for QLD Mongol

Куинсландын Монголчуудын Холбоо

Лекц No 24. Ж.ДҮГЭР – Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн захирал, Ардын багш: ИЛҮҮ САЙН СУР, ИЛҮҮ БҮТЭЭЛЧ АЖИЛЛА, ТЭГЭЭД ИЛҮҮ САЙХАН АМЬДАР

on Хоёр дугаар сар 17, 2013

j

Амьдрах ухааны талаар 21-р зуунд Монголыг авч явах эзэдтэй бодлоо солилцох завшаан олдсонд баярлаж байна. “Монгол тэмүүлэл-СМО” ТББ-аас “Боловсрол суваг” телевизтэй хамтран эх орноо яаж хөгжүүлэх вэ, ард түмнийхээ сайн уламжлалыг яаж хэрэгжүүлэх вэ, өөрийгөө яаж танин мэдэх вэ, амьдрах ухаанд яаж суралцах вэ зэрэг чухал сэдвээр янз бүрийн салбарын төлөөллийн залуустай уулзуулдагт олзуурхдаг юм.

Би олон сэдэв хөндөж ярилцахаар төлөвлөж ирлээ. Хамгийн түрүүнд хэлэх санаа маань “Монгол улсыг монгол хүн л хөгжүүлнэ”. Монгол хүний оюун ухааныг магтахаас аргагүй. Үе үеийн мэргэд, олон зууны тэртээх ахмадууд, энэ сайхан газар нутагт амьдрах арга ухаанд хүмүүсийг сургаж, бидэнд өвлүүлжээ. Түүнийг орчин үеийн ертөнцтэй холбон хөгжүүлэх нь бидний чухал зорилт юм.

Амьдрал бүр эртнээс эхлэх учиртай. Төрөхөөс ч өмнө, эхийн хэвлийд торних үеэс эхлээд хүүхдийнхээ төлөө анхаарч, зөв хэвшилд дадлагажуулах ёстой юм. Өнөөгийн хөгжилтэй орнууд ч, эртний түүхт монголчууд ч эрүүл хүн төрүүлэхэд онцгой анхаардаг. Сайн хүүхэд төрүүлье гэвэл нөхөн үржихүйн үеэс нь эхлэн хүмүүжүүлнэ. Хэвлийд бүрэлдэн тогтож буй ургийг аав ээж нь хайрлаж, сайхан хүүхэд гарна гэж сэтгэлзүйн хийгээд үйл амьдралаараа дэмжиж өгөх хэрэгтэйг эрдэмтэд судлаад хэлж байна. Одоо бол шинжлэх ухаан хөгжиж, аппаратаар харж чаддаг болчихлоо. Өмнө нь сэтгэлзүйгээрээ төсөөлж, тэжээдэг байлаа.

Эхээс төрсний дараа хүн болгох нь амьдрах ухаантай холбогдох дараагийн асуудал. Шинээр төрсөн хүүхэд ангир шар уургаа амлахаас амьдрах ухаан эхэлнэ. Хөл хэлд орно. Хотын хүүхэд цэцэрлэгт, гэрийн хороололд, орон сууцны орчмын тоглоомын талбай, орцонд өсөж, хөдөөгийнх бол хонь хургатайгаа хөөцөлдөөд амьдралд хөл тавина. Ингэж орчинтойгоо харилцах бүртээ амьдрах ухаанд суралцана. Цэцэрлэгийн хүүхэд наад зах нь гутал, хувцасаа өөрөө өмсөж, нүүр гараа угааж, унтахдаа хувцасаа орныхоо толгойд эвхээд тавьчихдаг хэвшилд суралцана. Хөдөөгийн хүүхэд хурдан морио унаж, хурга ишиг хариулж, хонь ямаагаа сааж, цэвэр агаарт хөл нүцгэн дэгдэж явахдаа байгаль эхээс сайхан энерги авч эрүүлжиж байдаг.

Амьдрах ухаан жижиг зүйлээс эхэлнэ. Би хагас зуун жил хүүхэд, залуустай ажиллаа. Үүний дотор сүүлийн 21 жил өнчин, хагас өнчин амьдралын бэрхшээлд зүдэрч яваа хүүхдүүдийг хөгжүүлж, хүмүүжүүлэх ажилд биечлэн оролцож байна. Тэднийг хүн болгон улсдаа хүлээлгэж өгөх амаргүй, хариуцлагатай ажил эрхэлдэг, нөгөө талаар эцэг хүн учраас энэ бүхнийг харьцуулан дүгнэж байна. Амьдрах ухааны цөм нь өөрийгөө хөгжүүлж, амьдрах нөхцөлөө биелүүлж чадах дадлага юм.

Эцэг эхийн үүрэг үүнд нэн тэргүүнд чиглэгдэх ёстой. Эцэг эх, ах дүү, төрөл төрөгсөд ямар байна, хүүхдүүд тийм л болж өсдөг. Аав архи ууж тамхи татдаггүй, ээж үргэлж инээмсэглэдэг, хүүхэдтэйгээ эвсэг зөөлөн харилцдаг, ааш зан сайтай, орчныхоо ах дүү, төрөл төрөгсөд, хүмүүстэй найрсаг, арга эвийг олдог, өөрөө ажилсаг бол тэднийг дуурайна. “Эх нь хээр алаг бол, унага нь шийр алаг” гэсэн ардын зүйр үг байдаг. Ялангуяа эмэгтэй хүүхэд ээжийгээ илүү дуурайдаг шүү. Аав ээж хоёр үргэлж хэрэлддэг, хараал хэлдэг, үлгэргүй бол хүүхэд мөн тийм төлөвшилтэй болно.

Дараагийн гол хүчин зүйл бол орчин. Сүүлийн жилүүдэд мэдээллийн хэрэгслүүдээс буруу хүмүүжил авах хандлага нэмэгдсэн. Үүнийг зөвөөр тайлбарлаж ухааруулахаас өөр арга алга. Энэ бол орчны нөлөөлөл юм. Сүүлийн үеийн хэллэгээр, юутай нөхөрлөнө, тийм энерги цуглуулна. Түүхээ, гол үндэсний уламжлалаа маш сайн мэдэх нь хүн болохын үндэс. Үүнийгээ мэддэггүйгээс манайтай жиших аргагүй, тааруу, гаж, буруу соёл, шашин магтаж, даган дуурайж байна. Өв соёлоо мэдэхийн төлөө их уншдаг, их мэдээлэл цуглуулдаг хүн улам л цөөрч байна.

Монгол угсаатны соёлын уламжлал,ахуй амьдралыг багаас нь ойлгуулж ухамсарлуулахгүй бол дэлхий даяаршиж байгаа энэ үед Монгол хүн бүр ухамсарлаж, мэддэг бүхнээ үр хүүхэд удамдаа, ахмад настан буурлууд ойлгуулах хэрэгтэй. Нөгөө талаар хүүхэд залуучууд ч судалж уншиж мэдэх нь Монгол хүн бүрийн эрхэм зүйлээ.

Бие дааж амьдралд суралцах хамгийн гол чадвар, наанадаж ээжийгээ хоол хийхэд туслаж байгаад сурчихдаг, эгчээ угааж индүүдэхэд дадлагажчихдаг хүн амьдралд чадамгай болдог. Энгийн энэ мэт үйл ажиллагаанаас л амьдрал эхэлдэг юм шүү дээ. Сайн үг заавруудыг тархиндаа шингээж аваад бүтээлчээр ашиглах чадвар бас чухал.Тариа ногоогоо тарьж чаддаг байх хэрэгтэй. Сая таван зуун мянган хавтгай дөрвөлжин километр нутгаа эзэнгүйдүүлэхийн оронд өрх бүр хүнсний ногоо тарьж, эзэмшиж чадаагүй л байгаа.Зарим орон далай дээр амьдарч, байшингийнхаа орой дээр ногоо тарьж, загас замаг юухан хээхнээр хооллоод, газраар биш завиар гэртээ очоод болоод л байна. Амьдрах ухаанд тэд сайн суралцсаны дээр ашиглаж чадаж байгаа хэрэг шүү дээ.

Харин Монголд үнэн санаанаасаа хөдөлмөрлөдөг хүн ховордож байна шүү. Тэгш дүүрэн бололцоотой учраас цусанд нь хүртэл цамаан зан урсаж байдаг.40 сая давсан малтай мөртлөө ашиг шимийг нь хүртэж чаддаггүй хүмүүс бид л байна. Хот дүүрэн хонь, ямаатай атлаа тараг, ааруул, цагаан идээгээ боловсруулж чаддаггүй, өвс малын тэжээлээ бэлтгэдэггүй малчид ч олон байна. Амьдрах ухаан цай чанахаас эхэлнэ. Цай чанах технологи өөр өөр, тэр хэвээрээ дадлага чадвар чамгүй шаардана.Баруун аймгуудын цай чанах нэг өөр, зүүн чигт огт өөр. Хувцасаа оёх, гутлаа арчих, шүдээ угаахаас эхэлдэг.Шүдээ бөх байлгах, үсээ хагтахаас хамгаалах арга ухаан зэргийг хүүхэд наснаас мэддэг болгох хэрэгтэй. Гэхдээ одоо бүх төрлийн лавлах товчоо бэлэн болчихож. Байхгүй ч юм алга. Харин тэр бүхнийг лавлахаас бус тархинаасаа ухдаг л болох хэрэгтэй. Болно болохгүй гэж загнаж, зандрах биш сэнхрүүлж ухааруулан зөөлөн аясаар ойлгуулах арга эцэг эхчүүдэд дутмаг харагддаг.

Ер нь төв суурин газрын онцлог энэ болчихоод байх шиг.Хүүхэддээ ойр байх завгүй гэлгүй хүүхэдтэйгээ ажиллах цаг хугацаа заавал гаргах хэрэгтэй. Аав, ээжүүд өглөө эрт гараад шөнө орой ирж хүүхдүүд гэртээ зөнгөөрөө өсөж торниж байна шүү дээ. Тэгэж ажиллахгүй бол цалин мөнгө хүрэлцэхгүй, амьдрал хүндхэн байна. Гэхдээ л хүн өөрийнхөө төлөө, хүүхдийнхээ төлөө, улс орныхоо ирээдүйн төлөө л энэ хорвоод амьдарч байна гэдгээ алхам тутамдаа санаж бодож амьдрах ёстой. Зөвхөн хувь хүний өөрийн үйл ажиллагаанаас л шалтгаалж байна. Сайн аж төрж, ажиллаж, нийгэмдээ өөртөө хэрэгтэй бүхнийг хийж байгаа олон сайхан залуучууд байна.

Би саяхан хөдөө яваад ирлээ.Тэнд сайн юм их байна.Санаачлагатай ажиллаж амьдарч байгаа мянгат малчин болчихсон хүмүүс ч байна. Ажил олдохгүй, орлогогүй нөхцөлд тэд хэнээс ч гуйхгүй амьдраад л байна. Хот газарт сайн муу хоёр тал бий. Өнөөгийн залуус, бидний үеийн оюутнууд хоорондоо тэмээ, ямаа шиг өөр байна. Бидний үед оюутнууд цалинтай байлаа.

Би оюутан байхдаа оюутны зөвлөлийн даргын цалин 80 төгрөг, Сүхбаатарын нэрэмжит цалин 450 төгрөг, нийт 530 төгрөгийн цалинтай УБДС-ыг төгссөн. Тэр үед хүний бага эмч, бага ангийн багшийн цалин 430 төгрөг байсан. Гэхдээ бид практик дадлага голдуу хийж, уйгагүй зүтгэж байж дээд сургуульд конкурс өгч, тэнцвэл сурдаг байлаа. Одоо дээд сургуульд орох хамгийн амархан байна. Харамсалтай нь төгсөж гараад ажилгүй хоцорно. Манай байгууллагад саяхан дээд сургууль төгссөн инженер хүн цэвэрлэгчээр орсон. Би тэр хүнийг буруутгаагүй байгаа.Олонх нь ажил олдохгүй болохоор гадаад оронд очиж ажиллана гээд хүлээн гэртээ сууж байхад тэр хүн цэвэрлэгч ч хамаагүй хийж хөдөлмөрлөөд явж байна. Хөдөлмөр хүнийг голохгүй. Үнэндээ манайд ажлын байр зөндөө байгаа. Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн ахлах ангийнхан, багш нарынхаа удирдлага дор жилд 5-10 га газар ногоо тарьдаг. Муухан агрономчоос илүү дадлагажаад төгсдөг.

Тэд том болоод гэрлэж, хүнтэй сууж, гэр бүл болохоороо ногоогоо тариад хүнсэндээ хэрэглэж чадна.Цааш яривал түүнийгээ борлуулаад бусдаас цалин авахгүй ч гэсэн амьдраад байж чадна.Монгол улс газар нутаг уудам, хүнсний ногоо тариалах талбай элбэг газар байна.Үүнийг зөвөөр ашиглаж газраар баяжих боломжтой сайхан газар төрсөн хувь заяатай ард түмэн. Иймд жижиг гэлгүй газартай зөв харьцаж сурсан олон хүнтэй болох тусам улс хурдан хөгжинө. Бэлэн зэлэнд туйлж өссөн хүүхэд өчүүхэн зүйл дутагдахад ч бууж өгдөг. Автобусны мөнгөгүй, хоолгүй болох үе тохиолдоно шүү дээ.

Ялихгүй ч гэсэн дутагдлыг арилгаж, сайн санаж явах сэтгэл чухал. Өнөөгийн ажиглалтаас үзэхэд дутагдлыг дөвийлгөж ярих,мэдээлэл бичих, мянгад нэг тохиолдсон асуудлыг улс орны хэмжээнийх болгож дэвэргэх үзэл газар авчээ. Улс удирдаж яваа түшээд ч, аливааг санаачилж байгаа хүмүүс ч монгол уламжлал, арга ухаанаа бүрэн сурчихсан хүмүүс ч биш. Сайн сэтгэлийн санаачлагаар хамтдаа засч залруулах хэрэгтэй. Бусдыг хэдийчинээ муучилна, төдийчинээ муу энерги өөртөө хураана. Ийм хүний үйлс бүтдэггүй юм. Өнөөдөр сайхан харагдавч, маргааш бурханы шийтгэл хүлээж байгаа. Итгэл үнэмшил, зорилго дэмий зүйл биш. Энэ түвшинээс маргааш тэр түвшинд хүрнэ гэсэн хүсэл зорилготой явбал бүтэхгүй юмгүй гэж боддог.

Хүүхдийг урмын үгээр мялааж, баярлуулж, сайн бүхнийг нь дэмжээд байвал амьдралыг ойлгодог, зөв хүмүүжихэд нь нөлөөлнө. Би багаасаа ааваасаа өнчирч, 5-р ангиасаа сургуулиас гарсан хүн. Тэр цагаас хойш өөрийгөө хөгжүүлэхсэн, хүний дайтай амьдрахсан гэж явсаар нэг мэдэхэд өнөөдөртэй золгосон. Өшөө цаашид хийх зүйл их байна. Төлөвлөж бодож сэтгэсээр явна. 2009 онд 62,5 хэвлэлийн хуудас “Хагас зууны Халиун” гэсэн өөрийн төрж өссөн нутаг, Монгол улсын хөдөлмөрийн баатар Г.Лодойхүү, Сүхбаатарын хошой одонт А.Цээсүрэн нарын хамт үүсгэн байгуулж, залуу насандаа залуучуудын даргаар ажиллаж байсан сумынхаа тухай ном, 39,5 хэвлэлийн хуудас Монгол улсын өнчин хүүхдийн гэр орон болсон Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн 35 жилийн ойд зориулсан “Өнөр бүлийнхэн” зэрэг ном бичиж хэвлүүллээ. Нэг кино, хоёр клиппийг хянан зөвлөгөө өгөв. Монгол орон тун амархан хөгжих нөхцөлтэй.

Байгалийн бүтээгдэхүүний орон. Социализмийн үед авууштай уламжлал олон байлаа. Нэгдэл, пионерийн байгууллага одоо ч хэрэгтэй. Харин нэр томъёо ажиллах арга нь өөр байх. Нэгдэлийг компани, хоршоо болгон хөгжүүлэхгүй бол жалгын нэг тархсан хувийн аж ахуйтай өрх, айл зуд болоход яаж ч чадахгүй мал сүрэг нь хорогдож, хүний амь нас ч эрсдэх аюултай юм. Түүхэн хүмүүсийн дурсамжийг уншиж байгаарай гэж зөвлөе.

Дурсамж гэдэг бол тухайн хүнээс гадна нийгмийн бодит түүх шүү. Социализмын үеийн залуус одоогийнхоос өөр ялгаатай санагддаг. Тэр үед бүх тогтолцоо нэг намын харъяанд учраас нэгдсэн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө бүтээлцэж байлаа. Атар газар эзэмших, хот бүтээн байгуулах гээд л өнөөгийн ажил амьдралын эхийг ахмад үеийн хүмүүс хийсэн.

Энэ бүх ажлыг Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүн залуус л гардан зохион байгуулалцсан юм. Иймээс ч Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийг МАХН-ын дайчин туслагч гэдэг байв. Бас бүх юм цензур шаардлага, хатуу хяналттай байлаа. Бодлого шийдвэрийг биелүүлэгч, хэрэгжүүлэгч учраас ингэж үнэлэгдэнэ биз дээ. Өнөөдөр хичнээн уриалаад ч нэгтгэж хөдөлгөх хэцүү. Яагаад гэвэл хүн бүр өөрийн гэсэн үзэл бодол, зорилготой. Ардчиллын буянд бид сайхан эрх чөлөөг эдлэх бололцоо нээлттэй байна. Энэ талаар залуус дэндүү гоё эрх эдлэж байна. Эрх чөлөө эдлэхдээ нэг зүйлийг анхаармаар санагддаг.

Хэдий чинээ эх орныхоо төлөө гэж гарч ирнэ, өөрийнхөө төлөө явж байна гэсэн далд хуультай. Иймд бодлоо улам сайн уралдуулах хэрэгтэй. Өөр нэг ялгаа бол өнөөгийн залууст дэлхийн аль ч өнцөг булангийн хэнтэй ч харилцах боломж байна. Бидний үед Америк мэтийн капиталист орны нөхөдтэй захидлаар харилцах ч боломжгүй байлаа. Харилцаа өргөн байх тусмаа хөгжлийн бүтээлч хандлага нэмэгдэнэ. Ялгаатай нь ийм сайхан цаг үед зарим залуус үүргээ муу биелүүлж байна.

Энд л өнөөгийнхэн онцгой анхаарах хэрэгтэй юм. Эрхээ хэтрүүлж үүргээ муу биелүүлвэл эмх замбараагүйтэл л улам даамжирна. Зам барьж байсан компаний захирал надтай уулзаад “Манай залуус цалингаа буухаар ажлаа орхиод, архи уугаад алга болчихдог. Гадныхан тэгдэггүй учраас би ажиллуулах дуртай” гэж хэлсэн. Гэтэл харьд ажиллаж яваа монголчууд тийм биш. Үүрээр яваад шөнө харьж явахдаа хүртэл үүргээ ухамсарлаж байдаг. Тэгэхээр хүнд биш, орчинд шалтгаан байна гэж хэлмээр байгаа биз. Өнөөгийн залууст сурах, ажиллах нөхцөл нээлттэй. Сумын албан хаагч багш байсан бүсгүй, нөхөртэйгээ хэдэн жилийн өмнө малчин болж, одоо хоёр мянгат малчин болж, илүү сайхан амьдарч байна. Сайхан амьдрах, ажил хийгээд амжилт гаргах нөхцөл манайд бий.

Би Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн 8-р ангийг төгссөн гурван охиныг АНУ-д ажилладаг Монгол үндэстэн Чимидийн Энхээгийн тэтгэлгээр сургалтанд хүргэж өгсөн. АНУ-д манай төгсөгч 10 шахам хүүхэд сурч ажиллаж байгаа юм. Тэдний дунд Дашийн Нямсүрэн гэж охин маань тэнд их сургууль төгсөөд багшилж, ажиллаж байгаад одоо тэнд суралцаж , гэр бүлээрээ нөхөр хоёр хүүхэдтэйгээ амьдарч байна. Нямсүрэн манайд суралцаж байхдаа оны шилдэг хүүхдээр шалгарч байсан. Түүнд ганцхан санал тавьсан. Вашингтон хотод хотод ажиллаж байгаа Монгол хүүхдүүд монгол хэлгүй болчихсон, бичиг үсгээ мэдэхгүй байгаа нь ажиглагдсан тул сургууль байгуулахыг зөвлөсөн юм. Гэтэл одоо тэр хүүхдүүдэд монгол хэл заадаг сургууль байгуулсан тухайгаа захидал бичиж, захирал болж хүн удирдах ажлын бэрхшээлийн тухай бичсэн байв. Мөн миний шавь Доржпүрэв, манайхыг төгсөгч Эрдэнэцацрал хоёр гэр бүл болоод тэнд амьдарч байна. Эрдэнэцацрал ерөнхийлөгч П.Очирбат гуайг манай төвд зочилоход “Эрэл хүслийн дуу”-г дуулж ерөнхийлөгчийг уяраасан дуу, уйлуулсан дуу гэж нэг хэсэг сонин хэвлэлд бичигдэж байсан. Энэ дуугаар олон өлссөн хүүхэд гудамжинд сууж, гуйлга гуйж, мөнгө олж нэг үе амьдарсан даа. Доржпүрэв нь өдөр ажлаа хийгээд амралтын цагаараа монголчууддаа жолооны дадлагын ажлыг хувийн машинаараа зааж, тэндэхийн хөлснөөс хямд мөнгө авч тусалж байгаагаа ярьж байсан.

Иймээс амьдралд үнэнч шудрага, бага гэлгүй санаачлага, сэтгэл гарган ажиллаж байгаа өнөөгийн залуус гадаадад ажиллаж байгаа хоёр жишээг дурьдахад ийм байна. Бидний үед бол хувийн амьдралдаа хөрөнгө цуглуулж болдоггүй байлаа. Бүх ажил үйл олон нийтийн төлөө чиглэдэг байсан. Энэ мэтчилэнгээр ардчиллын үеийн залуус та нарт олон сайхан боломж байна. Гагцхүү зөв зам сонгож, зөв үйл хийх нь та нарын сонголт.

Өнөөдөр Монголын залуучуудын дотор төр улсаа удирдаж, түмэн олныхоо төлөө зүтгэж урлаг спортоор дэлхийн түвшинд Монголоо дуурсгаж, эх орныхоо хөгжлийн төлөө хөдөлмөрөө зориулж яваа олон сайхан хүмүүсээс суралцаж, хүн бүр үйлдвэрлэгч, санаачлагч байх нь бидний Монгол улсын хөгжлийн гарц юм. Мэдлэгтэй ухаантай хүн өөрийгөө ч, эх орноо ч хөгжүүлнэ. Илүү сайн сур, Илүү бүтээлч ажилла, Тэгээд илүү сайхан амьдар.


One response to “Лекц No 24. Ж.ДҮГЭР – Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн захирал, Ардын багш: ИЛҮҮ САЙН СУР, ИЛҮҮ БҮТЭЭЛЧ АЖИЛЛА, ТЭГЭЭД ИЛҮҮ САЙХАН АМЬДАР

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: