for QLD Mongol

Куинсландын Монголчуудын Холбоо

Лекц No 22. Г.УНДРАЛ-Ардчиллын боловсрол төвийн захирал:МЭДЭХИЙН ТӨЛӨӨ ЭРМЭЛЗЭЛТЭЙ ХҮН ХҮЧТЭЙ ИРГЭН БОЛНО

on Хоёр дугаар сар 2, 2013

undral1

“Ардчилсан нийгэмд иргэдийн оролцоо” сэдвээр ярилцъя. Монгол улс 1992 онд баталсан Үндсэн хуульд ардчилсан, иргэний нийгэм байгуулахаар заасан. Ийм нийгэм байгуулахад иргэний оролцоо маш чухал.

Иргэн хүн ардчилсан нийгэмд идэвхтэй оролцохын тулд нэн тэргүүнд мэдлэгтэй байх шаардлагатай. Амьдрал, үйл ажиллагааныхаа явцад ухамсартайгаар эзэмшиж буй хүн, байгаль, нийгмийн ухагдахууны цогцыг мэдлэг гээд байгаа юм. Цэцэрлэгт дуулж, шүлэг уншиж, тоглоом тоглох, ерөнхий боловсролын сургуульд үсэг үзэж, тоо сурах бүгд л мэдлэг. Их дээд сургууль төгсөнө, ажилд орно, амьдарна. Энэ бүх явцад мэдлэг олж авна.

Гэхдээ нийгэмд идэвхтэй оролцохын тулд иргэнд бас өөр мэдлэг шаардлагатай. Би ямар эрх, бас үүрэгтэй юм бэ? Төрийн үйл хэрэгт би оролцох эрхтэй юм уу, үгүй юу? гэдгээ ухамсарлах мэдлэг хэрэгтэй. Бидэнд төр яагаад хэрэгтэй юм, төрийн бодлого гэж юу юм, засгийн бүтэц, тогтолцоо ямар байдаг юм? Энэ бүгдийн хариултыг өөртөө олсон байх нь бас чухал.

Шаардлагатай энэ олон мэдлэгийг эзэмшчихлээ гэж бодъё. Одоо харин яаж илэрхийлэх вэ? Үүний тулд чадвар хэрэгтэй. Эзэмшсэн мэдлэгээ хэрэгжүүлэх боломжийг чадвар гэж хэлж байна. Жишээ нь, математик, тооны өндөр мэдлэгтэй ч хүүхдүүдэд заах арга зүй муутай багш бол тэр мэдлэгээ дамжуулж чадахгүй тохиолдолууд байдаг. Энэ бол чадвар дутмаг байгаагийн шинж.

Ардчилсан нийгэмд зөв хандлагатай иргэн төлөвшүүлэх явдал маш чухал. Хандлага харьцангуй шинэ ухагдахуун. Мэдлэг, чадвар нь хандлагаар илэрхийлэгддэг. Тиймээс итгэл үнэмшлийн бодит илрэл нь хандлага гэж ойлгож болно. Мэдлэг эзэмшлээ, чадвартай боллоо, харин яаж бусадтай харилцах вэ? Гадаад, дотоодын дээд сургууль төгссөж нарийн мэргэжил эзэмшсэн хэрнээ ажлын байрны хамт олонтойгоо таардаггүй хүн байдаг. Маш өндөр боловсрол, мэдлэгтэй, мэргэжлийн ур чадвартай хэрнээ яагаад ингэдэг юм бол? Энэ хүний хандлага төлөвшөөгүй байна гэсэн үг.

Хандлага олон янз байдаг. Хүний хувийн зан чанар, нийгмийн орчноос авсан зан чанарын ялгаатай байдлаас хамаараад тэр л дээ. Худлаа ярьж, хулгай хийж болохгүй гэх маягаар бидний ёс суртахууны хандлага төлөвшөөд эхэлдэг. Ямар гэр бүлд, ямар орчинд өснө, ёс суртахууны хандлага тэгэж тогтворжино.

Эерэг, сөрөг хандлага гэж бий. Зах зээлийн үед ядуу зүдүү, баян тансаг амьдралын ялгаа зааг нэмэгдэхийн хэрээр хүмүүсийн хандлага мөн янз бүр байна. Идэвхтэй иргэн байхын тулд эерэг хандлагуудаа төлөвшүүлэх нь зөв. Жишээ нь, хуулиа дээдлэх, цөөнхийн эрхийг хүндэтгэх, гэх мэт. Энэ бүгд эерэг хандлага. Хүн бүрт эерэг хандлага төлөвшвөл нийгэмд гардаг сөрөг асуудлууд багасах ёстой.

Иргэний оролцоог ЕБС-ийн жишээн дээр авч үзье. Арван нэгэн жилийн турш сурахдаа сурагчид үүргээ хэр биелүүлэв, ямар эрх нь зөрчигдөв, сургуулийн дотоод ардчилал болон сурагчдын эрх ашгийг хамгаалдаг байгууллага нь хэр зэрэг ажиллав? гэсэн асуултуудын хариулт юм. Ардчилсан орнуудад сургуулиуудад Сурагчдын өөрийн удирдлага гэсэн байгууллага ажилладаг. Захирлын тушаалаар, нийгмийн ажилтан, эсвэл багшийн хүссэнээр үүнийг үүсгэдэггүй. Сурагчид өөрсдөө эрх ашгаа хамгаалах гэж өөрсдөө санаачлан байгуулдаг. Ингэхдээ анги бүрт сонгууль явуулж, төлөөлөгчөө сонгоно. Яагаад гэвэл, тэр сургуульд сурч буй нэгдүгээр ангийн хүүхэд ч, тавдугаар ангийнх ч эрхээ хамгаалуулах ёстой. Манайд ихэнхи тохиолдолд ахлах ангийн хүүхдүүд зөвлөл байгуулсан нэр зүүж багш, захирлынхаа гар хөл болдог. Уг нь 1-11-р анги хүртэл сурагчдын сургуулийн үйл ажиллагаанд оролцох оролцоог тогтмол, зөв утгаар нь явуулж чадвал хүүхдүүд том болоод яг тэр хэвшлээ хадгалж чадна. Өөрөөр хэлбэл, ЕБС төгсөхдөө нийгэмд оролцох арга замаа олсон иргэн хүн болж төлөвшдөг.

Сурагчийн өөрөө удирдах байгууллагад ангийн дарга, онц сурлагатан л ордог гэсэн хайрцаглагдсан ойлголтыг халах нь зөв. Хамт олондоо нөлөөлж идэвхжүүлж чадах, найзуудынхаа төлөө чин сэтгэлээсээ хандах хүн тэнд хэрэгтэй. Тэд “Би ангийнхныхаа эрх ашгийг хамгаалах ийм ийм ажил хийнэ” гэсэн өөрийн мөрийн хөтөлбөрөө гаргана. Ангиас хэдэн ч хүүхэд нэр дэвшиж болно, үүнийг хязгаарлаж болохгүй. Ангийнхан энэ дундаас өөрийн сонголтоо хийнэ. Хамгийн их санал авсан нь Сурагчийн зөвлөлд ангиа төлөөлөх хүнээр очно. Харин ангийнхан нь төлөөлөгчийнхөө хойноос байнга санаа тавина, ажлыг нь хянана, үнэлнэ. Нэг ангид дунджаар 35 хүүхэд сурах байтал 45-уулаа сурч, нэг ширээн дээр гурваараа сууж байна. Энэ нь хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, нуруу бөгтийж, уушиг муудаж байна. Багш хүүхэд бүртэй тулж ажиллаж чадахгүй байна, тэр хэрээр сурагчид мэдлэгээ дутмаг авч байна… Энэ мэтээр эрх зөрчигдөж байгаа тохиолдол бүрт ангиас сонгогдсон нөгөө төлөөлөгч тэмцэх үүрэгтэй юм.

Сурагчид ингэж эрх ашгаа хамгаалснаар багш, удирдлагаа хүндлэхгүй гэсэн үг биш. Хүндлэлд хандлага яригдана. Та эрхээ эдлэхийн тулд нөгөө хүний эрхийг мөн хүндлэх ёстой. Чи надаас доогуур эрхтэй гэсэн хандлага байж хэрхэвч таарахгүй. Ингэж харилцаж байвал хандлага төлөвшөөгүй байна л гэсэн үг. Иймээс сурагчид өөрсдөө санаачилга гаргаж, Сурагчдын өөрийн удирдлагыг мөн чанараар нь ажиллуулмаар байна, үүний тулд чадвар эзэмших сургалт авъя гэж багш, захиралдаа хандах хэрэгтэй. Ер нь ЕБС-ийн өдөр тутмын болон бодлогын түвшний үйл ажиллагааг Багшийн зөвлөл, Сурагчдын зөвлөл, Эцэг эхийн зөвлөл гэсэн гурван нэгж байгуулагдаж, эрх тэгш, идэвхи зүтгэлтэй, хариуцлагатай ажиллаж байж сургууль дээр жинхэнэ ардчиллыг бий болгоно.

Өнөөгийн залуусыг залхуу, чармайлтгүй гэж шүүмжилдэг. Яагаад залхуу байна гэдэг асуултын хариулт маш энгийн. Мэдлэг, чадвар, хандлага төлөвшөөгүй байна гэсэн үг. Оролцоонд насны хязгаар, мэргэжлийн зэрэг дэв хамаагүй. Гудамжаар явахдаа зайрмагныхаа цаас хаяхгүй бол маш энгийн байдлаар чи оролцож байгаа л хэрэг. Нөгөөтэйгүүр энэ нь хандлага төлөвшиж байгаагийн илрэл. Найзууддаа ч нөлөөлж чадна. Чи юун онгироо юм, сэхүүн юм гэж бодох болов уу гэж өөрийгөө бүү хайрцаглуулаарай. Надтай надгүй болно доо, яасан ч яахав гэдэг бол жинхэнээсээ залхуу, идэвхгүй хүний шинж. Иргэн хүн бүр, залуучууд болгон нийгэмд идэвхтэй оролцож байж хүссэн орчноо бүрдүүлнэ. Сайхан амьдрахыг хүсдэггүй хэн ч байхгүй биз дээ.

ЕБС-ийн сурагчдад иргэний нийгмийн хичээл оруулъя гэсэн шийд гарчихсан байгаа. Иргэний боловсролын хичээлийг 1-12 ангид заахаар боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Нэгдүгээр ангийн 6 настай хүүхэд иргэний боловсролын хичээлээр Би ямар эрхтэй вэ? Мөн ямар үүрэгтэй гэдгийг насанд нь тохирсон арга зүйгээр заах. Жишээ нь, өглөө босоод ороо хураана, шүдээ угаана, хичээлээ хийнэ, багштайгаа мэндэлнэ, өндөр настанд тусална гэх зэргийг сурч, хэвшил болгоно гэсэн үг шүү дээ. Ийм маягаар нас насанд нь тохирсон иргэний боловсрол, мэдлэгийн ухагдахууны цогцыг олгох юм. Үр дүнд нь зөв хандлага төлөвшсөн иргэд нийгэмд гарч ирнэ.

Гол нь “надад хамаагүй, би оролцох хэрэггүй” гэж битгий бод. Болохгүй юм бүхэн өөртэй чинь хамаатай. “Түүнийг засч залруулахын төлөө би юу хийсэн бэ?” гэж өөрөөсөө байнга асууж бай. Мэдэхгүйгээсээ битгий ич. Бусдаас асууж сур. Аав ээжээсээ, багшаасаа, орон нутгийн удирдлагаасаа, бүр цаашлаад сонгогдсон УИХ-ын гишүүнээсээ асуу. Бас ажил, амлалтыг нь хянаж сур. Мэдэхийн төлөө эрмэлзэлтэй хүн хүчтэй иргэн болно. Ийм иргэн бусдад нөлөөлж чадна.
93-р сургуулийн сурагчид оролцов. 2009.09.29


Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: