for QLD Mongol

Куинсландын Монголчуудын Холбоо

“Номин холдинг” ХХК-ийн зөвлөх, МУ-ын Худалдааны гавъяат ажилтан, А. Шагдарсүрэн. Хэн сайн үйлс хийж байна, түүний амьдралд нь сайн сайхан зүйлс буян болж ирнэ

on Хоёр дугаар сар 2, 2013

195c144491d9cfe6original

98cfa2382612f056original

2013 оны 1 сарын 13

Амьдрал өөрөө баян учир аливаа хүмүүний төрсөнөөс эхэлсэн замнал түүх ч мөн сонирхолтой хийгээд сургамжтай. Манай сайтын “Үнэн хүмүүс” булангийн энэ удаагийн зочноор “Номин холдинг” ХХК-ийн зөвлөх, МУ-ын Худалдааны гавъяат ажилтан, УИХ-ын гишүүн асан, Доктор профессор А. Шагдарсүрэн уригдсан юм.

Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч манай редакцид хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг дээ. Хоёулаа яриагаа таны бага насны түүхээс эхлэх үү?

За тэгэлгүй яахав. Би дайны үед төрсөн. Миний бага нас гэдэг чинь дайны үед өнгөрсөн. Тэр үед дэлхийн хоёрдугаар дайн болж, бүхнийг фронтод гэж байсан үе. Монголчуудын хувьд тэгээд бүр зах хязгаар газар төрсөн хүнд хэцүү л байлаа. Манайх Ховд аймгийн Булган сум айл. Би Торгууд хүн. Манай нутгийн нэг онцлог нь мал аж ахуй, газар тариалан хоёуланг нь эрхэлдэг. Мал аж ахуй эрхлэхэд хариулга маллагаанаас эхлээд ажиллагаа ихтэй. Хурга ишиг хариулж явахдаа гэрээсээ жаахан холдох юм бол чоно дайрна. Чоно элбэгтэй учир шөнө унтаж байхад хүртэл хот руу дайрдаг болохоор их сонор сэрэмжтэй байх ёстой. Малын үс ноос авах боловсруулах, айраг бүлэх, ус, түлээ, мөс зөөхөөс өгсүүлээд ажил мундахгүй. Газар тариалангийн хувьд бол анжисны морь, тэмээ хөтлөх, тариалангийн талбайг бэлтгэхэд туслах гээд хүүхдийн оролцоо их. Зүгээр нэг сайхан тал биш харгана, дэрс ихтэй, тэрнийг нь үндсээр нь ховх татаж, талбай гаргаж тариа тарьдаг. Энэ мэтчилэн ажил хийж долдугаар анги хүртэлээ хөдөө суманд байсан даа. Намайг сургуульд сурч байх тэр үед гэрэл цахилгаан гэж байсангүй, машин техник гэдэг зүйл ч мэдэхгүй тийм ойлголт ч байхгүй байлаа. Миний багад бас радио, ТV гэдэг юм байхгүй. Эгшигт хайрцаг гэдэг юмтай. Тэр нь сумандаа нэг ширхэг шахуу л даа. Манайтай айл хөрш явдаг айлд маань тийм нэг эгшигт хайрцаг байлаа. “Үхэрчин хүү” гэх мэт хэдхэн дуутай. Чухам тэр яаж дуугардаг юм бол, дотор нь жижигхэн хүн байдаг юм болов уу гээд л… хүүхэд ахуй цагийн оньсого мэт тайлагдашгүй зүйлсийн нэг. Дараа нь “Эх орон-52” хүлээн авагч гарсан. Ах маань хотод сургууль төгсөж ирэх үедээ “Эх орон-52” гэсэн хүлээн авагч авчирсан. Ийм маягаар л хот орж ирсэн дээ. Унадаг дугуй гээч юмыг аймгийн төв рүү орж ирээд үзсэн. Ийм нэг бүдүүлэг цаг үеийн хүн байгаа юмаа.

Манай ах надаас 11 ах. Улсын их сургуульд хүний их эмч мэргэжил эзэмшээд, УБ хотод эмчээр ажиллаж байлаа. Тийм учраас ахыгаа бараадаж долдугаар анги төгсөөд хотод ирсэн. Тэр үеийн оюутнууд стипендтэй, сурлага гайгүй бол илүү стипенд авна. Тийм болохоор би чинь үеийн хүүхдүүдээ бодвол арай илүү соёл нэвтэрсэн байсан гэх юмуу даа. Жишээ нь: үеийнхээ хүүхдүүдийг бодвол бакиалан гутал өмсчихнө. Манай ээж, эгч нар гар үйлэнд их сайн учраас өмссөн дээл маань хүртэл гурван эмжээртэй, гурван товчтой. Үеийнхэн маань толгойдоо алчуур боодог бол би одоогийн кээпэг маягийн малгай хийлгээд тавьчихаар тэднээс тасраад явчихаж байгаа юм л даа. /Инээв/

Анх хотод ирэхэд юу нь хамгийн гайхмаар санагдав?

Хот орж ирээд дугуйны хэгээс, машины обудны гялгар төмөр дээр замын хажуугийн юмс тусч байгааг, замын цагдаа машины хөдөлгөөн зохицуулж байгааг бас гайхаж байлаа.
Тэгээд хоёрдугаар 10 жилд наймдугаар ангид орсон. Тэр үеийн хоёрдугаар 10 жил Засгийн газрын ордны зүүн талд одоогийн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн байранд байсан.

Тэнд шилжиж орохдоо үсээ хусуулчихсан, мулзан толгойтой. Бусад хүүхдүүд дандаа халимагтай.
Дээрээс нь торгууд хүн болохоор халхаар ярьж чаддаггүй. Ийм байдлаар л ялгарч байлаа даа. инээв Ингээд найм, есдүгээр ангидаа хотод суусан.

Арван жилээ хотод төгсөөгүй юмуу?

Тэр үед арьс өнгөний отряд гэж 18 аймагт гарч байсан. Аймаг бүрт нэг орос эмч, нэг монгол эмч, нэг бага эмч, нэг лаборант, ГАЗ-69 машинтай нэг жолоочтой хуваарилагдан очиж байсан. Тухайн үед арьс өнгөний өвчин их хавтгайрсан байсан учир бүх сумдаар явж, хүн болгоныг үзлэгт оруулсан. Эмчид бүтэн нүцгэлж, бэлэг эрхтэнээ үзүүлэх, эмчлүүлэх гэсэн ойлголт байсангүй. Энэ өвчнийг анагаах Ховд аймгийн отрядыг ах маань ахалж явахад нь би дагаж явж, Ховд аймгийнхаа төвд 10 жилээ төгссөн.

Төгсөөд аль их сургуульд оров?

1959 онд Улаанбаатар хотод Улсын их сургуульд анх нээгдэж байсан, Барилга инженерийн ангид орсон. 1964 онд барилгын инженер болоод Байшин үйлдвэрлэх комбинатад ахлах техникчээр нэг сар ажиллаад Комбинатын ерөнхий инженер болсон. Таван жил болоод Үйлдвэрчний төв зөвлөлд таван жил, Сүхбаатарын районы намын хороонд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн нарийн бичгийн даргаар найман жил ажилласан. Тэндээсээ ЗХУ-д БНМАУ-аас Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах холбоот улсад суух Худалдааны төлөөлөгчийн газарт мэргэжилтнээр таван жил болсон. Эргэж ирээд Октъябрийн районы Гүйцэтгэх захиргааны орлогч даргаар гурван жил ( 1989-1992он ) болоод биеийн эрүүл мэнд муудаж, тахир дутуугийн группэд орсон. Яг зах зээл рүү орчихсон тэр үед эрүүл мэнд мууудсан. Хүүхдүүд сургууль төгсөөгүй ч байлаа. Ингээд л гэр бүлээ тэжээхийн тулд хувиараа бизнес хийх болсон. Эхнэр маань удмын гарын ур дүйтэй, юм сайхан оёдог байсан. Тэрнийг нь түшиглээд л гэр бүлээрээ оёдлын үйлдвэрлэл эрхэлсэн дээ.

-Бизнесээ гэр бүлийнхээ хүний чадвар дээр түшиглэсэн гэлээ. Гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач?

Манай гэр бүлийн хүнийг Содном гэдэг. Хүний их эмч мэргэжилтэй. Жанчивлан, Улаанбаатар, Оргил рашаан сувилалууд, Эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх төв газарт их эмчээр ажиллаж байсан. Бид гурван хүүтэй. Хүүхдүүд маань гэрлээд 10 ачтай болоод байна. Ийм л айл байгаа юм даа.

Анх оёдлын үйлдвэрлэлээс эхэлсэн бизнес хэрхэн өргөжсөн бэ?

Бизнес маань гэрийн үйлдвэрлэлээсээ өргөжөөд өөрийн лангуутай болж хүүхдүүд гадагшаа, ганзагын наймаанд явах болсон. Хамт сурч байсан үе тэнгийнхэн нь Орос руу наймаа хийгээд машин тэрэгтэй болоод байхаар манай хүүхдүүд ч бас явах гээд байлаа. Тэр үед Орос руу наймаа хийх нь амиа ч алдаж болохоор эрсдэлтэй байсан учир би хориглоод явуулаагүй. Тэгээд анх удаа гадагшаа бизнес хийхээр Сингапур руу явсан. Сингапур нэгдүгээрт виз шаардахгүй, хоёрдугаарт аюул байхгүй. Хүүхдүүд маань орос сургууль төгссөн, унаган орос хэлтэй. Мөн англи хэлний мэдлэгтэй байсан. Тэрэндээ түшиглээд өөрсдөө бие даагаад англи хэл сурцгаасан даа.

-Анхны хувийн хэвшлээ “НОМИН-5” гэж нэрлэх болсоны учир?

Тиймээ, анх 1992 онд байгуулсан. Эхнэр, гурван хүүхэдтэйгээ тавуулаа гэсэн утгаар. Номин гэдэг нэрний хувьд, манай Баярсайханы анхны хүү Номин-Эрдэнэ, нэг ой хүрээд дэгэж, дэрвэж байх үедээ нас барчихсан юм. Тэрнээс үүдээд ач хүүгийнхээ дурсгалд зориулж Номин гэдгийг нь авч нэрлэсэн юмаа.

Тэр үеийн Номин-5 ХЭАА-с “Номин холдинг” болтлоо өргөжихөд амаргүй л байсан байлгүй?

Тиймээ, Номин-5 ХЭАА гэрийн үйлдвэрлэлээс электрон барааны худалдаа руу орж, 30 гаран ажилтантай болсон. Нэг лангуу нь хоёр, хоёр лангуу нь гурав болж, нэг тасаг нь хоёр тасаг болсон. Ингэж явсаар сүүлдээ электрон барааны дэлгүүртэй боллоо. Тухайн үед Монголд электрон бараа импортлож борлуулдаг таван компани байсан. Энэ тав бол жинхэнэ шударга өрсөлдөж байлаа. Зах зээлийн үед хүнийг, бизнесийг яаж хөгжүүлдэгийг бидний эрүүл өрсөлдөөн харуулсан.

1996 онд Төрийн өмчийн хороо байгуулагдаж, 11 сард анхны төрийн өмчийг хувьд гаргах дуудлага худалдааг зохион байгууллаа. Бид нар хэдэн жил хүний байр түрээсэлдэг, тэгэх тэгэхдээ улсын байрыг зөвхөн дэлгүүрийн тоног төхөөрөмж, ширээ сандлыг нь хувьчилаад авсан хүмүүсээс бүр давхар түрээсэлдэг байлаа. Худалдаа бизнес хийхэд хувийн байр онцгой чухал гэдэг үүднээс дээрх дуудлага худалдаанд оролцож нэг, хоёрдугаар гэрчилгээг нь авсан. Түрээсийн байранд байдаг бид нартаа л том байсан болохоос биш хоёр, гурван өрөө байрны л хэмжээтэй, нэгдүгээр 40.0 мянгатын орон сууцны доод давхарын хоёр байрыг худалдаж авсан юм. Хуучин гуанз, дэлгүүр байсан зэрэгцээ хоёр байрыг нэгтгээд дэлгүүр болгоно гэсэн бодлоор авч байлаа.

Анхны дуудлага худалдаа ямархуу явагдаж байсныг сонирхуулаач?

Байрны чухлыг мэдэрч байсан болохоор үнэ нь хэд болж өсөхийг ч мэдэхгүй улайрсан. Дуудлага худалдаа анхны үнэнээсээ 5-10 дахин өссөн. Зохион байгуулж буй Төрийн өмчийн хороо ч, оролцож байсан бид нар ч туршлага байхгүй байсан. Гэхдээ өрсөлдөөн байсан учир яалт ч үгүй зарагдсан. Бид нар төрөөсөө юм авч байгаа гэсэн утгаараа сэтгэл хангалуун байсан.

Тэгвэл тухайн үед бизнес эрхлэхэд хэр боломжтой байсан бөгөөд давуу тал нь юу байв?

Ямар ч байсан одоогийнхийг бодвол мөнгөний ханшийн хэлбэлзэл өндөр байсан ч юмны үнэ харьцангуй хямд байлаа. Монголд 90 оны үед лангуун дээр юу ч байгаагүй. Хүнсний дэлгүүрүүд давс, хэдэн гоймон тавьчихсан. Дараа нь картын бараанд орсон. Таван кг гурил, нэг шил архи, дугуй булантай цайны 14, нэг дүнсэн тамхины төлөө бараг л алалцахаа шахдаг байсан. Үнэхээр хүрэлцээгүй хүнд үе байсан. Хэдий хомсдолтой байсан ч Монголын буян заяа их, малын шимээр өлсөж харангадаагүй. Чадаж л байвал юу ч хийх боломж байсан. Хэн ч юу чаддагаа хийх бололцоотой. Одоогийнх шиг энэ, тэр эзэлчихсэн гэх юм байхгүй, зах зээл задгай, цаана нь хэрэглээ байснаараа давуу талтай байсан болов уу.

Хууль эрх зүйн орчныг одоогийнхтой харьцуулбал?

Ерөнхийдөө худалдааг либериалчилсан болохоос Хууль эрх зүйн орчин бүрдэл болоогүй. Бүх зүйл лиценз гэдэг нэг юмаар дарамтлагдаж байлаа. Монгол хүн социализмын үед төр засаг ч юмуу харьяа дүүрэг ч юмуу удирдлагын нэг л зөвшөөрөл байж, би энийг хийх ёстой гэсэн сэтгэхүйтэй байсан. Дамалж болохгүй, худалдаа наймаа хийж болохгүй гэсэн юмаар 70 жил явчихсан хүмүүст хувийн өмч гэдэг юм байгаагүй. Хувийн өмчтэй болчихвол би шоронд орчих юм биш байгаа гэсэн айдастай хандана. Тэр сэтгэхүйн дээр нь тоглосон ч гэх юмуу бүх зүйлийг лицензтэй болгочихсон. Чи энийг нэг сар, гурван сар эрхэл гээд хаашаа л хөдөлнө лиценз гэдэг хөх цаасаар уячихсан. За тэгээд захын нэг байцаагч орж ирээд , ямар нэг шалтгаан хэлээд өнөөх хөх цаасыг хураалаа гэдэг. Шалтаг бол мундахгүй. Ингээд л үйл ажиллагаа явуулахад саад болж байгаа юм.

Би 2000-2004 оны УИХ-д гишүүн байсан. Тусгай зөвшөөрлийг журамтай болгохгүй бол ийм хавтгай байдалд зах зээл хөгжихгүй гэдгийг би амьдрал дээр, 10 жил яс махандаа шингэтэл ойлгосон учраас УИХ-д байхдаа Тусгай зөвшөөрлийн тухай хуулийг хамгийн түрүүнд санаачилсан.

Та тэгээд үр дүнд хүрч чадсан уу? Ер нь хичнээн төрлийн тусгай зөвшөөрөл байв аа?

Өө тоо томшгүй олон төрөл. Аж ахуйн үйл ажиллагаа явуулахад 3000 тусгай зөвшөөрөл үйлчилж байна гэсэн тоо, 6000 ч гэсэн тоо гарч байсан. Ерөөсөө бүх л бизнес тусгай зөвшөөрөл лиценз гэсэн хөх цаасгүйгээр явдаггүй. Тэгээд үүнийг нэлээн цомхон болгож 108 тусгай зөвшөөрөл болгоод, энэнээс илүү гарахгүйгээр шийдүүлсэн. 50 гаруй хуулийн тусгай зөвшөөрөлд өөрчлөлт орсон юм. Худалдаа, бизнес хийх юм бол Хүнсний худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ явуулахдаа стандарт шаардлага хангасан байх хэрэгтэй.Чи тусгай зөвшөөрөл авалгүй чөлөөтэй үйлчилгээ явуул, гагцхүү стандарт шаардлагад нийцсэн байх ёстой гэсэн зарчим баримталсан.

Энэ нь тэгээд хэр үр дүнгээ өгсөн бэ? Одоо ч энэ хэвээрээ байгаа юу?

Нэг хэсэгтээ ард түмэн зөвшөөрөл гэсэн ямар нэгэн юм байх ёстой гэж ойлгоод байсан. Аливаа нэг хууль орж ирэхэд дагаад л өнөө лицензийн асуудал. Тэрнийг нь дагаад журам гарна. Одоо ч энэ асуудал байсаар байгаа. Тэр зөвшөөрлийн лицензийн 108 одоо хэд болсоныг мэдэхгүй. Тухайлбал эрүүл мэндийн салбар л гэхэд бүх хөдөлгөөн нь лицензтэй. Витамин, даралтны аппарат авахад л заавал эрүүл мэндийн байгууллага авах лицензтэй байж байгаа. Уг нь эд бол компьютер, гар утас шиг л жирийн л хэрэглээний зүйл шүү дээ.

Тусгай зөвшөөрөл тоо олон байх нь ямар муу нөлөөтэй вэ?

Ийм байна гэдэг нь хээл хахуулийг бий болгоно. Тусгай зөвшөөрөл их байх тусам хүнд суртал ихэснэ. Хүнд суртал их байвал хээл хахууль нэмэгдэнэ. Авилга, хээл хахууль гэдэг юмнаас л салахгүй бол манай улс хөгжихөд хэцүү, ирээдүй их баргар.Ази, Африкийн хээл хахууль ихтэй улсуудаас харахад нэг хэсэг нь их баяжаад, нийт ард түмэн нь ядуурдаг. Жишээ нь: Азид Филиппин байна. Манайх шиг эрс тэс уур амьсгалгүй,байгал нь газар тариалан юу ч эрхлэхэд бололцоотой. Гэтэл хээл хахууль, авилга хэтэрчихсэн. Ард түмэн нийтээрээ ядуу, тэрнээсээ үүдээд иргэдээ гадагшаа ажиллахыг зөвшөөрч байгаа. Энэ бол сайн зүйл биш.

Та одоо “Номин холдинг” группын зөвлөхөөр ажиллаж байгаа. Монголын топ компанийн хувьд амжилтынхаа өндөрлөгөөс эргээд харахад? Монголын бизнесийн ирээдүйг хэрхэн дүгнэж, зөгнөж байгаа вэ?

Монголыг маш сайхан ирээдүй хүлээж байгаа шүү дээ. 20н жилийн өмнө би , Улаанбаатарт хэдэн өндөр байшинтай бол, энэ гудамжаар дүүрэн машин явж байдаг бол сайхан аа гэж мөрөөддөг байлаа. Харин одоо энэ мөрөөдөл маань бүр хэтрээд…инээв замын түгрэл үүстэлээ өргөжсөн байна. Үүнтэй адил Номингийн хувьд ч ерөөсөө миний төсөөлж байгаагүйгээр өргөжин хөгжсөн байна. Анх компани байгуулахад 30 хүнтэй байсан бол өнөөдөр 3800 ажилтантай болчихож. Би хэзээ ч тийм олон ажилтантай болохыг бодоогүй. Зөвхөн гэр бүлийнхээ амьдарлыг болгох гэж л хувийн бизнес эрхэлсэн. Харин өнөөдөр нийгмийн өмнө хариуцлага хүлээж, сардаа 700 мянган хүнд үйлчилдэг болчихож. Тэр хүн бүрийн хэрэгцээг нь хангах, гомдоохгүй байх ёстой. Бизнес хийж байгаа хүн энэ яавал чиг яаг гэсэн үүднээс хандаж болохгүй. Хэрэглэгч байхгүй бол бизнес явахгүй. Хэрэглэгчдээ татахын тулд тэднийг хаанд өргөмжилдөг, зочиноо гэж үйлчилдэг.

Танай групп хичнээн салбарт үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байна вэ?

10 охин компанитай. Эрдэнэт хивсний үйлдвэрлэл, нэхмэлийн үйлдвэрлэл эрхэлдэг. Улаанбаатар хивсийн тодорхой хэмжээний хувьцаа эзэмшдэг. Хивсний хувьд Монгол Улсын нүүр царай болж байгаа, 20 гаруй оронд экспортолж байна. Барилгын салбарт хямралтай байх үед буюу 2008 оноос орсон ч амжилттай явж байгаа. Баригдаж дуусаагүй байхад л захиалгаа авчихаад байгаа. Мөн машин, электрон бараа, хүнс, гоо сайхан, гэр ахуй, барилгын материал, брэнд хувцасыг импортолдог, санхүү даатгалын үйлчилгээ хийдэг. Бүгд л тухайн салбартаа тэргүүлж байна гэхэд хилсдэхгүй болов уу.

Уул уурхайд салбар бий юу?

Бидний нэг онцлог бол уул уурхай руу ерөөсөө зай эзэлдэггүй. Хувьцаа ч эзэмшдэггүй. Ер нь бензин шатахуун, нефть, архи тамхины үйлдвэрлэл зэрэг онцгой татвартай салбарууд руу ороогүй. Баар цэнгээний газар байгуулаагүй. Мэдээж энэ салбарууд ашиг их олох ч нийгэмд хортой. Манай үйл ажиллагаа тэр чигээрээ нийгэм рүү хандсан. Үүгээрээ ч бид нийгэмд хариуцлагатай компани.

Архи үйлдвэрлэж хүн хордуулчихаад, нийгмийн өөр нэг эмзэг хэсэгт тусламж үзүүлж юм өгөх нь нийгмийн хариуцлага биш шүү дээ.

Сүүлийн үед , олны танил хүмүүсийн ямар машин унаж, ямар хувцас өмсөж байгаа зэргийг хүмүүс их сонирхох болсон. Та энэ талаараа манай сайтын уншигчдад сонирхуулаач?

Би бусдын л адил хувцас, машин хэрэглэдэг. Машин бол ажлын хэрэглээ шүү дээ. Гэхдээ бас аль болох тохь тухтайг нь бодолгүй яахав. Биднийг машины хоббитой гэж хэлж болно. Олон л янзын машин унаж үзсэн. Хамгийн гол нь хэрэгцээг хангаж байна уу гэдэг л чухал. Тэрнээс нэг их тансаглахдаа биш.

Тансаглах гэснээс та ер нь хэр тансагладаг хүн бэ?

Өнөөдрийг хүртэл бид тэгж их тансагладаггүй. Тансаглахын учир холбогдол ч байхгүй. Харин ач нар бол тансаглаж байна аа. Бэлэн зэлэн юман дээр өсчихсөн болохоороо.

Та үр ач нартаа юу гэж сургадаг вэ? Цаашид бизнесээ өргөжүүлээд авч явахад ерөнхий тийм зүйлийг баримтлаарай гэдэг ч юмуу?

Би хүүхдүүдээ өсгөхдөө нэг айхтар сургаж номлоогүй. Өөрийн үлгэр дууриаллаар л хүмүүжүүлсэн. Хөгшин бид хоёр ямар байдаг, тэр л байдлаар хүүхдүүд хүмүүжчихсэн.

Ач нарын хүмүүжиж буй орчин биднийхээс нийгмийн байдал, нөхцөлийн хувьд шал өөр болчихсон. Дээрээс нь дутагдах, гачигдах юм алга. Гадны оронд, өөр орчинд сурч байгаа зэргээрээ тансаг болж байгаа юм.

Энэ бизнесийг цаашаа авч яваасай гэхээс илүү өөрсдөө амьдралаа аваад явах чадвартай болоосой гэдэг талаас нь анхаарч байгаа. Тэрнээс биш Номингийн бизнесийг заавал тэд нар цааш нь авч явах ёстой гэж боддоггүй. Ер нь ОУ-ын хөгжсөн том компаниудын жишгээр хүүхдүүдээрээ залгамжлуулаад явах нь нэг их сайн зүйл байдаггүй. Нийгмийн өмнө, тус компанид шаардлагатай тэр захирлаа тавиад л ямар зохион байгуулалттай байх юм, юунд чиглэж ажиллах вэ гэдэг бодлогоороо л явах ёстой.

Тэгэхээр заавал таны хүүхэд, ач нар компанийг заавал өвлөх албагүй гэсэн үг үү?

Энэ нь тэр салбарыг авч явна, тэр нь тэр салбарыг гэх юм байхгүй. Бодсоноор тийм юм болно ч гэж юу байхав. Тэр нь ч утгагүй зүйл.
Харин тэд нар мундаг хүмүүс бол компаниа өөд нь татаад яваг, тааруухан юм бол энэ компанийн аль нэг салбарт нь өөрийгөө болгоод явах жишээний байна.

Бид гэр бүл, бизнесийн талаар их зүйл ярилаа. Одоо улстөрийн талаар ярилцах уу?

Би улстөржихөө бүр больчихсон хүн шүү дээ. Бизнес хийвэл бизнесээ, улстөр хөөвөл улстөрөө л хийх ёстой юм шүү дээ. “Чи улстөрийг оролдохгүй ч улстөр чамайг оролдоно” гэдэг үг бас бий л дээ. Гэхдээ тэр бол тухайн нийгэм ямар байгаагаас хамаарах зүйл юм.

Хэдий тийм ч, иргэн хүнийхээ хувьд нэг үе УИХ-ын гишүүн байсныхаа хувьд нийгмийн байдал төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогын хувьд ямар бодолтой явдаг вэ?

Угаасаа манай улсад нэг онцлог бий. Социализмаар анхлан яваад ардчилал руу шилжсэн. Энэ хоёр нийгмийн байдлаас аль алинаас нь авах юм ч юм их бий, хаях ч юм их бий. Хоёр нийгмийн дундаас бүх сайн юмыг нь аваад, улстөр маань бодлогоо зөв хөтлөөд явбал их сайхан ирээдүй хүлээж байна.

Ийм арга хэмжээ дутаад байна ч гэдэг юм уу, Танд энэ тал дээр бухимдаж байгаа зүйл байна уу? Ирээдүйн 10-20 жилийг та хэрхэн харж байна вэ?

Бидний үед Хадгаламж зээлийн хоршоо, хоршоо гэдэг юм ерөөсөө хөгжихгүй байсан байхгүй юу. ХЗХ гэдэг юмыг бий болгоод хоршооны хуулинд оруулчихсан. Нөгөө далд байдаг, дэрэн дороо хийдэг мөнгө нь ил гарчихсан. Банкны систем бас буруу байсан. 2000 оныг хүртэл зээл авья гэхээр олдохгүй тэгсэн хэрнээ арын хаалга, танил талаараа хуйвалдаж, банкны мөнгийн цувуулдаг явдал хангалттай байсан. Бид нар 2000 он хүртэл банкнаас зээл авч үзээгүй. Сард 10 хувь, жилдээ яаж тэр их мөнгийг төлөхөв. Ингэж банкыг өөр шугамаар дампууруулж байсан байхгүй юу.

2000 оны үед ХЗХ-ны бизнест орсон уу?

ХЗХ-ны хууль гарч, хоршоо маш их хөгжсөн. 400-500аар тоологдох олон зуун хоршоо үүссэн. Гэтэл зарим нэг хоршоонд зөрчил гарчээ. Тэгээд тэрийг ХЗХ-ны хуулиас болсон гэж тайлбарласан. Тэрийг мэдэж байж, яагаад тэр хуулийг өөрчлөхгүй байгаа юм? гэхмэтчилэн ярихаас цааш хэтэрдэггүй асуудал зөндөө байна л даа.
Жишээ нь: Сонгуулийн хууль, ашигт малтмалын хууль байна. Хуучин байсан хуулийг нэг өөрчлөөд будлиулчихсан.Тэгээд будлиулчихсанаа мэдэж байгаа хэрнээ өнөөхөө засдаггүй. Засах асуудал бол ямар ч хөрөнгө мөнгө гарахгүй шийдэгдэх зүйл шүү дээ. Иймэрхүү маягаар ярьчихаад хийдэггүй ажлууд байна. Энэ нь эргээд хөгжилдөө саад болоод байгаа. Бас одоо Улаанбаатарчуудын бухимдаж байгаа зүйл утаа. Тэгээд утаа ярихаараа зуухны тухай яриад байгаа юм. Зуух чинь аль XX зууны үед дуусчихсан зүйл.

Тэгвэл таныхаар яах ёстой гэж?

Одоо бол XXI зууны юм ярих ёстой. Орон сууц ч юм уу. Хямдхан цахилгааанаар л хангачихвал гэрээ яаж халаах нь тэр улсуудын л асуудал байхгүй юу.

За тэгээд утаатай машины тухай. Цагдаагийн дэргэдүүр өнөө утаатай машин яваад л байдаг. Ингээд л яриад байдаг. Ярьж байгаа юм нь хоцрогдчихсон.

Түгжрэлийн асуудал. Замаа өргөсгөлөө гээд уулзвар дээрээ нэвтрэх боломжгүй, түгжрэхээс аргагүй болгоод байшин барилга шахаад барьчихна. Тээврийн институтын эрдэмтэд: “Зөвхөн хөдөлгөөнийг зөв зохион байгуулсанаар түгжрэл 37% буурна” гэж хэлж байна лээ. 30 байтугай одоо 3 хувь бууруулсан ч хэрэг байна шүү дээ. Миний замд Улаанбаатар сувилал руу ордог нэг зам байдаг. Аль социализмын үед тавьсан зам өнөөг хүртэл тэр чигээрээ л байж байна. Тойруулаад л байшин барилга шаваад байдаг. Барилга, орон сууцны хороолол байгуулахдаа урдаар дэд бүтцээ бий болгож чадаагүй юм бол, ядахнаа одоо тэр олон компаниудаас мөнгийг нь аваад төр замыг нь тавиад өгөхөд юу нь болохгүй гэж. Наад захын, зохион байгуулах элементарный юмыг хийхгүй байгаа юм. Тэр ажил хариуцаж байгаа хүмүүсийн хариуцлагагүйнх.

Хүн ер нь үнэнээр амьдарна гэдэг?

Үнэний тухай ярьвал туйлын үнэн, абсолют үнэн зүйл гэж байхгүй. Тухайн үедээ үнэн байсан зүйл дараа нь худал болж өөрчлөгдөж болно. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ” гэж миний багын хүмүүжил.

Сайн юм хийвэл буян болно, муу юм хийвэл нүгэл. Ерөөсөө л нүгэл гэсэн үг биднийг хүмүүжүүлсэн. Амьдрал дээрч тийм. Хэн сайн үйл бүтээж байна, түүний амьдралд нь сайн сайхан зүйлс буян болж ирнэ. Худал хуурмаг юм хийвэл өөрт нь л эргээд нүгэл болдог.

Жишээ нь арвилан хэмнэх асуудал байна. Ухаандаа, чийдэнг бол хүн өрөөнд байх үедээ асааж, байхгүй бол унтрааж байх хэрэгтэй. Энэ зөвхөн өрөөнд хэрэглэгдэж буй чийдэнгийн асуудал биш. энэ цахилгааныг өөр хэрэглэгч хэрэглэж байх боломж гаргаж байна гэсэн үг. Тэгэхгүй, албан газрын юм чинь яадгийн, төрийн байгууллага гээд хэмнэхгүй байвал, тэр нь зуршил, амьдралынх нь хэвшил болоод гэртээ ч тийм байдаг болно. Ингээд л дээрх үг батлагдаж байгаа юм.

Та Сайхан Монгол орон гээд төрийн бус байгууллагыг тэргүүлдэг. Энэ байгууллагынхаа үйл ажиллагаанаас танилцуулаач?

“Монгол тэмүүлэл, сайхан монгол орон” гэсэн ТББ 2008 оноос хэсэг нөхдийнхөө санаачилгаар байгуулсан . Энэ бол нийгэмд тустай байгууллага. Нийгэмд тустай үйлийг хийе гэсэн үүднээс л байгуулсан.

Өвөг дээдсийн өвлүүлж ирсэн сайхан уламжлал байна. Түүнийгээ мэдэж, түүхээ судалъя, хадгалъя, ирээдүй рүүгээ хандсан тэмүүлэлтэй байя гэсэн хүсэл, эрмэлзлэлийг хүүхэд, залуучуудад бий болгоё гэсэн зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

Мөн долоо хоногт нэг удаа Ерөнхий боловсролын дунд сургуулиуд дээр алдар хүндтэй хүмүүсийн яриаг сонсгож нэр хүндтэй болох, байхын ач холбогдол, тийм болсон хүмүүсийг биеэр нь уулзуулж, амьдралынх нь талаар яриулж лекц уншуулах ажлуудыг зохион байгуулдаг.

Энэ сэдвээрээ монгол тэмүүлэл гэсэн бичлэгийн уралдаан зарлаж шалгаруулаад хэвлэдэг. Хүүхдүүд биднээс илүү юмыг санаж байна. Жоохон өдөөгөөд өгөхөд л тэмүүллийн талаар, монголын ирээдүйн талаар их сайхан юм бичиж байна. Тэрнийг нь өврийн дэвтэр, цуврал ном болгон гаргадаг. Хамгийн сүүлд “Эртэч монгол” гээд жижиг ном хэвлүүлсэн байгаа.

Бид бас “Эртэч Монгол хүн” гэж арга хэмжээ зохион байгуулдаг. Пүрэв гариг бүрийн өглөө 7н цагт УИД-т болдог. Энд найман настай балчираас наян настай ахмад хүртэл хэн хамаагүй ирдэг. Залуучууд ч их сонирхдог болж. Энэ бол үнэхээр сонсууштай зүйл. Өглөө тэндээ цайгаа уугаад, лекцээ сонсоод, харилцан ярилцаад цаг 30н минутын яриа болдог. Тэгээд 8.30 гээд ажил руугаа явж байх жишээтэй. Аль нэг нам эвсэл, шашин шүтлэг биш ерөөсөө л хүнд хэрэгтэй гэгээлэг сайхан зүйл ярьж хүмүүсийг татан оролцуулдаг.

Хойч үеийнхэндээ хандаж юуг захиж хэлэх вэ?

Залуучууддаа ямар нэгэн юманд сэтгэлээсээ тэмүүлэх юм бол болохгүй бүтэхгүй юм гэж байхгүй ээ, тэмүүлэлтэй амьдраач ээ гэж хэлмээр байна. Өвөг дээдсийнхээ сайн юмыг, гадныхны сайн сайхан юмтай нь аваад явах юм бол монголчууд хос морьтой давхиж, бусдаас тасраад явчих боломж бидэнд бий. Эзэн Чингис маань байлдаж дэлхийг дагуулж байсан бол өнөөгийн Монголчууд оюунаараа 21-р зуунд байлдан дагуулах хэрэгтэй. Монгол хүн энд тэнд очоод цахиур хагалж байгаа олон жишээ байна шүү дээ. Microsoft зэрэг Америк, Европын том компаниудад монголчууд ажиллаж байна. Хоёрхон сая гаруй хүнтэй улс олимпоос медаль авч байна, тив дэлхийн шатрын тэмцээнүүдэд манай охид хүүхдүүд тэргүүлж байна. Тэр олон сая хүн амтай Японы сумод хүртэл манай бөхчүүд амжилттай байгаа нь маш их ген чадавхи байгааг харуулж байгаа юм л даа.

Та бид их дэлгэрэнгүй сайхан ярилцаж байна. Манай сайтаар дамжуулаад хань ижил, хар багын найз нөхөддөө сэтгэлийн үгээ хэлэхгүй юү?

Ханиа зөв сонгох хэрэгтэй. Насан туршдаа түшиг болоод, амьдралын төлөө хамтраад зүтгэчихсэн юм болохоор бие биегүйгээрээ байж чадхааргүй тийм нөхцөл бий болчихдог. Жаргал зовлонгоо хуваалцсан хань бол амжилтын нэг үндэс.

Найз нөхдийн хувьд унаган багын найзууд одоог хүртэл уулзаад л, хамт хөгшрөөд л, үхэн үхтэлээ хамт байгаад л дуусах юмдаа. Залуу цагтаа айл хөрш явсан найз нөхөдтэйгээ өнөөдрийг хүртэл ах дүү шиг харилцаатай, нэгийгээ удаан хугацаагаар явбал санадаг тийм сайхан найз нөхөд ч бий. Тэдэндээ танай сайтаар дамжуулаад аз жаргал сайн сайханыг ерөөе. Удаан хугацаанд уулзаагүй найз нөхөд, танилууддаа ч мөн энэ завшааныг ашиглан, мэнд хүргээд урт удаан наслахыг хүсэн ерөөе өө.

Таниас цуурхалын чанартай нэг асуултыг Үнэн үү? гээд асуучихъя. Нэг хэсэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Номин холдингийн А.Шагдарсүрэн бэрүүдээ, хамаатнуудтай нь ажлаас нь халжээ…” гэсэн сенсаци дэгдэж байсан. Энэ талаар?

Тэр бол үнэний үндэстэй. Манайх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд л хамаатан садан, худ ураг, худын худ гээд л харж үзээд л, өөд нь татаад л явж ирсэн. Тэгсэн одоо бие биедээ атаархдаг ч юмуу, хов жив ярих, тэр нь ажилд муугаар нөлөөлөх тийм асуудал гарсан л даа. Гэхдээ ер нь энэ бол ганцхан Номинд тохиолддог асуудал биш, ертөнцийн хаана ч байдаг зүйл.

Тэрнийг тийм байлгахгүй байж бас болно. Тэгэхийн тулд хутган үймүүлдэг ах дүү, хамаатан садан хэн ч бай тийм хүмүүсээс салах хэрэгтэй юм. Энэ ингэж л байдаг гээд яваад байх нь буруу юм билээ.

Эргээд тэр нь , хүүхдүүдийн хооронд, бэрүүдийн хооронд хагарал үүсгэх юм бий болсон. Тэрнээс үүдээд л хамтарч ажиллаж чадахгүй бол болъё, хэтэрхий гэр бүлсэг байхаа болъё гэсэн үүднээс ийм шийдвэр гаргасан.

Хамт олонд ч их муу нөлөөтэй. Бидний хамаатантай албан ажилаар харилцахад хэцүү болчихож байгаа юм. Үгүй бол ая талыг нь хардаг, эсвэл тааруулж харьцах болчихдог.

Сургамж болгох үүднээс нэг хэсэг бэрүүдээ ажиллуулаагүй. Үр хүүхдүүдийнхээ сурлага, хүмүүжилд нь анхаар, өөрсдийгөө боловсруул гэсэн үүднээс.

Одоо бүгдээрээ ажлаа хийцгээж, магистраа хамгаалах нь хамгаалж байгаа. Гэхдээ ер нь жоохон замбараатай, ёс жаягтай байна шүү гэсэн байдлаар. Наад мэдээллийг чинь сайт энэ тэрээр тэр ажлыг өдөөсөн, удирдсан нөхдүүд л бичүүлж байгаа.

Э.САРАНЧИМЭГ

http://www.unen.mn


Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: