for QLD Mongol

Куинсландын Монголчуудын Холбоо

Лекц No 21. Өлзийдэлгэрийн БАТБАЯР – “JCI Mongolia” ТББ-ын 2009 оны Үндэсний Ерөнхийлөгч: ИДЭВХТЭЙ ИРГЭН БАЙЦГААЯ

on Хоёр дугаар сар 2, 2013

batbayar

Энэ өдрийн мэнд хүргэе. Аливаа хүнд тэр дундаа залуу хүнд амьдралын тойрог буюу спирал, амьдралдаа зайлшгүй хийх алхамууд гэж байдаг. Тэр нь юу вэ гэхээр нэгдүгээрт суралцаж байх ёстой. Суралцаад ирэхээр өөрт чинь олон боломжууд гарч ирдэг. Мэдлэг олж авч түүнийгээ практикт хэрэглэж, хүнтэй харилцах замаар нийгмийн өмнө тодорхой үүрэг хариуцлага хүлээж эхэлдэг. Аливаа ажлыг хийж, өөрт чинь байгаа боломжийг ашиглаад тодорхой үр дүнд хүрвэл түүндээ дүгнэлт хийдэг байх хэрэгтэй. Юун дээрээ алдсан, яагаад ийм үр дүн авч ирэв, дараагийн шат нь юу билээ гээд дахиад нэг цикл, дараагийн зорилго гарч ирнэ. Дараагийн зорилгод хүрэхийн тулд дахиад би шинэ зүйлийг сурах, дараагийн арга замыг эрэлхийлж, дахиад шинэ боломжуудыг өөртөө бий болгоод, тэр боломжуудыг ашиглаад явах хэрэгтэй юм. Залуу хүнд ийм спирал заавал байх ёстой. Өнөөдрийн залууст энэ бүхэн байна уу үүнийг төгөлдөржүүлээд явж чадаж байна уу, үгүй гэдэг дээр анхаарал хандуулах нь зүйтэй.

Хүн бүр амьдарч буй нийгэмдээ хүлээсэн өөрийн гэсэн үүрэг хариуцлагатай байдаг. Бид хүний эрхийн тухай их ярьдаг мөртлөө үүрэг хариуцлагын талаар огтхонч ч дурьдахгүй орхигдуулаад байгаа нь харамсалтай.

Энгийн жишээ хэлье л дээ. Өнөөдөр Улаанбаатар хотод зам их муу байна, Улаанбаатар хотын захиргаа, Засгийн газар замаа засахгүй байна гэж шүүмжилдэг. Тэр зам эвдрээд байгаа олон хүчин зүйлийн дотор, хүмүүс өөриймсөг бус хандаж, гамгүй хэрэглэж байгаа байдал хамгийн түгээмэл байна. Хог хаяж байна, агаарын бохирдол их байна гээд яриад байдаг. Тэдгээрийн гол хүчин зүйл нь иргэд бид өөрсдөө шүү дээ. Иймээс залуус бид нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага, нийгмийн иргэн байх үүргээ сайтар ойлгож, нийгэмдээ идэвхтэй иргэн байх хэрэгтэй байна.

Идэвхтэй иргэн байна гэдэг нь эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ биелүүлдэг байх явдал юм. Тэрхүү үүрэг нь нийгэмд амьдрах ёс зүйд өөрийгөө бэлдэж, суралцах хэрэгтэй. Хамт амьдарч байгаа хүмүүсээ, хөршүүдээ хүндлэх, машинаа зогсоолд нь зөв байрлуулах, буруу газар зогсдоггүй байх, хууль дүрмээ чандлан сахидаг байх, татвараа төлдөг байх, нийгмийн харилцаа, төрийн бодлогыг хүндлэх, өөрөөс чинь гадна олон хүн амьдарч байгаа гэдгийг ухамсарлах, гудамжинд бохь, шүлс, хогоо хаядаг муу зуршлаасаа салах, гарцаар гардаг байх гээд л энгийн хэрнээ өдөр тутам манай залуучуудын сахин биелүүлж байх үүргүүд байна.

Нэг жишээ хэлье л дээ. Мушгирсан уулын замын голд нэг чулуу байж л дээ, машинтай хүмүүс зарим нь дээгүүр нь дайраад, зарим нь тойрч гараад, хэн нь ч тэр чулууг зайлуулалгүй яваад л байж. Тэгээд нэг залуу зогсоод тэр чулууг зайлуулсан чинь дороос нь дөрөв нугалсан бичиг гарч иржээ. Бичгийг нээгээд үзтэл “JCI-ийн эрхэм гишүүн таныг би энэ чулууг зайлуулна гэж мэдэж байсан юм” гээд биччихсэн байж л дээ. Хэдийгээр энэ бол бодит үнэн зүйл биш боловч JCI-ийн өөрийнх нь хандлага, юмыг үзэх үзлийг илэрхийлж байгаа юм аа.

Өөрөөр хэлбэл их хотын иргэн хүн зогсоод тэр чулууг зайлуулаад явахад үсрээд нэг минут ч хүрэхгүй үйлдэл хийнэ. Харин тэр чулуун дээгүүр дайрч гараад байвал зам маань хонхойх эсвэл чулууг тойрч гарах гэж байгаад аваар осолд орох зэрэг уршиг гарна.

Байранд амьдардаг хүмүүс халуун ус ихээр гоожуулдог, цахилгааны хэрэглээгээ хяндаггүй. Би энд цахилгааныг бага хэрэглэ, ус битгий хэрэглэ гэж хэлж байгаа юм биш шүү, харин хүмүүсийн зүй зохистой хэрэглээний тухай ярьж байна. Шаардлагагүй үед ус битгий гоожуулаач, энерги цахилгаан битгий хэрэглээчээ л гэсэн үг.

Зохисгүй хэрэглээ нь эргээд хүссэн хүсээгүй тойруу замаараа бидний амьдралд нөлөөлдөг. Одоо бидэнд дэлхийн дулаарал, байгаль орчноо хамгаалах гээд олон асуудал тулгарч байгаа нь бидний өөрсдийн хийсэн бодлогогүй ахмуудын үр дүн шүү дээ. Тэгэхээр залуу хүмүүс ийм зүйл дээр их мэдрэмжтэй, бусад хүмүүсийг уриалсан, өөрөөсөө үлгэр дууриал болох замыг эхлэх нь зүйтэй.

Ухамсартай хүмүүс өөрсдөө эхлэн үйлдэл хийж орчноо хамгаалахаас биш яриа, мэтгэлцээний сэдэв болгоод өнгөрөөдөггүй. Тэр хийх ёстой үйлдлийг даруй манай залуучууд, залуучуудын байгууллага эхэлж хийхгүй бол дараа дараачийнхаа хойч үедээ юу өвлүүлэх вэ гэдэг асуудал гарч ирнэ.

Нас тогтсон хойноо залуучуудаа зөвхөн шүүмжлээд сууж байх уу эсвэл үлгэр дуурайл болж суух уу? Хүн бүр гэр бүлээ өвчин зовлонгүй, сайхан амьдралтай байгаасай гэж хүсдэг ба энэ хүсэл биелбэл хүн өөртөө сэтгэл ханамжтай байдал, сэтгэл хангалуун байх гэдэг асар их үнэт зүйлийг бий болгодог.

Залуу хүн нийгмийн халамжийг хүртэх нь ичгэвтэр хэрэг. Нийгмээс, төр засгаас халамж хүсээд амьдрах биш нийгэмдээ бид баялгийг бүтээгч байх ёстой, бүтээсэн баялгаа эргүүлээд бусад хүмүүстэй хамтдаа хувааж хүртдэг байх ёстой.

Бүтээлч байна гэдэг нь заавал үйлдвэрлэл дээр гараад байшин барьж, зам засахыг хэлж байгаа юм биш л дээ. Нэг төвшингээс дараагийн төвшин рүү заавал ахиж байх хөгжил дэвшлийг л хэлж байгаа юм. Ахихын тулд тодорхой хэмжээнд өөрийгөө дайчилсан, зорьсон, ажилласан, шалгасан, тэрэндээ бас ухаарсан, сурсан, үр дүнд нь тодорхой хэмжээний дэвшил гаргадаг бүтээлч сэтгэлгээ чухал. Маш олон бизнесменүүд олон арга хэмжээнүүдийг ивээн тэтгэдэг. Энэ яагаад вэ гэхээр өөрийнхөө бүтээсэн баялгийг тодорхой хэмжээнд нийгэмд хүргэхийг зорьж байгаа хэрэг. Нийгэмд бизнесменүүд баялгийг бүтээхэд ард түмэн сэтгэл ханамжтайгаар, найдвартайгаар үйлчлүүлж, худалдан авдаг. Бид сайн сургуульд сурч, сайн эмнэлэгт үзүүлж, сайн баталгаатай бараа үйлчилгээг авснаараа тэр нийгмийн баялгаас хүртэж байгаа хэрэг юм. Тэгэхээр бизнесменүүд зөвхөн ашиг өөртөө бий болгох биш нийгэмд хамтдаа баялгийг бүтээж байдаг гэж ойлгож тэднийг бас дэмжих учиртай юм.

Өнөөдөр манай бүтээлч залуучууд гаднын залуучуудтай өрсөлдөж ажиллахаас биш, гаднын мэргэжилтнүүдийг авч ирээд өөрсдөө хар ажил хийгээд сууж байж таарахгүй. Оюуны хүчээ шавхан ашиглах хэрэгтэй, залуучууд эрч хүч, бүтээмжээр уралдах хэрэгтэй байна. Ингэвэл залуу хүн цаг ямагт урагшаа тэмүүлдэг, шинийг эрэлхийлдэг, хүсэмжилдэг, чадахгүй байгаа зүйлээ суралцдаг, суралцсан зүйлээ амьдралдаа баталгаажуулдаг байж чадна.

Залуу хүн нэгдүгээрт, өгөөмөр байх, хоёрдугаарт аливаа нэгэн ажилд үнэнч сэтгэлтэй байх хэрэгтэй.

Аливаа нэгэн зүйлийг таалагдвал үнэнч хийдэг, таалагдахгүй бол хаяад явчихдаг байж болохгүй. Япончууд нэг компанид бүх насаараа, тэтгэвэрт гартлаа ажилладаг. Дараа нь тэрнийхээ үр шимийг хүртээд амьдардаг. Тэр бол үнэнч байсны шагнал.

Хэлсэн үгэндээ эзэн байх, амлалтаа биелүүлдэг чанар залуу хүнд нэн чухал. Байгууллагынхаа, хамт олныхоо өмнө, найздаа би үүнийг хийнэ гээд тохирчихсон л бол тусалдаг, хийдэг байх ёстой.

Өөрөө хүсвэл хийдэг, үгүй бол арга саам хайгаад хийж өгдөггүй байдал давамгайлах шинжтэй болчихож.

Заавал өөрт ашигтай ашиггүй ч гэдэг юмуу, эсвэл цагийг нь тулгаад би амжсангүй ч гэдэг юм уу тийм байдал ерөөсөө ч гаргаж болохгүй л дээ.

Өнөөдөр манай залуучуудад ийм чанарууд нэлээд дутагдаад байгаа юм шиг санагддаг. Би хог хаяхгүй байх талаар дээр ярьсан. Манай залуучууд нэг хэсэг машиныхаа цонхоор уусан ундууныхаа савыг шиддэг байсан, одоо харьцангуй багасчихсан байна. Энэ бол дэвшил, гэхдээ удаан байна. Хог хаяхгүй байх, тамхи татангуутаа ишийг нь шууд хаяж болохгүй, бохь зажилаад цаасанд нь ороогоод хаях гэх мэт энгийн хэрэглээний боловсролыг сургууль, эцэг эхчүүд хүүхдэд багаас нь сайн олгох нь зүйтэй.

Нөгөө талаар хууль тогтоомжоор дамжуулан ухамсарлуулах арга зам байна. Тухайлбал, дүрэм зөрчвөл төдий хэмжээгээр торгоно гэхээр хүмүүс торгуулахгүйн тулд дүрэм мөрддөг байсан бол яваа яваандаа амьдралын хэм хэмжээ нь болж өөрчлөгддөг тал бий. Бас нэг арга зам нь лидерүүд буюу үүнийг ойлгож, ухамсарлаж байгаа хэсэг нь нөгөө хэсгийгээ уриалдаг, тэдэнд таниулдаг байх явдал.

Манай залуучууд өнөөдөр нийгэмдээ манлайлагч, тэр ухамсартай нэг хэсэг нь байхын төлөө хичээхгүй бол болохгүй, бид нарт хүлээгээд суух, эсвэл хэн нэгнээс ямар нэгэн шинэчлэлтийг хийгээд өгөхийг хараад суух цаг байхгүй. Төрөөс сайн хууль батлаад өгөх эсвэл Бурханаас өгөх бэлэг байхгүй. Залуучууд бид өөрсдөө бүтээх ёстой. Бидний бүтээх ёстой ирээдүй л өнөөдөр бидний нуруун дээр байна гэж ойлгох хэрэгтэй.

Хүн зогсолтгүй суралцах ёстой гэж би түрүүн хэлсэн. Суралцахгүй бол ямар боломж байгааг олж хардаггүй. Тийм учраас суралцаад, аливаа зүйлийг мэдээд, мэдрээд ирэхээр боломжууд гарч ирдэг. Тэр боломжуудыг хүмүүс өөрөө ашиглахгүй л бол хүн бүтээлч үйлийг хийж чаддаггүй.

Бүтээлч амьдарна гэдэг нь нийгэмдээ болоод хувийнхаа амьдралд зогсолтгүй урагшлах тэр чанарыг л хэлээд байна л даа. Өөрөөр хэлбэл тодорхой түвшинд хүрээд сэтгэл ерөөсөө ханаж болохгүй, заавал дараагийн түвшин рүү шунаж байх ёстой. Тэр шунал нь эдийн засгийн шуналаар хязгаарлагдах биш, харин хүн гэдэг амьтан чинь цааш нь юу бүтээж болдог юм бэ, юу бүтээж чаддаг юм, энэ боломжийг ашигласнаар юунд хүрч чаддаг юм бэ гэсэн эрмэлзлэл, тэмүүлэлийг хэлж байна. Эрзэлзлэл, тэмүүлэл чамайг үр дүнд хүргэж байх ёстой. Үр дүн нь дээр миний хэлснээр спиралаар явах юм бол тун сайн.

Суралцаад чи боломжуудыг бий болго, боломжуудыг ашиглаад ямар нэгэн ахиц дэвшилд хүр, тэр дэвшилээ үнэл, түүндээ сэтгэл битгий хана, дахиад энэ спиралаар яваад байх ёстой. Ингэж чадвал чи нийгэмдээ эерэг өөрчлөлтүүдийг бий болгож чадна, идэвхтэй иргэн байж чадна.

Эсрэгээрээ бид зүгээр нэг өдөр хоногийг өнгөрөгөөд, үдээс өмнө хичээлдээ яваад, үдээс хойш найзуудтайгаа уулзаад, орой нь наргиж цэнгээд л байвал хамгийн идэвхгүй амьдарч байгаа хэрэг болно. Нийгэмдээ тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэдэг байх ёстой гэдгийг дахин хэлэхийг хүсч байна.

Туул голын хогийг цэвэрлэнэ гэдэг бол идэвхтэй иргэн, бүтээлч иргэн байхын нэг жишээ. Би энэ дээр нэг жишээ авч хэлье л дээ. Намайг 1994-95 оны үед Японд байхад маш их цас орсноос Токиод галт тэрэг, онгоц, автобусны хөдөлгөөн зогсчихсон. Японы залуучууд, иргэд бүгд гудамжинд гарч ирээд эргэн тойрныхоо цасыг цэвэрлээд эхэлсэн. Хагас өдөр болсны дараагаар хөдөлгөөн эхлээд хэвийн байдалдаа орсон. Улсаас төв зам болон галт тэрэгний замыг цэвэрлэсэн.

Монголд сүүлийн үед үүнтэй адил хөдөлгөөн өрнөж байна. Улсын Их дэлгүүрээс урагшаа явах замыг байгууллагууд мөнгө гаргаад зүлэгжүүлэн тохижуулж байна, хүмүүс цэцэг тариад эхэлж байна. Энэ нь жижигхэн юм шиг мөртлөө идэвхтэй, бүтээлч амьдарч чадаж байна, цагийг үр бүтээлтэй, хүмүүсийн сайн сайхны төлөө зарцуулж чадаж байгааг харуулж байна. Тэр газарт залуучууд та нар орой, өглөөд очиж сууж, цагаа сайхан өнгөрөөж байгаа болохоор хариуд нь хогоо хаяхгүй байх, цэвэрхэн ариг гамтай эдлэх зэрэг ямар нэг үйлдэл хийх хэрэгтэй.

Бүтээлч байхад тулгардаг санхүүгийн, бие биенээ дэмждэггүй, ойлгоддоггүй, хийж бүтээж байгааг нь сүйтгэх зэрэг олон саад бэрхшээл бий. Эдгээр бэрхшээлүүд тулгарахад юун түрүүнд хүн сэтгэлийн ялагдалд ордог. Тиймээс бид нар бэрхшээлийг давах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй.

Миний хийж байгаа зүйл хэзээ нэгэн цагт үр дүнгээ өгнө гэсэн итгэлтэй байх хэрэгтэй. Өнөөдөр өөртөө бат итгэл үнэмшилтэй байхад маргааш таны хоёр найз итгэл үнэмшилтэй болно. Нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа зүйлийг чинь хүмүүс харж, чамаар бахархаж, дуурайж эхэлнэ. Улмаар цаашаа гоеметр прогрессоор тэлнэ, нэг хүнээс хоёр хүн рүү, хоёр хүнээс гурав дахь хүн рүү очно. Сайн юм гэдэг чинь гэгээн байдаг учраас түүнийг харж байгаад суралцдаг.

Бас нэг чухал зүйл бол эрүүл байх ёстой. Монгол залуучууд өвчингүй, аливаа нэгэн ажлыг хийхдээ ачаалал нь даах сэтгэлзүйн болоод бие бялдрын бэлтгэлтэй байх ёстой. Оюутнууд, залуучууд та нар хичээлийнхээ гадуур бие бялдрын болоод сэтгэл санаагаа хөгжүүлэх, ачаалал даах чиглэлээр өөрийгөө бэлдэн дадлагажуулахад цаг зарцуулах хэрэгтэй. JCI гэдэг байгууллага маань үндсэндээ дээр ярьсан зүйлүүдийг л залуучууддаа, гишүүддээ сургаж, тэднийг нийгэмд болон цаашлаад дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэн ажилладаг.

Залуу үе нийгмийн залгамж халааг авч тодорхой хугацааны дараа улсаа, нийгмээ аваад явна. Тэр үед дээр ярьсанчлан эрүүл сэтгэлгээтэй, аливаа зүйлд хичээнгүйлэн зүтгэсэн, нөгөө цикл зарчим дээр тулгуурласан идэвхтэй иргэн байх ёстой. Хувь хүн өөрийгөө хөгжүүлснээр байгууллага, хамт олон хамт хөгжинө, байгууллага хамт олон хөгжсөнөөр улс орон хөгжинө, улс орон хөгжсөнөөр дэлхий нийт хөгжинө.

Идэвхтэй иргэн байна гэдэг нь нийгэмд хариуцлагаа ухамсарлах, өөрөөр хэлбэл нийгмийн нэг хэсэг гэдгээ ухамсарлаад ирэхээр хүмүүст хүссэн хүсээгүй урагшаа тэмүүлэх сэдэл бүрэлдэж эхэлдэг. Нэг хүн биш хэсэг хүмүүс тийм хандлагатай болоод ирэхээрээ хоорондоо эрдэм мэдлэгээрээ юмуу өмнөө тавьсан зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзэлээрээ өрсөлдөж эхэлдэг. Хажуудах найз нөхөд, өөртэй чинь адилхан хэн нэгэн залуу хүн урагшаа хүсч тэмүүлээд явж байгааг харахаар үлгэр жишээ болоод нөгөө хэд нь бас түүнтэй адилхан тэмцэх юмсан, зорьсондоо хүрэх юмсан гээд бодоод ирэхээр хүсэл тэмүүллийн хүрээ нь өргөжөөд, улмаар тодорхой хэмжээний үр дүн хүрч хэлдэг. Үр дүнд хүрээд ирэхээр сэтгэл ханахгүй дараагийнхаа зүйл рүү шунан тэмүүлдэг. Тийм учраас өөрийнхөө хүсч байгаа зүйлийг бодитой тодорхойлоод хүрэхийн төлөө зүтгэх хэрэгтэй.

Хүсэл тэмүүлэлгүй хүн гэж байдаггүй. Манай Монголын залуучууд их тэмүүлэлтэй гэж би боддог. Ганцхан тэр хүсэл тэмүүлэлдээ хүрэх арга замаа жаахан буруу сонгодог эсвэл сонгодоггүй залхуураад өнгөрөөдөг байж магадгүй. Тиймээс хүсэл тэмүүллээ амжилттай биелүүлээд явж байгаа бусдаасаа суралцах, үлгэр дуурайл авах нь чухал.

Үлгэр дуурайл авч суралцах, даган дуурайх хоёр ялгаатай. Өнөөдөр бусдыгаа хараад даган дуурайх үйлдэл залуучуудын дунд их байдаг. Манлайлж байгаа нэгнийгээ эрүүлээр зөв харж, тэднээс суралцах нь чухал. Эрүүлээр зөв сэтгэж байгаа хүмүүс маань бусдыгаа зөвөөр үлгэрлэх, өөрөөр хэлбэл зөвхөн өөрөөрөө дуусах биш бусаддаа туршлагаасаа хэлж, хуваалцдаг байх нь зүйтэй болов уу.

Мэдээж төр засгаас залуучууд руу хандсан бодлогоор дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Ялангуяа залуучууд цагаа зөв өнгөрөөх клубуудыг дэмжиж бий болгох хэрэгтэй байна. Гэхдээ залуучууд төр засгаас авах арга хэмжээг хүлээх биш өөрсдөө санаачлах хэрэгтэй, тэгэхээр аяндаа тэд нар та нар луу хандаж эхэлнэ.

Залуучуудын хүсэл тэмүүлэл, Монголын залуучууд хэрхэн бие зөв авч явах ёстой вэ гэдэг талаар өөрийнхөө бодож явдаг зүйлийг та бүхэнтэй хуваалцандаа баяртай байна. Бидний ирээдүй болсон шинэ үеийнхэн, Монголын залуучууд нэр төртэй, бүтээлч, идэвхтэй иргэн байгаасай гэж хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.
“Оюуны эрэл” оюутны холбооны гишүүд оролцов. 2009.07.21


2 responses to “Лекц No 21. Өлзийдэлгэрийн БАТБАЯР – “JCI Mongolia” ТББ-ын 2009 оны Үндэсний Ерөнхийлөгч: ИДЭВХТЭЙ ИРГЭН БАЙЦГААЯ

  1. Densmaa says:

    Хүн өөрөө амьдралын эзэн учраас өчүүхэн жаахан хичээж зүтгэж амьдарвал цаашид амьдралын амтыг улам илүү мэдэрнэ. Тантай санал нэг байна. Баярлалаа.

  2. batjargalpurev says:

    Сайхан сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: