for QLD Mongol

Куинсландын Монголчуудын Холбоо

Төрийн соёрхолт, зохиолч сэтгүүлч Д.Норов. Одоогийн залуучууд оюун санааны гуйланчлалд орсон байна

on Нэг дүгээр сар 12, 2013

3479_0001_68d8e0fc

Нийтэлсэн: 2013-01-08 10:41:35

Төрийн соёрхолт, зохиолч сэтгүүлч Д.Норовыг энэ удаагийн “Ном уншихуй” буландаа урьж ярилцлаа. Тэрээр “Жаргалын булаг”, “Хөх туульс”, “Хөх тавилан”, “Сэрэвгэр хадны зэрэглээ” зэрэг шилдэг бүтээл туурвисан үргэлжилсэн үгийн томоохон төлөөлөгчийн нэг.
Зохиолч маань өдгөө МҮОНТ-д 20 гаруй жил ардын өв уламжлал, түүх угсаатны зүйгээр нэвтрүүлэг бэлтгэн явуулж байна.

-Та цаг тутамд номтой холбогдож ирсэн. Тиймээс номыг өөрийнхөө үгээр тайлбарлахгүй юу?

-Ном бол нэг талаас эрдэм оюуны ухаан, нөгөө талаас уран сайхны ухаан юм. Энэ хоёроос бүтдэг зүйл. Тиймээс хүн өөрийнхөө хэрэгцээгээр аль талыг нь унших уу гэдгээ сонгох ёстой. Угтаа ном хүн төрөлхтөний бүтээсэн биетэй, биегүй асар их баялгийг өөртөө шингээж байдаг. Тиймээс үүнийг хүртэж явна гэдэг нь хүн байхын утга учиртай шууд холбоотой.

-Сүүлийн үед төрөл төрлөөр ном хэвлэгдэн гарч байна. Таныхаар ороо бусгаа энэ цаг үед ямар номуудыг уншиж судалбал хүмүүсийн гэгээрэл ухааралд үнэ цэнэтэй байна гэж боддог вэ?

-Дурдатгал, баримтат зохиол, сэтгэгдэл, бодол, бясалгалаа шууд илэрхийлсэн нийтлэлийн номууд их элбэг болж. Зарим хүмүүс бодол бясалгалын ном унших дуртай байдаг бол зарим нь нэгэн биеэр туулж өнгөрүүлсэн сонин хачин зүйлсийг сонирхож уншдаг. Харин уран зохиолын тухайд техник сэтгэлгээ, техник хэрэгсэл хөгжсөн энэ үед ном унших явдал багасчихаад байгаа юм. Яагаад гэвэл бэлэнчлэх сэтгэлгээний үерт автагдсан.

Интернэтээс жаахан материал олж аваад түүгээрээ аргацаах нь их бий. Гэтэл уран зохиолын ном гэдэг үнэлж баршгүй зүйлийг хувь хүнд ноогдуулсан байдаг. Гэвч түүнийг бодож үзэж ухаарахгүй байна. Уран зохиол гэдэг явж явж хүнийг өөрийг нь бий болгодог зүйл. Жинхэнэ хүн шиг хүн байна гэдэг огт өөр нар мэт гийгүүлж байх дээд эрмэлзлэл юм. Түүнийг уран зохиол бий болгодог.

Тууж, өгүүллэг, яруу найраг, романыг уншиж хүн бадарч эсвэл гунигладаг юм. Тухайлбал нэг явдлыг үзэн ядаж, жигшиж, нөгөөдөхийг бахдах, бахархах, нөгөөдхийг бүр орь хүслэн болгож сэтгэлдээ үлдээх, бас нэг зүйлсийг нь сэтгэлдээ яруу сайхнаар шингээж авах гээд хүмүүс номонд сэтгэл зүрхээ хуваарилчихдаг юм. Энэ нь өөрт нь эс мэдэгдээд хэний хэн болохыг харуулдгаараа онцлогтой. Тэгээд дээр нь хэмжээг нь ч бий болгочихож байна.

Бага уншаад, бага хүртээд, эсвэл эс хүртээд, аар саархан зүйлээр өнөө маргаашийг өнгөрөөж, сэтгэлээ хуурч яваа бол төдий чинээ л өнгөцхөн байх болно.

Харин хичнээн нарийн нандин зүйлийг нь мэдэж хүртэж авна уу, төдий чинээ амьдрал болоод ертөнцийг үзэх үзэл, хүнийг үзэх үзэл, тэр бүхэн огт өөр болоод явчихна гэсэн үг.

Ер нь уран зохиолд хайртай, түүнийг уншиж, оюун сэтгэлээ амирлуулж явдаг хүн баярлах шиг баярлаж, дурлах шиг дурлаж, хайрлах шиг хайрлаж үзэн ядах шиг үзэн ядаж, бадрах шиг бадарч чадна.

-Бэлэнчлэх сэтгэлгээнд автагдсан энэ үед номын борлуулалт ямар байна вэ?

-Номын борлуулалтанд нөлөөлөлгүй яахав. Сая л гэхэд “Оршихуй, эс оршихуй” шоунд оролцож байгаа залуучуудыг харж байхад ном уншаад түүнээсээ хэрэгтэй зүйлээ сонгож аваад түүнийгээ үзүүлээд чадчихаж байгаа хүүхэд алга байна. Нөгөө л интернэтээс өчүүхэн савныхаа хэрээр юм хутгаж халбагадаад, бүр амны жижиг халбагаар хутгаснаа үзүүлэх гэж оролдоод байсан нь үнэхээр хөөрхийдөө гэмээр санагдсанаа нуугаад яахав.

Яасан ядуу дорой оюун санааны гуйланчлалд орсон юм бэ гэж бодогдсон. Хамгийн их уншдаг, мөрөөддөг тэмүүлдэг залуу үеийнхэн маань ийм байдалд орчихоор номын борлуулалт яаж өөдтэй байх вэ дээ.

Хэдийгээр манайх номын даац маш багатай боловч социализмын үед бараг хүн бүхэн уншигч байсан. Хонины бэлчээрт, машины кабинд, автобусан дотор уранхай тасархай романууд хэсүүчлээд явдаг байлаа. Зарим нь бүр нойроо хасан уншдаг байлаа. Тэгээд л маргааш нь улаан нүдэлсэн хэрнээ сэтгэлд нь гэгээ орчихсон ажил руугаа явдаг тийм л хүмүүс байлаа шүү дээ.

Ингэж оюун санааны хувьд өөрийгөө гэгээрүүлж, явж байсан учраас муухай зүйл гардаггүй байж. Тэгэхээр хогоор, ертөнцийн муу муухай зүйлээр оюун санаагаа дүүргэх үү, эсвэл гэрэл гэгээгээр дүүргэх үү гэдгээ бодож үзмээр байна. Энэ бүхнийг өөрсдөө ялгаж салгах хэрэгтэй.

-Үүнтэй холбоотойгоор үнэнч уншигчид ч ховордож байна уу?

-Тийм. Гэхдээ бүгдийг үгүйсгэж болохгүй. Уншдаг хүмүүс байна. Харамсалтай нь цөөхөн. Уншиж байж хүний дайтай хүн болно шүү гэдгийг ухаарчихсан хүмүүс байна.

-Уран бүтээл туурвидаг хүн бүхэн бүтээлээ урт настай байгаасай гэж хүсдэг. Таны оюуны дээж бүтээл гэвэл?

-Зовж зүдэрч, чөмгөө дундалж бичсэн, эсвэл өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралаараа бичсэн тийм л туурвил илүү амттай. Хүнд илүү хүрдэг юм шиг байгаа юм. Яагаад гэвэл тийм зохиолд зохиолчийн зүрхний шүүс шүүрч дуссан байдаг байх, “Тэжээвэр”, “Сэрэвгэр хадны зэрэглээ” зохиолуудыг маань залуучууд унших хэрэгтэй. Хар нялхаасаа мэдэрсэн сэтгэлийн тэр нандин зүйлсээ би хэдэн тууждаа шингээж чадсан гэж боддог.

Залуудаа би их олон өгүүллэг бичсэн. Гэвч ихэнхийг нь хэвлүүлж амжаагүй алга хийчихсэн шүү дээ. Эцсийн эцэст би мөнгө, алдар нэр олох гэж зохиол бичээгүй. Бурхан, аав ээжийгээ хайрласан, бичиж туурвиж насыг барах хувь заяа ноогдсон болохоор миний оюуныхаа тогооноос дээжилж олондоо хүргэсэн бүтээлүүд маань урт настай байгаасай гэж боддог.

Өөрөөр хэлбэл 50 жилийн дараа миний зохиолыг уншаад, хүн нэгийг бодоосой, сэтгэлд нь гэрэл гэгээ, бахархлыг төрүүлж, сэтгэлийнх нь нандин эмзэг утсыг хөндөөсэй, сэрхийтэл санаанд нь нэг зүйл үлдэж байгаасай гэж боддог. Ийм бүтээл маань миний дээд бүтээл болов уу. Гэхдээ аль бүтээл вэ гэдгийг цаг хугацаа харуулна.

-Ингэхэд яруу найрагч үргэлжилсэн үгийн зохиолчоос юугаараа ялгаатай вэ?

-Утга зохиолын ноён нуруу нь үргэлжилсэн үгийн зохиол. Утга зохиолын ёроолд нь, бас оройд нь дэрвэж явдаг туг бол яруу найраг. Сэтгэлгээний хувьд нэг ай савд багтах ч өөр төрөл. Яруу найраг бодрол, эмзэглэлээс төрдөг. “Түмний эх”. Дөрвөн өдрийн дөрөө даах морь бол үргэлжилсэн үгийн зохиол.

Нэмж хэлэхэд Монголын зохиолчид нийгмийн үзэл санаа, ертөнцийг үзэх үзэлд хүчтэй нөлөөлж ирсэн. Д.Нацагдоржийн “Миний нутаг”, Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ” шүлэг, Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” романыг мэдэхгүй хүн байхгүй шүү дээ.

Д.Нэргүй
Эх сурвалж: “Нийслэл таймс”

http://www.sonin.mn


Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: