for QLD Mongol

Куинсландын Монголчуудын Холбоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сар шинийн баярын босгон дээр зарлиг гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын өндөр дээд шагнал -цол, одон медаль хүртээлээ.

on Хоёр дугаар сар 9, 2013

0c622c97ffe5ea57original

b0e1f620a0dccacboriginal

c3cf2dd2038d1023original

4d9e76546216626aoriginal

0a092755b8bd93b8big

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Тийн ялгуусан” хэмээх харагчин усан могой жилийн сар шинийн баярын босгон дээр зарлиг гаргаж, олон жилийн хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа онцгойрсон багш, эмч, малчин, барилгачин, эрдэмтэн, жолооч, тогооч, офицер, төрийн албан хаагч, жүжигчин зэрэг зарим хүнд өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Ардын болон Гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор Мал аж ахуйн салбарт дөч гаруй жил тасралтгүй хөдөлмөрлөн буянт мал сүргээ өсгөн үржүүлж, үүлдэр угсааг нь сайжруулж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн шандаст олон хүлгийн хурд угшилыг хамгаалан өсгөж, уяа сойлгыг тааруулж, наадамчин түмнээ олон жил баясгаж, Монгол адууны соёлд оруулсан онцгой хувь нэмрийг нь үнэлж удам дамжсан Монгол Улсын Тод манлай уяач, судлаач, гавьяат малчин Данзаннямын Даваахүүг,

Монгол Улсын Ардын жүжигчин цолоор “Агуйн нууц”, “Талын цуурай”, “Тус биш, ус”, “Хонины найр”, “Бүлээн нурам”, “Уул усны үр сад”, “Сахиул уу, сахиус уу” зэрэг киноны гол дүр, “Эх бүрдийн домог”, “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” зэрэг киноны туслах дүрд тоглон, “Тунгалаг Тамир” киноны Цахиур Төмөр, “Зэрэг нэмэхийн өмнө” киноны Зайран зэрэг орчуулгын болон уран сайхны кинонд дуу оруулж, сэтгэлд хоногшсон олон бүтээл туурвин кино урлагийн салбарт давтагдашгүй өвөрмөц түүхийг бүтээхийн сацуу ерөөл магтаал, морин хуурын эрдмээ залуу үеийнхэнд өвлүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж,Монгол Улсын гавьяат жүжигчин Нямын Дагийранзыг,

Монгол Улсын Ардын багш цолоор Хичээл заах ур чадварын улс, хот, дүүргийн тэмцээнд олон удаа амжилттай оролцож, сургалтын өгөөжийг дээшлүүлэх, өөрийн бүтээлч арга барилыг дэлгэрүүлж, бага ангийн сурагчдын авъяас чадварыг нээн хөгжүүлж, сурган хүмүүжүүлэх үйлст оруулж буй их хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын гавьяат багш Лхамын Гантөмөрийг,

Монгол Улсын Ардын эмч цолоор Монгол Улсын эрүүлийг хамгаалах салбарт олон арван жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, нүдний хавдар, эмгэгийг оношлох, мэс засал, эмчлэх арга барилыг боловсруулан нүдний нөхөн сэргээх мэс заслыг нэвтрүүлж, нүд судлалын судалгааны чанартай бүтээл туурвин, шилдэг олон шавь нарыг бэлтгэж, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын гавьяат эмч Эрзийн Санжааг,

Монгол Улсын Гавьяат багш цолоор Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн, ахмад багш Сэдийн Базар, Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийн ахмад багш Түндэвийн Дулмаа, Нийслэлийн 31 дүгээр сургуулийн зөвлөх багш Дамдины Мижиддорж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн, ахмад багш Зулын Сунрав, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны өндөр настан, ахмад багш Цээпилийн Төвөө нарыг,

Монгол Улсын Хүний Гавьяат эмч цолоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын ”Очир-Увидас” эмнэлгийн зөвлөх эмч Түвдэнгийн Данзанлхагва, Нийслэлийн Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны өндөр настан, ахмад эмч Шархүүгийн Дэжээхүү, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн клиникийн зөвлөх эмч Лувсан-Ойдовын Тулгаа нарыг, Монгол Улсын Гавьяат малчин цолоор Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын өндөр настан, малчин Гаваагийн Нямсүрэнг,

Монгол Улсын Гавьяат мал зүйч цолоор Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн секторын төслийн удирдагч Дуламсүрэнгийн Самданжамцыг,

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор Нийслэлийн БГД-ийн Биеийн тамир спорт хорооны дасгалжуулагч багш Дамчаагийн Жамсранг,

Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор Кино урлагийн дээд сургуулийн багш Шаравын Дэлгэржаргалыг,

Монгол Улсын Гавьяат барилгачин цолоор Нийслэлийн Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны өндөр настан, ахмад барилгачин Лхамын Цэрэндондогийг,

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Монголын үндэсний радиогийн хөгжмийн нэвтрүүлгийн тоймч Чойжамцын Буянхишиг, Монголын Урчуудын эвлэлийн хорооны уран үтээлч, зураач Цэгмидийн Бүдбазар, Ахмад сэтгүүлч, радиогийн ахмад ажилтан Дашболхойн Дамбадаржаа, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны иргэн, ахмад сэтгүүлч Ширнэнгийн Цэен-Ойдов нарыг,

Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төслийн удирдагч Цагаадайн Отгоог, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор “Махимпекс” ХК-ийн гүйцэтгэх захирал Галсангийн Бүдрагчаа, “Мон-Илч” ХХК-ийн захирал Цагааны Бааст, Эрчим хүчний яам, дамжуулах компаний ахмадын хорооны дарга Өлзийжаргалын Доржсүрэн нарыг,

Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Ховд аймгийн Жаргалант сумын өндөр настан, ахмад усжуулагч Халтарын Бавууг,

Сүхбаатарын одонгоор Баянгол дүүргийн 18 дугаар хорооны өндөр настан, төр захиргааны байгууллагын ахмад ажилтанДашдоржийн Дамбасүрэнг, Алтангадас одонгоор Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэн, Алтайн хүдэр ХХК-ийн жолооч Шатарын Мэндэнсүрэнг, Цэргийн гавьяаны одонгоор Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн ажилгааны удирдлагын тасгийн дарга Равдангийн Батцэнгэлийг, Хөдөлмөрийн хүндэт медалиар “Мон жаргалант” ХХК-ийн тогооч Индэгийн Насанбаярнарыг тус тус шагналаа.

Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол дээр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ,

-“Өтгөсөө өргөж, нялхсаа баясгах, ураг төрөл, удам гарвалаа мэдэлцэж хотол олноороо баясан золгох билиг билгүүний дээд сар шинийн баярын мэндийг Монгол түмэндээ хүргэж сайн бүхний ерөөлийг өргөн дэвшүүлье. XVII жарны “Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн босгон дээр, өнөөдөр хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа онцгойрсон багш, эмч, малчин, барилгачин, эрдэмтэн, жолооч, тогооч, офицер, төрийн албан хаагч, жүжигчин гээд гавъяат үйлийн эзэд олон иргэд маань төрийнхөө эрхэм дээд цол, одон медаль хүртэж байна.

Мянганаар тоологдох Монгол төрийн тэгш их ой Монголын тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Энэ түүхэн цаг мөчид Монгол түүхийн давтагдашгүй соёл уламжлал, ёс заншлыг өвлөн хадгалагч түм түмэн малчид, уяачдаа төлөөлөн Монгол Улсын Гавъяат малчин, удам дамжсан тод манлай уяач Данзаннямын Даваахүү мал аж ахуй, монгол адууны соёлд оруулсан олон жилийн онцгой хувь нэмрээ үнэлүүлж манай үе үеийн олон алдарт, эрдэмт, хөдөлмөрч уяачдаас анх удаа Хөдөлмөрийн баатар цол хүртэж байна. Кино урлагт давтагдашгүй дуу хоолой, авъяас чадвараараа ард олныхоо сэтгэлд хүрч, олон дүр бүтээсэн Монгол Улсын Гавъяат жүжигчин Нямын Дагийранз, 40 гаруй жил багшилж олон мянган шавь өсгөж хүмүүжүүлсэн Монгол Улсын Гавьяат багш Лхамын Гантөмөр, Эх орондоо харааны нөхөн сэргээх мэс заслыг нэвтрүүлж, мянга мянган хүнд тунгалаг мэлмий бэлэглэсэн Монгол Улсын Гавьяат эмч Эрзийн Санжаа нар ард түмнээрээ овоглосон Ардын жүжигчин, багш, эмч цол хүртэж байна. Монгол Улсын Гавъяат цолтнуудын эгнээ шинэ гавъяатуудаар өргөжлөө. Энэ өдрүүдэд олон иргэд маань өөр өөрсдийн гавъяа зүтгэлээ төрөөрөө үнэлүүлж байна. Нийт иргэд, нийт шагнагдасдадаа чин сэтгэлийн баяр хүргэе. Ард иргэдийн минь буян өлзий дэлгэрч, үр хүүхэд өвгөд хөгшидийн маань баяр цэнгэл бялхсан сайхан жил гарч байна. Ирж байгаа усан могой жил Монгол түмэнд минь ээл ивээлээ хайрлаж улс орны минь урагшлах зам, хөгжил дэвшил улам улам өөдрөг байх болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэлээ.

http://www.news.mn
http://www.president.mn


Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: