтолцоо нь арай өөр болж байгаа учраас үнэнчээр тэнцэж, эргэж ирээд улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулаад явах боломжтой.

-Мэргэжлээ үнэхээр сайн эзэм­шээд эргээд ирэхэд хүссэн ажил, цалин хангамж нь байдаг­гүй гэж тэд тайлбарладаг. Га­даа­­дад мэргэжлээрээ ажиллах­гүй ч авч байгаа тэр ца­лин хан­гамжийг манайд мэргэж­лээ­рээ ажиллаад авч чадахгүй гэх жишээний. Чиний хувьд тийм зүйл тохиолдов уу?
-Ажиллах орчин нөхцөл үнэндээ байхгүй. Нуугаад яахав. Манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэм­жээ ямар билээ. Боловсролтой, мэд­лэгтэй залуусыг үнэлэх үнэ­лэмж ямар байгааг надаар хэлүү­лэх­гүй мэдэх биз. Гадаадын хө­рөнгө оруулалттай компаниуд бол тодорхой хэмжээнд үнэлдэг. Тө­рийн, төсвийн байгууллага бол хангалттай үнэлж чадахгүй бай­гаа. Миний хувьд төгсөөд юу хийх вэ гэдгээ маш сайн тооцоолж ир­сэн.

Гэтэл тооцоолсноос шал өөр орчинд орчихсон. Сарынхаа ца­линг анх аваад их гайхаж байсан юм. Сарын цалин гэж 300 гаруй мянган төгрөг авчихаад үнэхээр гайхсан. Гэтэл гадаадын хөрөнгө оруу­лалттай компаниас Хятад, Гол­ланд хариуцсан захирлаар ажил­лах хоёр сая төгрөгийн цалинтай аж­лын санал ирж байгаа юм.

Гэхдээ би өөрийнхөө мэргэжлийн дагуу ажил­лахыг хүссэн учраас бүгдийг багаас нь эхэлмээр санагдсан юм. Тэгээд л төрийн албан хаагч болсон доо. Мэдлэг боловсролтой за­луусыг үнэлэх үнэлэмж муу бай­гаа учраас залуу мэргэжлээрээ биш цалин харж ажилд ороод байна. Төр засгийн алдаа юм болов уу гэж хардаг юм.

-Ямар алдаа гэж…?
-Жишээ нь өнөөдрийн төр засаг оюутнуудад сар бүр 70.000 төгрөг өгдөг болсон. Юу бүтээсэн гэж тэд мөнгө авах гээд байна вэ. Тэд сурах ёстой зүйлээ сураад, улс орныхоо хөгжлийн төлөө өөрийнхөө авьяас, хөдөлмөрөө гаргах ёс­той. Гэ­тэл тэднийг бэлэнчлэх сэтгэл­гээнд сургаж байгаа. Сурч бо­ловс­рохдоо зарцуулдаг эсэх нь тодор­хой бус. Мөнгө нь буусан хоёр гур­ван өдөрт аль газрын баар, паб, хоол­ны газарт хөрөнгө оруулж бай­гаа нь худлаа биш.

Тэгж дэ­мий шахуу үрж байгаа татвар тө­лөгчдийн мөнгийг мэргэжлийн бэлтгэгдчихсэн боловсон хүчнийг эх оронд нь ажиллуулах дэмжлэг болгож өгвөл зүгээр юм. Тэд сурч төгсөөд илүү их цалинтай, бо­ломж дүүрэн ажилд очиход нь зар­цуулах ёстой. Өөрөөр хэлбэл, оюутан байхдаа өөрсдийн хичээл зүтгэлээр суралцсан чадалтай за­луус бэлтгэгдээд салбартаа гараад ирэ­хэд нь хангалттай хэмжээнд үнэлдэг тогтолцоо руу ормоор байна. Хичээлдээ суудаг эсэх нь мэдэгдэхгүй, дөрвөн жи­лийн дараа багш нар нь ч танихгүй ша­хуу төгсч байгаа залууст бол төр мөнгө өгөх хэрэг алга. Шал­галт дөхөөд ирэхээр багш на­раасаа дүн, диплом гуйхад л тэр мөнгийг зарцуулж байгаа шүү дээ. Хатуухан л хэлэх хэрэгтэй.

-Хүмүүнлэгийн үйлсийг мон­голчууд маань нэг их сайн ойлгох­гүй явсан үе бий. “Улаан загалмай”, “Дэлхийн зөн” гэх мэт олон улсын хүмүүнлэгийн ажлууд л хийгдэхээс монгол залуус нэгдээд хүмүүнлэгийн үйлс хийж байгаа нь их сонир­холтой санагдсан учраас ярилц­лага авмаар санагдсан юм?
-Улсынхаа хөгжлийг бид залуу үеэрээ төсөөлдөг. Залуус ямар хүн болж төлөвшиж байгаагаас ту­хайн улс цаашдаа ямар замналаар хөг­жих вэ гэдэг нь харагдана. Тиймээс би улсын хөгжлийг залуусаас олж харах гэж хичээдэг. Залуус бүгд л хүссэн мэргэжлээрээ улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруу­лах гэж сэтгэл зүрхээ гаргаж байгаа ч учир дутагдалтай зүйл олон бий. Хэт их албан тушаалд шунах, өөрийн пиар, карьер хөөдөг болчихсон.

Анхнаасаа л дээшээ өгсөх юм шиг сэтгэсэн залуус хэзээ ч цаашаа явахгүй. Улс төр лүү ийм сайхан дардан замаар өгсөж очсон хүмүүсийн эх орноо гэх сэтгэл нь маш бага болно. Надтай маш олон залуус ярилцаж байсан. Би баян чинээлэг, хөрөнгөлөг эрх­мүүдийн дэргэд зүгээр л энгийн тө­рийн албан хаагч.

Гэтэл тэр баян, сайд дарга нарын хүүхдүүд учраас би мөнгөтэй, өөрийн гэсэн ажил, ал­бан тушаалтай болчихоод дараа нь хүмүүнлэгийн ажил хийнэ гэж яри­на. Үнэн чанартаа бол мөнгөтэй, ал­бан тушаалтай болчихсон хүн хэ­зээ ч халуун сэтгэл гаргаж, хүмүүн­лэ­гийн үйлийг жижиг зүйлээс нь эхэлж харахгүй. Нэг том цэцэрлэг ба­риад л, сургууль байгуулчихвал хү­мүүнлэгийн ажил юм шиг сэт­гэдэг.

Гэтэл нийгмийн сайн сайхны тө­лөө хийж байгаа зүйл багаасаа л эхлэх ёстой. Өнөөдөр гудамжинд маш олон хүүхэд гэр оронгүй, өмсөх хувцас идэх хоолгүй байна. Хэдэн малаа зараад хот бараадсан ч ажил эрхэлж чадахгүй, өлөн зэлмүүн амьдарч байгаа хэдэн мянган өрх айл байгаа. Энэ болгонд бид анхаарах ёстой. Эмнэлэг барих гэх мэтээр том хараад л бага харагдаж байгаа маш олон эмзэг асуудлыг орхигдуулж байгаа.

Манай залуусын хувьд жижиг, том гэж хардаггүй. Бидэнд нэг төгрөгийн ч санхүүжилт байхгүй. Гэхдээ бид сайхан сэтгэлийн хүчээр нийгмийн эмзэг бүлгийнхэнд хүрч чаддаг. Монголчууд их өөр болсон. Өнөөдөр миний өгсөн 10 мянган төгрөг хүмүүст буян болж чадна. Би хүмүүнлэгийн үйлд хувь нэмрээ оруулж байна шүү гэдэг сэтгэлтэй болж чадсан нь мундаг чанар.

-Дан ганц нийслэл гэлтгүй орон нутаг, гадаадад байгаа мон­голчууд ч танай байгууллагын үйл ажиллагаанд нэгдэж ажилла­даг юм билээ?
-Анх цөөхүүлээ байсан. Нэг хүнд гэр аваад өгчих үү гээд л гүйдэг байлаа. Гэтэл үйл ажиллагаа маань өр­гөжсөөр маш олон залуусыг эг­нээн­дээ нэгтгэсэн. Залуус их өөр сэтгэлгээтэй болчихсон байна. Өөрөөс нь илүү ядарч яваа нэгэндээ тус­лахсан гэсэн хүнлэг сэтгэл нь мон­голчуудыг нэгтгэж чаддаг. Тийм­дээ ч нийгмийн сайн сайхны тө­лөө нэгдэж чаддаг гэдгийг манай группийн үйл ажиллагаа харуулдаг гэж боддог юм. 2011 онд анх нэгдэж байсан ч хоёр жилийн хугацаанд маш олон ажлыг эхлүүлсэн байна. Цаашдаа ч олон ажлыг хийх итгэлтэй байгаа.

15 оронд ажиллаж амьдарч байгаа монголчууд нэгдсэн. 500, 1000, 2000-аараа нэгдэж групп болоод хүмүүнлэгийн ажлаа хийнэ. Сайн санааны үндсэн дээр шүү дээ. Мөнгө өгөх нь гол биш. Тэнд чин сэтгэл, миний оролцоо чухал юм байна гэдгийг залуус ойлгодог болж. Энэ чинь улс орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа нэг хэлбэр шүү дээ. Сайн дурын хийх ажил учраас бидний өмнө ямар хүнд үүд хаалга маань нээлттэй. Хүнд сэтгэл байвал юуг ч хийж болдог гэдгийг харуулахыг хичээдэг.

-Залуусын ухамсар доройтсон. Архи хэрэглэж, хүчирхийлэл үйл­дэж байна гэх муу муухай мэ­дээлэл их байдаг. Харин энэ мэт хүмүүнлэгийн тэр дундаа чин сэт­гэлийн ажил залуусыг зөв хүн бол­гож төлөвшүүлэхэд том алхам болж байгаа болов уу?
-Чамтай санал нэг байна. Бидний дунд маш олон янзын хүмүүс байдаг. Наймдугаар ангийн хүүхдээс эхлээд 60, 70 хүрсэн өвөө, эмээ нар ч халуун сэтгэлээр нэгддэг. Тэд нэг нэгнээсээ үргэлж суралцдаг. Бааранд орж бүжиглэх сонголт хийдэг байсан залуус хүмүүнлэгийн үйлс хийдэг болсноор энэ мөнгөөр нэг айлын хоногийн хоолыг аваад өгчихье гэх сэтгэлтэй болно. Нийгмийн бүх шатанд очиж, ядарч байгаа, хүчирхийлэлд өртөж, эрхээ зөрчүүлсэн хүмүүстэй харьцаад ирэхээрээ залуусын сэтгэлгээ их өөр болдог. Аливаа асуудлыг арай өөр өнцгөөс харна. Амралтын өдрөөр залхуурч, гадуур тэнэж явахаар ядарсан нэгнийх нь гэрийг цэвэрлээд, усаа авч чадахгүй байгаа өвөө, эмээгийн усыг нь дөхүүлээд өгчих хүнлэг сэтгэлтэй болно. Хүн чанартай, хүн болж төлөвших л асуудал юм шүү дээ.

-Үйл ажиллагаа нь жигд явагдаж байгаа хүмүүнлэгийн байгууллагууд ихэвчлэн ашгийн төлөө ажиллаад байна уу. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Ашиг хардаг байгууллага маш их байна. Өнгөрсөн зун манай байгууллагад Японы хүмүүнлэгийн байгууллага хандаж байсан юм. Тэд өмнө нь ийм үйл ажиллагаа явуулж байсан хүүхдийн асрамжийн газар байгуулах гэсэн юм гэж хандсан. Гэхдээ бид хамтраагүй. Учир нь их бараан түүхтэй газар байсан. Өмнө нь бидэн шиг сайн дурын байгууллагад санал тавиад асрамжийн газар байгуулж байсан ч дараа нь хоёр байшинг нь өөрсдийнхөө нэр дээр аваад шал өөр үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм билээ. Хүүхдүүд хооллох нь ямар ч ашиггүй.

Тиймээс ашгаа бодоод бидэнтэй нэгд гэх санал тавьсан байгаа юм. Иймэрхүү тохиолдол олон бий. Ер нь хамтарч ажиллах санал ирдэг ч эцсийн дүндээ ийм ашигтай ажиллах юм гэж ярьдаг. Бидэнд ашиг хэрэггүй. Хүн болж төлөвшихийн эхлэл учраас бид өөрсдийнхөө хүчээр ажлаа үргэлжлүүлээд явна. Мянган төгрөгөө нийлүүлээд хув­цас тараагаад явж л байсан. Өөрс­дийнхөө хүчээр ажиллаж чаддаг гэдгээ харуулчихаад дараа нь үнэхээр л нийгмийн сайн сайх­ны төлөө ашиг харахгүйгээр ажил­лаж чадах байгууллага байвал хам­тарч ажиллахыг үгүйсгэхгүй. Хүмүүн­лэгийн гэх төрийн бус байгууллага маш олон байдаг юм билээ.

-Залуусын хийсэн бүтээснийг үгүйс­гэсэн мэдээлэл их гардаг бо­лолтой юм. Шантрах үе гарна биз?
-Монгол Улсын бүх л хогийн цэ­гээр явж хувцас тарааж, хооллосон. Хи­чээ­лийн хэрэгсэл хэрэгтэй бол тэдэнд туслаад л явдаг. Улаан­чу­луутын хогийн цэг дээр ч байн­га л очдог. Тэнд Японы хө­рөн­гө оруулалтаар сэндвичэн барил­га ба­ригдсан байгаа нь их олзуурхууш­тай санагдаад тэнд номын сан бай­гуулж, чөлөөт цагаа өнгөрүүлэх жижигхэн өрөөтэй болгох гэж зорьсон юм. Адилхан хүмүүс байгаа.

Хувцас, хоол хэрэгтэй байгаа ч хүүхдүүдэд боловсрол бас чухал. Орчлонгийн сонин сайхныг таньж мэдэж, хүн болж төлөвших асуудал хамгаас чухал. Тэднийг өрөвдөж энэрээд өдөр болгон хоол, хувцас өгөхөөс гадна хүн болгож төлөвшүүлэх хэрэгтэй. 13 настай хүү аав ээж дүүгээ тэжээхийн тулд сургуулиа орхиод хог түүдэг. Гэсэн ч тэр хүүгийн сэтгэлд сургуульдаа сурахсан, ном унших юмсан гэсэн хүсэл нь унтраагүй байсан. Сараа эгчээ би хичээлдээ сурмаар байна. Одоо очвол сургууль маань намайг авах болов уу гээд л ярина. Тэр үүднээс жижигхэн сургалтын танхим байгуулж, номын сан хүртэл байгуулсан юм. Тэнд маш олон хүмүүс ирнэ. Бичиг үсэг мэдэхгүй нь сурахын тулд хичээгээд сууж байгаа нь нийгэмшүүлж байгаа нэг том ололт амжилт биз дээ.

Төр биш юм гэхэд төрийн бус байгууллагууд тэдэнд гарц зааж өгөх ёстой. Гэтэл бидний ажлыг нэг сэтгүүлч маш эвгүй талаас нь олж харсан. Удахгүй Улаанчулуутын хогийн цэг дээр загварын шоу үзүүлэх нь дээ гэж бичсэн байгаа юм. Хэлэх үг ч олдоогүй шүү. Энэ ямар сэтгэхүйтэй хүн бэ гэж эмзэглэж байсан. Ш.Сайхансамбуу, “Буян”-ийн Жаргалсайхан гэсэн хүмүүстэй хоёр хоногийн хоолны мөнгөний төлөө ажилладаг хогийн цэгийн хүүхдүүдийг жишиж бичсэн байгаа юм. Уншаад гутарсан. Аливаа юманд саад байдаг гэдэг учраас шантрах үе гардаг ч сайхан энерги нь илүү учраас тоодоггүй. Гэхдээ тэндээс бид буруу алхах, алдах эрхгүй гэдгийг л хамгийн сайн ойлгодог доо.

-Та нарыг амбийц хөөж байна гэж шүүмжилсэн юм болов уу даа. Амбийц хүнд байх хэрэгтэй гэж боддог уу?
-Залуус надаас яг наад асуултыг чинь асуудаг. Саяхан Залуучуудын холбооноос зохион байгуулсан залуусын уулзалтад нэг оюутан охин асууж байсан юм. Амбийц хүнд байх хэрэгтэй. Гэхдээ олон янз. Би чадна гэсэн бардам хүмүүс амбийц хөөнө. Эсвэл худлаа дүр эсгэж амбийцлана. Нэр хүнд хэрэгтэй гэж зүтгэдэг хэсэг байна. Хэт их амбийц хэрэггүй. Яах юм бэ. Бид цөөхөн хэдхэн монголчууд. Цөөхүүлэхнээ байж нэг хэсэг нь нэр төр хөөцөлдөж хийрхээд байвал юу болох вэ. Зааланд тоглож инээж хөхрөөд явж байсан залуу ганцхан цагийн дараа нас барчихлаа.

Тэгэхээр хүн тэр амбийц гэгчийг аваад үхэхгүй шүү дээ. Хоолоо олж идэх хэрэгсэл болгосон хүмүүс олон бий. Гэхдээ тэр хүн хүрээллээсээ гарч чадахгүй. Өөрийг нь тойроод яг л тийм хүмүүс. Тэрнээс илүүг харж, илүү өөр нийгмийг үзэж чадахгүй учраас хүн байхын утга учраа ал­даж, энэ насандаа жүжиг тоглож яваад л дуусна. Өөрийнхөө х­ү­­рээл­лээс хальж гадна орчинтой сайн танилцах ёстой. Гадаа га­раад салхи амсаад үзчих хэрэгтэй юм, уул нь.

-Хогийн цэгээс эхлээд гэр хороол­лын булан тохойд ажил­лаж явахад бид үнэхээр хөгжөөд сайхан болоод байгаа юм харагдах юм уу. Эсвэл би хэтэрхий бараан талаас нь хараад байна уу?
-Гэр оронгүй, хогийн цэг дээр ажиллаж байгаа хүнтэй уулзлаа. Харах хандах хүнгүй ахмадуудтай уулзана. Гэр хороололд амьдрах гэж зүтгэж яваа ядарсан, хүчирхийлэлд өртсөн олон эмэгтэйчүүд, хүүхдүүд­тэй уулздаг. Төрийн албан хаагчдын хү­рээлэл дунд ч би өөрөө байна. Энэ бүх­нээс харахаар монголын нийгэм гурван үе шаттай болчихож. Нэг хэсэг нь ядуу. Нөгөөх нь ажилчин.

Харин үлдсэн хэсэг нь дээд цэгт хүртэл баяжчихсан, ажил хийж цалин авах нь сонирхолгүй болчихсон хүмүүс. Хог түүж амьдарч байгаа тэдэнд хоногийн хоол, хүн төрхөө алдахгүй нийгэмшиж амьдрах нь л чухал. Ажлаа хийгээд, хувь хувиа борлуулаад явж байгаа хэсэг нь хэтэрхий том руу зүтгэж чадахгүй. Ажлаа л сайн хийгээд амьдралаа болгоод явах л чухал. Ийм гурван үе шаттай нийгэмд амьдраад байгаа гэж харагддаг.

7326262ddad4cb9abig

-З.Сарантуяагийн ойр тойронд ихэвч­лэн залуус ажилладаг. Тэр залуус юунд хүрэхийн тулд тэ­мүүлж байна вэ. Залуусын орон гэдэг атлаа залууст чиглэсэн бод­лого энэ улсад алга. Тэдний хү­сэл тэмүүллийг сонсоод, бас өөрий­гөө сонсоход юу хэлж байх юм?
-Залуус маш олон зүйлийг хүсдэг. Салбар, салбарын мэргэжилтэй хү­мүүс учраас олон өвөрмөц ертөнц хараг­дана. Сэтгэл байвал бид хам­тарч чаддаг юм байна гэдгийг манай за­луус харуулж байгаа. Хүнийг хүн гэж хардаг, хүндлэх ёс хаана байх, аав ээж, амраг ханиа, ах дүүгээ хайрлах сэтгэлд тэд суралцаж байна. Дээр хэлсэнчлэн нэг хүрээллээс гарч, нийгмийг тэр чигт нь харж чаддаг болж байгаа юм.

Энэ л чухал. Боловсрол хүний толгойнд байдаг. Харин хүн байх, хүн чанараа гээхгүй байх гэдэг зүйлийг олж авахын тулд залуус тэмүүлж байдаг. Наймдугаар ангийн хүүхэд би Харвардад сурна гэж зорилт тавиад нийгмийн болж бүтэхгүй байгаа асуудлаар нийтлэл бичээд сууж байна.

Залуусын сэтгэлгээ өөр болсон гэдгийг л хэлье. Бидэнд сайхан ирээдүй байна. Ололт амжилт зөндөө ирнэ. Тэрнийг хугацаанаас нь өмнө шүүрэх гэж яарах хэрэггүй. Ололт амжилт чухал биш. Эхлээд хүн болж төлөвшчихсөн байхад ололт амжилт аяндаа өөрөө хүрээд ирдэг гэдгийг л үе тэнгийн залуустай хэлмээр санагддаг юм. Бидний үр хүүхэд үлдэх учраас хамтдаа илүү их зүйлийг бүтээе гэж хэлье дээ.

Б.Өнөртогтох
Эх сурвалж: http://www.mminfo.mn

http://www.mminfo.mn/content/56533.shtml?alias=interview


Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: