for QLD Mongol

Куинсландын Монголчуудын Холбоо

Хичээл 8. Монгол хүн болохуйн есөн эрдэм

on Хоёр дугаар сар 2, 2013

untitled mongol 9 uxaan

Нийтэлсэн: 2013-02-02 09:00:00

Бидний өвөг дээдэс мэдвэл зохихуйн 25 эрдэм, уламжлал зохихуйн 35 эрдэм. Хаан 73 суу ухаан, Хатан 73 суу ухаан, 950 сэхээрэл, гэрийн онол, моны онол, уялгын онолд боловсрон гэгээрч 1000 хүнсч мал аж ахуйг, 1000 мэргэжилээр бий болгож, амьдралыг амьдрахуйгаар эрхшээж явсандаа тийм аугаа болж хүчирхэгжин дэлхийг засаглаж явжээ. Хүчирхэг хөх өвгөдийн удам болох Монгол түмэн бид өвгөдийнхөө суу ухаанд суралцаж хөх амин чанараа сэргээх цаг ирээд байна. Иймээс манай танхимаас Монгол суу ухааны мэдвэл зохихуйн 25 эрдэм ухаанд багтдаг Монгол хүн болохуйн есөн эрдмийг та бүхэндээ хүргэж байна.

Монгол хүний есөн эрдэм

Элбэрэл, Энэрэнгүй, Хайр гурав нийлээд Хүнлэг чанар.

Шударга, Бат журам, Ёс төгс гурав нийлээд Үнэн чанар

Цэвэр ичимттий, Уужим талбиун, Эвийг эрхэмлэх гурав нийлээд Ноён нуруутэй чанар.

1.Элбэрэл: Элбэрэл гэдэг бол асрал, асрамж, асаргаа. Тэгэхээр элбэрэлийг эрдэм ухаанд суралцаж, боловсорно гэдэг бол бусдыг асрах, асран тэтгэх, асран дэмжих чадвар, сурцыг олж авах явдал юм.

2.Энэрэнгүй: Энэрэнгүй гэдэг нь өрөвч зөөлөн байдал. Тэгвэл энэрэнгүйн эрдэм ухаанд суралцаж, боловсроно гэдэг бол бусдыг өрөвдөх, өрөвдөн ойлгоход, өрөвдөн хамгаалахад суралцах явдал юм.

3.Хайр: Хайр гэдэг бол хамааран хариуцалт, халамж, тус дэм. Иймээс хайрлах эрдэм ухаанд суралцаж, боловсорно гэдэг бол бусдыг дээр доор, сайн муу, гэх ялгал үгүй хамааран хариуцаж, халамжлах, туслах, дэмжих тэтгэхэд суралцах явдал юм.

Энэ элбэрэл, энэрэнгүй, хайр гурав бол монгол хүний хүнлэг чанарыг илэрхийлдэг. Гадна дотныхон монголд ирээд энэ монголчууд гэж жигтэйхэн хүнлэг, хүндлэнгүй хүмүүс юм аа гэдэг. Гэтэл монголчуудынх нь хүнлэг чанар аль хэдийнээ алдагдчихсан. Аль хэдийнээ байхгүй болчихсон. Яг харийнхан шиг байхгүй болчихсон, нүүдлийнхэн шиг алга болчихсон.

Нөгөө нүүж ирж байгаа айлын өөдөөс идээ, цай, тавгаа бариад очдог тэр сайхан хүнлэг чанар байхгүй болчихсон, нөгөө өвдсөн, зовсон ядарсанг ялгалгүй хүнлэг чанар байхгүй болчихсон, нөгөө алдсан, оносон буруудсан зөвдсөнийг бүхнийг түшээд авмаар тэр хүнлэг энэрэнгүй чанар байхгүй болчихсон. Зүгээр л уралдаад л байна, өрсөлдөөд л байна.

Монголчуудын хүн чанар, хүнлэг чанар ийм багассан байхад тэд нар тэгж шагшраад байна гэдэг чинь бид нар ямар их хүнлэг энэрэнгүй ямар өндөр байгаа вэ гэж. Бусад ард түмэнд хүнлэг чанар байхгүй дээ биш. Нөгөө Т.Үйтүмэний хэлдэг шиг илүү илүү байсан, энүүгээрээ монгол хүн ялгардаг байсан, цоройдог байсан, цойлдог байсан. Энийг цоо мэргэн гарах оюун гэдэг байсан.

4.Шударга: Шударга байна гэдэг бол зөвч, чигч, үнэнийг эрхэмлэгч байдал. Өөрөөр хэлбэл буруугаас зөвийг ялгах, муугаас сайныг ялгах, муухайгаас сайхныг ялгах, болохгүйгээс болохыг ялгах, худлаагаас үнэнийг ялгах, баримтлах чадвар. Иймд шударга байх эрдэм ухаанд суралцаж, боловсорно гэдэг нь зөвч, чигч бөгөөд үнэнийг амьдралаас олж харж, түүнийг зөв тогтоох, тодорхойлох, ухаарч ойлгоход суралцах юм.

5.Бат журам: Бат журам гэдэг бол үнэнч, итгэлтэй, тогтвортой, тэнцвэртэй байх чадвар буюу хардалт, урвалт, шарвалтаас ангид байх чадвар. Өөрөөр хэлбэл, хэлсэн ярьсандаа хүрдэг, ярьсан тохирсондоо хүрдэг, товлосон тохирсондоо хүрдэг, амласан тангарагласандаа хүрдэг, андгай тангарагтаа хүрдэг чанар, чадвар юм. Тиймээс бат журмын эрдэм ухааныг эзэмшинэ гэдэг нь аливаа зөвч, чигч, үнэн зүйл болон үзэл, итгэл, зам мөрөөс тийм ч амар хялбар хазайж гуйвдаггүй тогтвортой байдал, аливаа зүйлд ухвар мөчид бодлоор болон сэтгэлийн хөөрлөөр ханддаггүй тэнцвэртэй байдалд суралцах юм. Энгийн хэлбэл яг л байдаг, яс л байдаг, чанар, чадвар билээ.

6.Ёс төгс: Ёс гэдэг бол амьдралын хууль. Ёс төгс гэдэг бол амьдралын хуулиудыг бүрэн, төгс баримталж хэрэгжүүлэх. Тиймээс ёс төгс эрдэм ухаанд боловсорно гэдэг нь амьдралын элдэв хуулийг ягштал баримталж, хэрэгжүүлэхэд суралцах юм.

Тэгвэл шударга, бат журам, ёс төгс энэ гурван чанар нийлээд монгол хүний үнэнээр явдаг, монголчуудын амьдралыг үнэнээр авч явдаг, үнэнээр босгодог, улс орноо үнэнээр босгодог энэ үнэн чанарыг илтгэдэг. Бүхнийг үнэнээр бүтээж байсан. Тэр үнэнийг алтан дээд үнэн гэдэг байсан. Тэгээд чин, чу, хажир гэсэн гурван үнэн байсан. Ингээд монголчуудын үнэний онол руу ордог.

Бүхнийг үнэнээр босгодог, бүгээдэг, эрхшээдэг. Одоо бол эсрэгээр бүхнийг худлаа хийж байна ш дээ. Үнэн худал хоёрын хооронд дөрвөн xypyу зайтай гэж байна шүү дээ. Нүдээрээ харсан бол үнэн, чихээрээ сонссон бол худлаа гэж үзээд энэ хоёрын хооронд дөрвөн хураа зайтай гэчихсэн. Тэгсэн чинь одоо бид нарын нүдээрээ харж байгаа бүхэн бас худлаа болчихсон.

Олигарх бүлэглэлүүдийн, янз бүрийн амбицтай нөхдүүдийн тусгай тайзан дээр тавьж байгаа жүжиг, амьдрал бол. Харахад хурал хийж байгаа нөхдүүд. Гэтэл цаана нь хэн нэгэн хүн ингэж хэл, ингэж жагс гээд дугтарч байдаг. Нүдэндээ харж байгаа бүхэн худлаа болчихсон. Ийм л хэцүү нөхцөлд бид нар амьдарч байна. Монгол хүн бүхнийг үнэнээр эрхшээдэг, амьдралаа ингэж үнэнээр босгодог чанар ингэж алдагдсан.

7.Цэвэр ичимтгий: Цэвэр гэдэг бол үнэн, шударга, ариун гурвын нэгдэл. Ичимтгий гэдэг бол ёс бусыг тэвчих чадвар. Тэгвэл цэвэр ичимтгий гэдэг нь үнэн, шударга, ариун байхаас гадна ёс бус зүйлийг тэвчдэг, жигшдэг чанар байдал. Иймд цэвэр ичимтгийн эрдэм ухаанд боловсорно гэдэг нь үнэн, шударга, ариун гурвыг эрхэмлэн дээдлэх төдийгүй тэдгээрт суралцах, тийм байх, улмаар ёс бус зүйлийг жигшин зэвүүцэж, хүлээн зөвшөөрч чаддаггүй байхад суралцах юм.

8.Уужим талбиун: Уужим талбиун гэдэг нь аливаад хүлээцтэй, тэвчээртэй хандаж, учрыг олж, хужрыг нь тунгаах чанар, чадвар. Мөн уужим талбиун гэдэг нь аливаа буруу зүйлийг, аливаа буруу хүнийг буруутгах, зэмлэх, яллахаасаа илүүтэй түшиж, тулж, зөвлөж, сургах чанар, чадвар. Тиймээс уужим талбиун эрдэм ухаанд боловсорно гэдэг нь амьдралд тохиолдох аливаа зүйлд, аливаа хүнд хүлээцтэй, тэвчээртэй, ойлгож, ухаалаг, тайван, амгалан хандаж, шийдэж сурах юм. Мөн буруу үйл, буруу хүнээс зай барьж, сэжиглэн цээрлэх бус, харин түүнтэй хамт байж, түүнд сайнаар нөлөөлж, засаж, сайн сайхан болгох ноён нуруутай байх эрдэмд сурах юм.

9.Эвийг эрхэмлэх: Эвийг эрхэмлэх гэдэг нь бусдыг ойлгож бусадтай нэгдэх чадвар. Тиймээс эвийг эрхэмлэх эрдэм ухаанд боловсорно гэдэг нь хэн ч бай бусдыг ойлгож, мэдэрч, онцлогийг нь олж мэдсэний үндсэн дээр тэдэнтэй зөрчил сөргөлдөөнгүйгээр нэгдэх чадварыг эзэмших юм.

Цэвэр ичимтгий, уужим талбиун, эвийг эрхэмлэх чанарууд нийлж байж монгол хүний ноён нуруутай чанарыг илтгэдэг. Аливаа зүйлд ноён нуруутай байх чанар. Ноён нуруу гэж юу юм, улааныг үзэж урвалздаггүй, шарыг үзэж шарвалздаггүй, бүх юманд өөрийнхөө байр, суурь, өөрийнхөө үзэл баримтлал гээд өөрийнхөө бүх юмыг хатуу барьж чаддаг, хатуу зогсож чаддаг хүнийг хэлдэг юм. Энэ ядарсан юм эндээс зугтъя, энэ баян юм энийг дагая, энэ эрх мэдэлтэй юм албан тушаал ахиж магадгүй, тийм биш.

Бүх юманд, энэ алдсан юм эндээс зайгаа авъя, энэ амжилт бүтээл ихтэй явна энэтэй наалдая. Энэ биш энийг улааныг үзэж урвалзах, шарыг үзэж шарвах гэдэг. Харин энэ хоёрын алин дээр нь ч, яг дунд нь оршоод өөрийнхөө үзэл бодол, байр суурь, итгэл үнэмшлээрээ тус дэмээ өгөөд аль алийг нь цаашдаа зөв оршиход бурууг нь засарч сайжрахад сайныг нь улам дээшилэхэд нь тус дэмээ өгөх чанарыг ноён нуруутай чанар гэдэг. Байхгүй, өөрөө ариун юм шиг, өөрөө өндөг шиг өөгүй юм шиг, өөрөө энхийн цагаан тагтаа юм шиг, бусад хүний алдаа онооноос сэжиглээд холдоод явчихна. Энэ биш ээ.

Энэ бүхэн нь эдгээр ёсөн эрдэм ухаан нь монгол хүнийг бүх талаас нь, ямар өндөр түвшинд сургаж, боловсруулж, хөгжүүлж өгч байсныг шууд илтгэн харуулж байна. Монгол хүн гэдэг чинь харахад ердөө л энэ есөн үг байгаа юм. Үүн дээр л зогсож байсан. Үгний цаана ямар том философи, гүн ухаан байдгийг, ямар том амин чанар байдгийг мэдэх хэрэгтэй. Энэ бол монгол хүн болохуйн есөн том амин чанар юм шүү. Энэ есөн том амин чанараар амилна, тэгж байж та монгол хүн болно. Одоо хүүхдүүдээ багаас нь энийг л заах хэрэгтэй. Дунд сургуулийн есдүгээр ангиас доош үүнийг л заах хэрэгтэй байна ш дээ. Тэгж байж сая хүүхдээ монгол хүн болгоно, хүн шиг хүн болгоно.

Эх сурвалж: “Булганы мэдээ”

http://www.sonin.mn


Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: