for QLD Mongol

Куинсландын Монголчуудын Холбоо

Лекц No 25. “Хатагтай” эмнэлгийн ерөнхий эмч, анагаах ухааны доктор А.ОТГОНБОЛД: Монгол тэмүүлэл бол Монголын хөгжлийн залуур юм

on Хоёр дугаар сар 24, 2013

otgonbold

Эрс тэс ширүүн уур амьсгалтай атлаа эрүүл мэндийн тухай яриа манай хамгийн орхигдсон сэдвийн нэг. Бид түүхийнхээ, эрдэс баялгийнхаа, улс төр, нам, нэр дэвшигчдийн талаар хангалттай их мэдээллийг маш өндөр түвшинд авдаг. Харин эрүүл мэндийн мэдээлэл хомс байна. Тийм учраас эрүүл мэндийн мэдээлэл яагаад хомс болов гэдэг сэдэв хөндөхийг хүслээ. Монгол уламжлалаараа эрүүл мэндээ яаж хамгаалах вэ, яаж шүдтэйгээ хамт оюун ухаанаа цэвэрхэн байлгах вэ гэдэг сургаал орхигджээ.

Сүүлийн 60 орчим жил шинжлэх ухааны анагаах ухаан дэндүү хөгжөөд хутга мэсээр оёх засах, ямар нэг аппарат техник зүүж өгч өвчнийг анагаах болсон ч хүний оюун ухаан, сэтгэл зүйтэй ажилладаг анагаах ухааныг орхигдуулсан байна. Угтаа дээрх хоёрыг хослуулан байж анагаах ухааныг хөгжүүлэх ёстой гэж би үздэг.

Эрүүл мэндийн салбарын ажил хүнтэй харилцахаас эхэлнэ. Өвчнийг нь зөв тайлбарлаж өгөх, эдгээх арга замыг ойлгуулахаас авахуулаад сэтгэл зүйн талаас нь эерэг өөдрөг дэмжлэг үзүүлэх хүртэл нарийн ухаан хэрэгтэй. Энэ ухааныг бидэнд заагаагүй. Өөрөөр хэлбэл хүүхэд яаж төрүүлэхийг заагаад, хэвлий дэх үртэй харилцахыг орхигдуулсан. Эхийн гэдсэн дэх ураг хөдөлгөөн бүрээрээ бодол санаагаа илэрхийлж байдаг учраас түүнтэй харилцах нь хичнээн чухал болохыг сүүлийн үеийн судалгаагаар баталж байна. Аялгуу хөгжмөөр хүүхэдтэйгээ харилцаж хөгжүүлэх асуудал өнөөдөр өндөр түвшинд яригдаж байна. Цаашлаад, хүүхдийг төрөх үед, төрсний дараа ямар мэдээлэл өгөх вэ гэдгийг чухлаар авч үзэх болсон. Манай эрүүл мэндийн салбарынхан ч дэлхийн энэ жишгийг дагаж, сүүлийн 5-10 жилийн хугацаанд хүний оюун санааг эмчилье, ёс суртахууны харилцааг өөрчилье, шинжлэх ухааны анагаах ухаанаа ардын аргатай хослуулан хөгжүүлье гэдэг чиглэл рүү түлхүү орж байна.

Нийт өвчлөлийн 70-80% нь хүнд, эдгэрэх аргагүй болсон шатандаа эмнэлэгт ханддаг болохоор өнөөдөр эрүүл мэндийн үйлчилгээний салбарт бухамдал их байдаг. Энэ байдлыг өөрчлөхийн тулд өсвөр наснаас нь, бүр ясли цэцэрлэгээс нь эрүүл мэндийн талаар ярьж эхлэх ёстой. Ингэвэл арай эрт өвчнөө мэдэж эмнэлэгт ханддаг болно, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга ухаанд суралцана шүү дээ. 3-5 настай хүүхдийн хамгийн гоц чадвар юу вэ гэвэл ямар ч зүйлийг маш амархан сурдаг, дуурайдаг. Энэ наснаас хойш өөрийн гэсэн зан араншин гарч ирнэ. 14-15 насандаа мөн тийм тодорхой чанар гарч ирдэг. Энэ нь гармоны өөрчлөлтөөс хамаарсан өөрчлөлт байдаг. Хүн 19-20 насандаа бүрэн төлөвшдөг. Ясли цэцэрлэгийн хүүхдэд олон юм заахгүй, шүдээ зөв угаах, өглөө босоод гар нүүрээ угаах, усанд орох гэхчлэн алхам тутамд нь хэрэгтэй энгийн дадалд л сургана. Эндээс эхлээд үе шаттайгаар 18-19 нас хүртэл нь эрүүл мэнд аж төрөхүйн зөв мэдээлэл өгчих хэрэгтэй байгаа юм. Ингэвэл өөрийнхөө эрүүл мэндийн талаар мэддэг, хамгаалдаг, анхаарал тавьдаг болчихно.

Өнөөдөр харамсалтай нь ийм биш байна. Мэргэжлийн хүний хувьд би өвчтөнүүдээс, залуу үеийнхнээс, найз нөхдөөсөө ч хэдхэн асуултаар эрүүл мэндийн боловсролын түвшинг нь тодорхойлохыг эрмэлздэг юм л даа. Ихэнх хүн, ялангуяа залуус эд эрхтнээ ямар бүтэц, үйл ажиллагаатайг мэдэхгүй байна. Тэр эрхтэн яавал өвчилдөг, өвчилбөл ямар хор нөлөөтэйг ойлгохгүй байна. Эдгээрийг мэдэхгүйгээсээ эрүүл мэндээрээ хохирох нь тун элбэг болсон. Өөрийнхөө анатомийг машиныхаа мотор, дугуй, хөдөлгүүр шигээ мэдэхгүй байна шүү дээ. Эрүүл монгол хүн л өнөөдрийн дуулиантайгаар яриад байгаа Оюутолгой, Тавантолгой, мундаг түүх уламжлалынхаа эзэн нь болж сууна биз дээ? Иймээс Монголын хамгийн том өмч, бас бахархал нь эрүүл монгол хүн байх ёстой. Эрүүл гэдэгт биеийн төдийгүй сэтгэл, оюуны дархлаа хамаарна.

100% нүдний шилгүй ард түмэнтэй улс байх бололцоо манайд бий. “Япон шүдний өвчингүй орон боллоо” гэж зарласантай адил “монголчууд нүдний шилгүй үндэстэн боллоо” гэдэг сэтгэхүй рүү бид ойртох хэрэгтэй байна. Ингэхийн тулд хэдэн насандаа ямар дасгалуудыг хийж байх талаархи мэдээллийг ард түмэн авч байх хэрэгтэй. Бие бялдрынхаа бүтцийг мэдэхээс энэ ажил эхэлнэ. Дараа нь тэр эд эрхтэн ямар үүрэгтэй, үүргээ биелүүлэхгүй бол юу болдгийг мэдэх. Жишээлбэл, элэг гэдэг жижигхэн эрхтэн ямар үйлчилгээтэйг товчхон ярьж өгье. Элэг бол хүний цус шүүдэг эрхтэн. Ирж байгаа цусыг шүүж цэвэрлээд, эд эрхтэндээ цэвэр сайхан цус эргүүлэн нийлүүлэх үүрэг хүлээн зогсоо чөлөөгүй ажилладаг. Элэгний үйл ажиллагаа муудвал дутуу цэвэрлэгдсэн цус эд эрхтнүүдэд очно.

Жирэмсэн үедээ архи уух, тамхи татах, янз бүрийн эм тариа хэрэглэх ямар нөлөөтэй вэ гэж эмэгтэйчүүд их асуудаг. Ураг гэдэс, сав дотор их усан дунд, 7-8 давхар хальсан дотор байгаа. Энэ бүх давхарга хүүхдийг хамгаалах систем шүү дээ. Гэхдээ цуснаас бусад нөлөөнөөс хамгаалж чадна. Жирэмсэн эх элгэнд халтай юм хэрэглэсээр гэмтээсэн гэж бодъё. Элгэнд дутуу цэвэрлэгдсэн цус хүүхдэд очно. Маш ихээр элбэгшиж байгаа гажигтай хүүхэд төрөх үзэгдэл эндээс улбаатай. Элэг муутай эмэгтэйчүүдээс л төрөлхийн гажиг согогтой хүүхэд гардаг. Элэг гэмтээгч, сүйтгэгч, хамгийн том дайсан бол шар өвчин. Хоёрдугаарт, архидалт. Иймд жирэмсэн үедээ төдийгүй бусад тохиолдолд архи ихээр хэрэглэх муу. Нэг удаагийн архийг элэг шүүчихэж чадна. Элэг 25 эрхтэнд нөлөө үзүүлнэ. Ганцхан эрхтэн дээр жишээ хэлэхэд ийм байна.

Эрүүл мэндийн энэ мэт боловсрол аваагүйгээс манайхан алддаг. Наад зах нь гадаа тостой хуушуур идсэнээс болоод хомхой долоочихож, даараад ханиад хүрчихлээ, халуун хүйтэн харшилдсанаас болоод хатгаа тусчихлаа гэх мэт маш буруу мэдээлэл, “онош”-той явдаг. Хомхой гэдэг бол вирус. Ханиад агаар дуслын замаар халддаг болохоос даарснаас үүсэхгүй. Бүгдээрээ өөрийн гэсэн үүсгэгч нян микробтой. Тэдгээр нь агаар дуслын замаар ам, хамар хоолойд байж байгаад бие ядарч, витамин дутагдахад, эсвэл даарахад идэвхжин өвчлүүлдэг. Буруу мэдээллээсээ болоод “хомхой долоосон” эмэгтэй хүүхдүүддээ халдааж, цааш тараадаг. Залуусын дунд ийм маягаар тархдаг бэлгийн замын халдварт өвчин гэж айхтар юм бий. Мэдээлэлтэй хүнд энэ өвчин огтхон ч тусдаггүй. Ийм халдвартай хүний суусан сандал дээр дараагийн хүн суухад яагаад халддаггүй юм, яагаад вассейнаар эсвэл бусад аргаар халддаггүй вэ? Бэлгийн замын халдварт өвчин” гэдэг нэрэнд нь хамаг учир нь агуулагдаж байгаа биз дээ. Энэ өвчин зөвхөн бэлгийн харьцаагаар буюу бэлгийн замаар л халддаг. Бэлгийн замаар халддаг энэ өвчний 85-90% нь 33 градусын биеийн дулаанаас 34 градусын нөгөө хүний дулаанд очдог. 20 градусын дулаанд гарч ирвэл бактери шууд үхнэ. Гэтэл манайхан бассейнаас үүнийг авчихлаа, цэцэрлэг яслийн жорлон бохир байснаас халдвар авсан охиноо ээж нь өвөртөлж унтаад давхар халдварлачихлаа гээд ирдэг. Хэрвээ ингэж халддаг байсан бол ахуйн замаар халддаг халдвар гэнэ шүү дээ. Мэдээж бэлгийн замаар халддаг өвчин шилжиж дамждаг. Манайхан мазокийн шинжилгээ өгч, тэр нь хэвийн гарвал “би эрүүл” гэж ойлгодог. Шинжилгээнд илрээгүй мөртөө өвчтэй байж болно. ДОХ, тэмбүү зэрэг өвчнүүд мазокоор илэрдэггүй. Судаснаас цус авч байж үүнийг тогтоодог. Өнөөдөр БЗХӨ-ий 15-20% нь цусанд шинжилгээ хийж байж илэрч байна. Үүнийг залуучууд тодорхой ойлгоогүйгээс мазокийн шинжилгээнд найдан эрсдэлтэй бэлгийн харилцаанд их орж байна. БЗХӨ нэг дор байж байдаг зүйл ч биш. Эрэгтэйн бэлэг эрхтэн дотор өсч үржээд, нас бие гүйцээд ирэхээрээ эмэгтэйд шилждэг нян ч байна. Тэнд очоод хоорондоо нийлж өсөцгөөгөөд эмэгтэйгээсээ дахиад бэлгийн харилцаагаар эрэгтэйд дамжиж ирдэг. Энэ циклээр залуусын дунд БЗХӨ хамгийн их тархсан байна. Охид залуус маань эрүүл мэнд, тэр дундаа бэлгийн харилцааны талаар косметик шигээ сайн мэддэггүйгээс ийм байдалд хүрчээ. Бэлгийн харьцаанд орохгүй бол жирэмслэхгүй, БЗХӨ авахгүй юм байна гэж зарим залуус боддог байх. Энэ мэдээж хамгийн сайн арга л даа. Гэхдээ хүн биологийн бүтээгдэхүүн. Энэ талаасаа ганцхан үүрэгтэй. Тэр нь үржих. Бүх амьтантай адилхан. Ухамсартай амьтны хувьд энэ асуудал арай өөр түвшинд яригдана. Жишээ нь, гэр бүл болж байж бэлгийн харьцаанд орж, хүүхэд гаргана гэх мэт. Манай залуусын уламжлалт мэдээлэл авдаг арга бол найз нөхдөөсөө сонсох. Найз нөхөд өөрөөс чинь илүү, бас үнэн зөв мэдээлэлтэй байж чадах уу гэдгийг бодох хэрэгтэй.

Эрүүл мэндийн мэдээллийг ямар аргаар өгвөл илүү үр дүнтэй вэ? Нас насныханд сонирхдог хэлбэрээр нь өгөх хэрэгтэй. 4-5 настай балчир хүүхэд, өсвөр насныхан, залуучууд, ахмадууд өөр өөр сонирхолтой учраас мэдээлэл хүргэх арга ч өөр өөр байна. Харамсалтай нь, манайхны хамгийн их мэдээлэл авдаг нь телевиз, интернэт хоёр таван настай хүүхдэд ч, тавин настай ахмадад ч адил түвшний мэдээлэл хүргэж байна. Бүгдэд цацаж байгаа энэ хэрэгслээрээ ядаж сөрөг биш, эерэг зөв мэдээлэл хүргэмээр байна. Сайн юм, сайн хүн Монголд зөндөө бий. Саарыг ярихгүй байвал сайныг олж харна шүү дээ. Гэмт хэрэг боллоо гэхэд олон нийтэд, ялангуяа хүүхдүүдэд заавал ярих шаардлагатай юу? Архи ууж, тамхи татаж, танхайрч болохгүй гэж араас нь хэлээд ч нэмэргүй. Яагаад гэвэл, хамгийн түрүүнд сонссон мэдээлэл нь тархинд үлддэг. Өөрөөр хэлбэл, архи ууж, тамхи татаж болдог юм байна гэдэг ойлголт шууд буудаг. Мэдээлэх хэрэгтэй бол ядаж “ингэж шийтгэжээ” гэж мэдээлж болно шүү дээ. ЕБС-ийн 6-7-р ангид эрүүл мэндийн хичээл үздэг. Гэхдээ түүнийг эмч биш, багш нар заадаг. Биологийн эсвэл биеийн тамирын багш зааж байгаа. Мэргэжлийн бус хүмүүс зааж байгаа учраас илүү нарийн мэдээлэл өгч чаддаггүй. Тэглээ гээд эмч нар дунд сургуульд хичээл заагаад явах боломж бас алга. Эмч нарт ч энэ талын боловсрол, заах арга барил эзэмшүүлээгүй шүү дээ. Гэхдээ сүүлийн үед энэ тал дээр нэлээн ажиллаж байгаа. Эрүүл мэндийн сургагч нарыг бэлтгэхээр чармайж байна. Тэднийг нарийн мэргэшүүлэх курсид суулгаж, залуусын дунд оруулахыг зорьж байна. Өмнө нь эмч нарт хүн эмчил, мэс засал хий гэж л заадаг байснаас нийгмийн эрүүл мэндийн асуудал, эрүүл мэндийн боловсролыг олон түмэнд хүргэх арга техник огтоос хамаагүй байлаа.

Эрүүл мэндийн боловсрол олгохын тулд өмнө нь гарч яриад үр дүн төдийлөн өгөхгүйг би туршлагаасаа анзаарсан. Жишээлбэл, 6-р ангийн хүүхдүүдэд хөвгүүд, охидоор нь тусдаа мэдээлэл өгөхөд хүлээж авахгүй байсан. Түүний оронд шүтэн биширч байгаа орчинд нь орж, чөлөөт цагаа өнгөрөөж байгаа нөхцөлд нь орж байж ярилцах ёстой санагдсан. Хичээлийн маягаар биш олон нийтийн үйл ажиллагааны арга барилаар өгөх хэрэгтэй. Өнөөдөр ийм хэмжээний мэргэжлийн эмч, багш нар манайд бэлтгэгддэггүй. Охид гоё байхыг, хөвгүүд мундаг байхыг хүсдэг. Энэ хоёр бүтцийн дотор орж байж л асуудлыг зөв хэлж өгч, шийдэж чадна. Тухайлбал, хамтлагийн тоглолт, циркийн үзүүлбэр хамт үзэж байхдаа шийдэж явдаг сургалтын арга барил илүү үр дүнтэй байна гэж боддог. Олон улсад ч ийм туршлага их бий. Гаж хэлбэрээр бэлгийн харьцаанд ордог гомо, лесби зэрэг урсгал эрүүл мэндийн боловсрол буруу тийшээгээ явчихсан нөхцөлд үүссэн юм. Хоёр залуу бие бялдартаа гардаг жаахан өөрчлөлтийг буруу тайлбарласнаас үйл ажиллагаа нь тийшээ явсан гэдэг судалгаанууд байдаг. Анхнаасаа гаж донотон биш мэдээллээ буруу авсан гэсэн үг. Ялангуяа Европын орнуудын эмч нар үүнийг хүлээн зөвшөөрөөд, манайх шиг хөгжингүй буурай орнуудад тэр алдааг битгий гаргаасай гэж энэ зөвлөмжийг өгөөд байгаа. Тэдний зөвлөмж бол “залуусын дунд орох боловсон хүчнийг бэлд” гэдэг.

Эмч, багш нараас гадна эрүүл мэндийн боловсрол олгогч тусдаа бүлэг нийгэмд гарч ирэх ёстой гэсэн үг. Хүний эрүүл мэндийг өвчилсөн хойно нь биш урьдчилан сэргийлж, анхнаас нь өвдүүлэхгүй байлгах бодлого дэлхий нийтээр баримталж байгаа шүү дээ. Монгол орон газар нутаг томтой, баялаг ихтэй, мундаг түүхтэй гэдгээрээ бахархдаг. Үүнээс гадна эрүүл монгол хүнтэй гэж бахархах хэрэгтэй байна гэдэг үгээр энэ бяцхан яриагаа өндөрлөе.

Баярлалаа.


One response to “Лекц No 25. “Хатагтай” эмнэлгийн ерөнхий эмч, анагаах ухааны доктор А.ОТГОНБОЛД: Монгол тэмүүлэл бол Монголын хөгжлийн залуур юм

  1. cathy says:

    Би өчигдөрхөн энэ эмчид үзүүлж ирээд бүүр гайхаш тасраад сууж байлаа. Харилцааны соёлгүй, хүнийг элдэвээр доромжилдог муухай хүн байна лээ. Хамгийн анх хүүхэдтэй болохоор төлөвлөөд, биеээ үзүүлэхээр Хатагтай эмнэлэгт өнгөрсөн зун очсон юм. Тэгэхэд нэг залуухан эмэгтэй эмч байсан. Тэр эмч бол дажгүй, бүх хэрэгсэлээ шинээр нүдэн дээр минь задлаад үзэж өгсөн. Тэгээд намайг савны улайлттай байна гэж оношлоод метронидазоль эм бичиж өгснийг хэрэглэснээс хойш доорх минь загатнаад байдаг болсон. Анхандаа тоохгүй явсаар сүүлдээ тэсвэрлэхийн аргагүй загатнаад, өчигдөр дахиад Хатагтай эмнэлэг дээр очвоо. Гэтэл энэ Отгонболд гэдэг эмч лабораторидоо шинжилгээгээ хийлгээд ир, олон долоон юм битгий яриад бай гэснийх нь дагуу шинжилгээгээ өгөөд иртэл (шинжилгээ өгсөн Оношмед нь цэвэрхэн, үйлчилгээ сайтай байсан. Мөн шинжилгээ мөөгөнцөртэй гэж гарсан), шинжилгээ чинь зүв зүгээр байна шд, юундаа маяглаад байгаан гэх юм. Загатнаад зовиуртай байна, Метронидазолийг хэрэглэснээс болсон байх гэтэл надтай битгий ном хаялцах гээд бай, би германд сургууль төгссөн мундаг эмч ухааны л юм ярилаа. Би ч гайхаад өвчтөн хүн өвчнийхөө бүх түүхийг л эмчдээ ярих хэрэгтэй биз дээ гэтэл, би чамайг үзэж эхлээгүй байна эмч чинь биш гэх юм. Заа тэгвэл үзүүлэх гэж ирсэн юм гэтэл хүн бүр л мөөгөнцөртэй байдаг юм зүв зүгээр байна гэртээ харь харь гээд хөөх юм. Гайхаад загатнаад байгаагаа дахиад хэлтэл, “тэгвэл эход харуул эсвэл гэртээ харь” гэлээ. Бас жилийн өмнө үзүүлснээс чинь хойш чи өөрөө өч төчнөөн л янзын бэлгийн харьцаанд ороо байлгүй. Өөрөө яаж яваад мөөгөнцөртэй болсон ч юм хэн мэддэг юм гэлээ. (Арай ч хүнийг ингэж доромжилж болохгүй байхаа, би бол нөхрөөсөө өөр эр хүнийг үзэх битгий хэл бодож ч явсангүй) Заа нэгэнт үзүүлэх гээд ирснийх ааштай ч гэсэн энэ эмчид үзүүлье гэж бодоод, үзүүлтэл, дотуур дурангаа өмнөх хүнд хэрэглэсэн тэр чигээр нь ариутгах ч үгүй, бэлгэвч хэрэглэх ч үгүй (өмнө нь эмэгтэй эмчид үзүүлэхэд шинэ бэлгэвч задлаад дурандаа углаж байгаад дотор минь хийсэн юм) шууд хийчлээ. Юу ч хэлж чадахгүй шоконд ороод гарсан. Тэгээд зүв зүгээр л байна, дажгүй л охин байна шд, нөхөр мөхөр олддоггүй юмуу гэх юм. Нөхөртэй гэдгээ хэлтэл, тэгвэл юу гээд хүүхэд мүүхэд төрүүлэхгүй яваад байдаг юм. Хүүхэд төрүүлэхгүй байгаа болохоор л ингэж байгаа юм гэлээ. Тэгээд заа ийм хүнээс илүү юу сонсохов гээд дугай л байлаа. Тэгээд надад ямар ч эмчилгээ бичиж өгөөгүй, доорх минь загатнаад л явж байна. Аан бас тэгээд надаас илүү төлбөр авчихсан. Урд нь үзүүлэхэд би 2 янзын үйлчилгээ аваад нийтдээ 30.000-г төлж байсан. Сая ганц үйлчилгээ үзүүлэхэд надаас 35.000-г авсан. Энэ хооронд үнэ нь нэмэгдсэн юм байх дээ гээд гарахдаа гадаа нь байдаг үнийн листийг нь хартал эхо нь 20.000 гээд хэвээрээ байсан. Миний өмнө үзүүлсэн 2 эмэгтэй надтай яг адил үйлчилгээ авсан 2-уулаа надаас багыг төлсөн байхыг нь гадаа төлбөрөө хийхдээ төлбөр авч буй охины дэвтэр дээрээс би олж харсан юм. Хотын охин уу энэ тэр гээд асуугаад байсан тэгээд л илүү төлбөр биччихсэн бололтой гэж бодсон. Ийм эмч байдаг юм уу? Одоо ийм хүн эрүүл мэндийн сайд хүртэл байсан юм уу? Бараг зөвлөгөө авч, үзүүлэх гэж очсон биш, эмнэлэгт үзүүлээд, багаж хэрэгслээс нь өвчтэй болоод гарах юм байна л даа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: