for QLD Mongol

Куинсландын Монголчуудын Холбоо

Лекц No 26.Монгол Улсын Ардын Жүжигчин Ш.ЧИМЭДЦЭЕЭ: САЙХАН ХАРИУЛТ АВАХЫН ТУЛД УРЬТАЖ ӨӨРӨӨ САЙХАН ҮГ ХЭЛЭЭРЭЙ

on Хоёр дугаар сар 24, 2013

Chimedtseeye

Би эх хүний тухай, тэр дундаа ээжийн бүүвэйн тухай бодлоо хуваалцах тун дуртай. Хүн болгон хөндөөд байдаггүй атал хүн болгонд дотно дулаан мэдрэмж шүү дээ. Ээжийн тухай ярихад ээжийн бүүвэй хамгийн түрүүнд санаанд буудаг. Одооны хүмүүс хүүхдээ сайхан бүүвэйлэхээ больжээ. Та нар бүүвэйлж байгаа хүнийг хэр олон сонсож байна? Зөөлөн, уянгалаг аялгуутай бүүвэйн дууг би лав сүүлийн үед сонсохгүй байгаа. Бүүвэй гэдэг хүмүүжлийн маш их ач холбогдолтой юм шүү дээ. Гэдсэнд бүрэлдэх үеэс нь бүүвэйлэхэд хүйгээрээ хүүхэд түүнийг мэдэрч байдаг. Сайхан аялгуу сонсож бүрэлдэн торнисон хүүхэд дэлхийд мэндлээд мөн л ээжийнхээ сайхан бүүвэйгээр бүүвэйлүүлж, цагаан сүүг нь хөхөж өснө. Бүүвэй сонсож өссөн хүний сэтгэл зөөлөн байдаг гэдэг. Одооны ээжүүд маань хүүхдийнхээ тархи толгойг доргитол, гэдэс ходоодыг нь савлатал хөдөлгөх юм. Зарим нь бүр хүүхдийнхээ чихэн дээр рок хөгжим тавьдаг болсон гэнэ лээ. Энэ ямар хүмүүжил олгох вэ, хүүхэд чинь ямар араншинтай болохов гэдгийг бодох хэрэгтэй. Хүүхдээ элгэндээ тэврээд зөөлхөн ганхаж бүүвэйлдэг ёстой юм шүү дээ. Манай ээж гэхэд биднийг хоёр янзын бүүвэйгээр бүүвэйлдэг байсан. Нэг нь үгтэй бүүвэй. Тун сайхан үгтэй.

Харалдай тайжийн хүүлэй, бүүвэй

Хар лусын хааны ачлай, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй.. гээд л. Их сайхан. Хүүхэд жаахан хөлшихөд энэ бүүвэйгээр бүүвэйлнэ. Хөлшинө гэж яадгийг мэдэх үү? Айлын хүн буугаад мордохоор хүүхэд заримдаа хөлшдөг юм. Халуурч бүлээрч, тавгүйрхэхийг хэлж байгаа хэрэг шүү дээ. Энгийн үед үггүй хэрнээ амрааж тайтгаруулдаг сонсоод л баймаар, тэгсэн хэрнээ өөрийн эрхгүй гүн нойронд автуулах уянгалаг сайхан аятай бүүвэйгээр бүүвэйлдэг. Би ээжийнхээ бүүвэйг сурч дүү нараа бүүвэйлээд, дараа нь үр хүүхдээ бүүвэйлээд, одоо үр хүүхэд маань хүүхдээ бүүвэйлж байна. Гэр бүл бүхэнд ингэж уламжлагдсаар монгол бүүвэй гэдэг энэ том хүмүүжүүлэх арга ухаан хэчнээн зууныг дамжиж ирсэн байна. Миний ээжийн бүүвэй хэдэн зуун дамжсаныг мэдэхгүй. Ээж маань “Ээж л ингэж бүүвэйлж бай гэж зааж өгсөн” гэдэг. Ээжийн ээж ч тэгсэн байх. Би ээжийнхээ үггүй бүүвэйг аялъя. /Бүүвэйг аялав/ Унтчихмаар санагдаж байна уу? Үгтэй бүүвэйг нь та нар сураарай. Залуус та нартаа зориулж би бүүвэйн CD болгоод гаргаж ч болох юм.

Хот газар маш их дарамттай амьдралтай, стресстэй байна. Эх захгүй чимээ шуугиан, бужигнаан түжигнээн хүүхдийн зан араншинг хатуу ширүүн болгож байна. Үг сөрөх, уурлах нь амархан болж. Бүүвэй сонсож өссөн хүн уужуу тайван болдог. Нэгэнт хэвлийдээ үр тээсэн бол түүнийг ямар хүн болгох вэ гэдгийг төлөвлөх хэрэгтэй гэж би боддог. Чи тэнгэрт халихад тэр хүн л үлдэж, амьдралыг чинь үргэлжлүүлнэ. Тиймээс холын зорилгоо алхам тутамдаа санаж явах хэрэгтэй юм. Чи түүнийг хэн болгоно, тэр үе удмыг чинь чиний өвлүүлсэн хүмүүжлээр хүн болгоно. Ямар ч хүн үр хүүхэдтэй болохоороо хамгийн түрүүнд аав ээжийнхээ өөрт нь сургасан, заасныг л санадаг юм. Надад юу сургаж, намайг яаж өсгөлөө, би одоо ямар хариуцлагатай билээ гэж боддог. Өв соёл ингэж л уламжлагддаг.

Эмэгтэй хүн энэ хорвоогийн гоёл нь юм. Эх хүн энэ ертөнцийн амьд бурхан юм. Хорвоо дэлхий зөөлөн байх, хүний сэтгэл уян байх, амьдрал ахуй тайван байх нь эмэгтэй хүнээс хамааралтай. Ээж гэдэг хүн үгүй бол энэ дэлхий дээр хэн ч байхгүй, тиймээс бурханчлан шүтэх ёстой юм шиг санагддаг. Би тийм хүмүүжлээр хүмүүжсэн. Ээж маань ч ээжийгээ тэгж хүндэлдэг байсан. Ер нь хүнийг хүндэлнэ гэдэг том буян юм. Ядрахын цагт нь эхээ асарч, тэтгэсэн хүн сайн явдаг гэж ярьдаг шүү дээ. Ажиглаад байхад энэ ч үнэн юм. Ээжийнхээ ачийг хариулна гэж би их боддог байлаа. Өвсний шүүдэр цуглуулж цай чанаж өгвөл нэг л удаа өндийж хөхүүлсэн ачийг нь хариулдаг юм гэнэ лээ. Нэг удаагийнхыг ч болов хариулъя гэж би өвсний шүүдэр цохиж үзсэн. Их хэцүү юм билээ. Өвсөн дээр байгаа дусал хүрэхгүй усыг шанаганы толгойд цохиж оруулна. Цай чанах дайныхыг цуглуулах гэсээр явтал нар дээр гарч, хатаад алга болчихно. Шүүдэр гэдэг өвсөн дээр байгаа чийг шүү дээ. Түүнийг цуглуулна гэдэг их хэцүү. Ээжийнхээ ачийг хариулна гэж хөөрүү дэврүү сэтгэлээр романтик юм бодох дэмий юм гэж бодоод “Тэнгэр ээж минь өршөө” гэдэг дуу зохиож, ээждээ зориулан дуулсан. Ээж минь бурхны оронд очсон ч гэлээ намайг үргэлж харж байгаа.

“Тээж төрүүлсэн ачийг нь ээ
Тэтгэж хариулах завгүй яваа
Тэнэгхэн хүү намайгаа
Тэнгэр ээж минь өршөө, өршөө…

…Аагтай шаргал цайны оронд
Амилуулж дуулсан дуугаа өргөе
Аялгуу шингээсэн дуугий минь

Ачит ээж минь уу даа
Аягалан аягалан уу даа
Амтлан амтлан уу даа”

Бид ээжээсээ 13-уулаа. Олон дүүтэй байсандаа ч тэр үү, ээжийнхээ бүүвэйн дууг том болтлоо сонссон. Ээж маань дүү нарыг их сайхан бүүвэйлнэ, тун сайхан хоолойтой хүн байлаа. Бас хонь сайхан тойглоно. Олон хүүхэдтэй хөдөөний хүн байсан болохоор хол ойр явж дуулаагүй. Бид өвөр хормойноос нь зүүгдэж найр хуриманд ч явах завгүй байлгасаар залуу насыг нь авчихсанаас биш сайхан хоолойтой хүн байсан юм. Намайг гэдсэндээ тээх үеэс уянгалаг намуун хоолойгоор бүүвэй аялж өгсөн, тэр сайхан аялгууны хүчээр би дуучин болсон. Үүнийг би мэдэрдэг.

Айл гэрт аав хүний нөмөр түшиг, ноён нуруу асар их. Өөрийнхөө ааваар жишээ татахад, манай аав өдөр болгон биднийг сургаад байдаггүй ч үлгэр дуурайлыг яг нүүрэн дээр харуулдаг. Юм хийвэл хэзээ ч эвдэрч хэмхэрч унахааргүй бат бөх хийх жишээтэй. Үүнээс нь бид их суралцана. Бидний багад аав нэг хаалга хийсэн юм. Гэрийн хаалга л даа. Тэр нь 40 жил яг янзаараа байсан. Уржнангийн түрүү жил бид хаалгаа сольж, босго нь л элэгдсэн тэр хаалгыг дүүдээ өвлүүлсэн. Бас тоонын араам хийсэн нь тун олон жил болсон. Аав хүн гэдэг үргэлж үглэж загнаад байхгүй ч хийсэн нь, ярьсан нь үр хүүхдийнх нь толгойноос гардаггүй юм билээ. Залуу аавууд тийм л байгаасай. Сэтгэл, оюунд нь сууж өгтөл буурь суурьтай юм хийдэг байвал хүүхэд нь яг л дуурайна. Намайг сургуульд ч ороогүй байх үед мөнгөний түрийвч хийснийг санаж байна. Гутлын түрий зүсч, түүнээ үдээрээр гараараа хийсэн. Хагас зуун жил болоход яг янзаараа байж л байгаа. Би хайрлаад тун олон жил барьсан, одоо хүүд минь бий. Ингэж хийсэн бүтээснээрээ үр хүүхдийнхээ хүмүүжилд үлгэр дуурайл болж чаддаг аавууд олон болоосой.

Хүний төрөл олж төрнө гэдэг цацсан мянган арвайнаас зүүний үзүүр тогтож үлдэх ганц ширхэгтэй адил ховор бэрх, бас үнэ цэнэтэй гэдэг дээ. Амьтны, адгуусны, өт хорхойн гээд олон төрөл дундаас хүн төрөл олно гэдэг хамгийн гайхамшигтай нь гэнэ лээ. Тиймээс энэ насаа үр бүтээлгүй сул үрэх хайран биш гэж үү. Маш ашигтай өнгөрөөх хэрэгтэй. Муу үйл хийхгүй байхаас илүүтэйгээр хийж сурахгүй байх нь чухал. “Хүний амьдралд муу юм хэчнээн ч тохиолдож болно, гэхдээ бусдад муугаа бүү харуул. Сайнаа харин дандаа хүний өмнө дэлгэж яв” гэж ээж минь захидагсан. Хүнийг хүндлэх, хүнээс уучлалт гуйх, хүнд баярлалаа гэж хэлэх энэ бүгд гарлагатай юм биш. Харин ч өөрийгөө ямар хүн бэ гэдгийг бусдад таниулж байгаа юм. Түрүүлж “Сайн байна уу?” гэж хэлбэл “жижиг” харагдаж байгаа хэрэг биш шүү дээ. Тэгж боддог хүн байдаг. “Сайн байна уу?” гэвэл өөдөөс чинь “Сайн, сайн байна уу?” гэдэг сайхан хариу л ирнэ. Сайн энергитэй сайхан хариулт авахын тулд түрүүлээд мэндэлчихэж яагаад болохгүй гэж.

Энэ тун сайхан нэвтрүүлэг, би үздэг. Би харин залуу хойч үеийнхэндээ тус нэмэр болох юм ярьж өгч чадсан эсэхээ мэдэхгүй байна. Ямартай ч, өөрийн амьдрал дээрх жишээнээсээ та бүхэнтэй хуваалцлаа. Сайн хүмүүс болцгоогоорой.

Гоц авъяастны 93-р сургуулийн сурагчид оролцов. 2009.4.14


Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: