for QLD Mongol

Куинсландын Монголчуудын Холбоо

Лекц 20. Сугарын ОТГОНТУЯА – 93-р сургуулийн багш, сурган хүмүүжүүлэх ухааны докторант. ХҮҮХЭДДЭЭ ХҮСЧ ТЭМҮҮЛЭХ БОЛОМЖ ОЛГОЁ

on Нэг дүгээр сар 12, 2013

Монголын хүүхдүүдэд юу хэрэгтэй байна вэ? Тэдний сэтгэлд юу байна, яг юу хүсч байна гэдэг талаар ярилцах хэрэгтэй байна. Би хүүхэдтэй ойр ажилладаг, багш хүн. Багш хүн тухайн цаг үеийнхээ эрэлт хэрэгцээг хангаж ирж л дээ. Жишээ нь, 1921 оноос өмнө гэрийн багш нар хүүхдүүдийг таван бичигт тайлж, зурхайн ухаанд сургаад, аав ээжийнх нь хүссэнийг биелүүлж ирсэн. Тэр бүү хэл төрийн хэрэг барих эрдмийг ч гэрийн багш нар олгож ирсэн байдаг. Хувьсгалаас хойш сургуулиуд байгуулагдахад бичиг үсэгт тайлагдсан, дөрвөн аргын тоонд суралцсан хүн хаана хэрэгтэй байна, тэр газар бүхэнд багш нар явлаа.

Шинжлэх ухаан хөгжиж эхлэх үед өргөн мэдлэгтэй, гүнзгий боловсролтой гэгдэж мөн л нийгмийнхээ хөтөч болж байв. Харин энэ үе биднээс юу хүсч байна вэ? Хүний амьдрах арга техникийн, сэтгэлгээний асар их хувьсал гарч байна. Эргээд бодоход хүн төрөлхтний алдаа юу байв? Нар, сар, хөрс шороо, тэнгэр огторгуй, эд зүйл гээд бүгдийг яасан их судалсан юм бэ. Гэтэл өөрийгөө сонирхохоо больчихсон. Тиймээс ч өнөөгийн хүүхдэд өөрийгөө таних, ухаарах, дотоод ертөнцөө ойлгох хэрэгцээ маш их байна. Ялангуяа суурин соёл иргэншлийн их завгүй, зогсоо чөлөөгүй бужигнасан амьдрал дунд бодох ч завгүй явж байна.

Нүүдэлчин ахуйд малын бэлчээртээ өдөржин бясалгал хийж явдаг байхад өөрийгөө ч, хорвоогийн утга учрыг ч өөрөө таньж ухаардаг байж. Өөрийгөө таниагүй хүн өрөөлийг танина, бодол санааг нь уншина, сэтгэлийг нь ойлгоно гэдэг хүнд. Иймд өнөөгийн багш нарын хийх ёстой ажил хүүхдийг өөртэй нь ажиллуулах. Энэ ажил гагц багшид биш аав ээжид ч хамааралтай. Нэг сайн эцэг 100 багшаас дээр гэдэг үг байдаг шүү дээ. Хүүхдэд чиглэсэн бүх ажил өөрийг нь өөртэй нь яриулах, зүрхээ чагнаж мөрөөдлөө олж авах, түүнийхээ төлөө тэмцэхэд түлхэж өгөх хэрэгтэй байна. Үүнд хүүхдийн итгэл, урам маш чухал. Энэ ч зорилгоор шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ц.Няндаг багш санаачилж, 93-р сургуулийн захирал С.Батсүх багш түүчээлэн хэрэгжүүлж, “Итгэл урам”-ын хичээл орж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хичээлдээ хүүхдүүд өөрсдөө “аз жаргалтай амьдралын алтан түлхүүр” гэж гоё нэр өгсөн. Хүүхдүүдээ сайн үр байлгая, сайн хүн, сайн эхнэр нөхөр, сайн аав ээж, сайн эмээ өвөө болгоё гэсэн зорилго чиглэл дор бидний сүүлийн үеийн үйл ажиллагаанууд явагдаж ирлээ.

Ер нь монголчууд энэ уур амьсгалаар нэгдэж байна. Хүсэл тэмүүлэлтэй байя, хөдөлмөрч байя гэдгийг өмнөхөө бодвол харьцангуй их ярьж байна. Сайхан Монгол орныг бүтээн байгуулъя, сайхан монгол хүнийг төлөвшүүлье гэвэл бид бүгдээрээ хүсэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Өглөө бүрийн наран яах гэж манддаг юм бол, үдэш болгоны одод яах гэж гялалздаг юм бол, хаврын нялх ногоо яах гэж ургаж байгаа юм бол, уулын жижигхэн горхи түмэн нугачааг даван хамаг хүчээрээ урсдагийн учир юу юм бол, бяцхан хүү юуны төлөө хэл, хөлд орж тэнтэгнэн алхдаг юм бол? Амьдрал бүхлээрээ ямар нэг юм руу зорьж тэмүүлээд л байгаа биз. Яг үүний адилаар өнөөдрийн багш нар, аав, ээжүүд юуны төлөө амьдраад байгааг нь л хүүхдүүддээ ойлгуулах цаг болчихжээ.

Хүүхдүүддээ янз бүрийн бэлэг, чихэр авч өгөхөөсөө өмнө хүсэл зорилгын тухай ярьж өгөөсэй. Хүсэл тэмүүлэл зорилгын тухай, амьдралын утга учрын тухай, чи хэн юм, юу хийх учиртай юм гэдгийн талаар ярилцаасай, энэ талаархи ном авч өгөөсэй. Тэр бүхний утга учрыг ойлгосон хүн л амжилтад хүрдэг. Би сургалт явуулахдаа хүмүүсээс “Монголчууд яг хаачих гээд байна” гэж асуудаг. Хүмүүс хэлж мэддэггүй юм. Бидэнд нэгдмэл зорилго алга. Хаачихаа мэдэхгүй учраас энэ их хүч, Монгол хүний байгалийн өгөгдөл ашиглагдахгүй байна. Монголчуудын хамгийн сайхан ерөөл бол “Юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн биелэх болтугай” гэж байдаг. Гэтэл өнөөдөр есөн цагаан хүсэл гэж юу байдгаа ч мэдэхээ больчихсон.

Нийтээрээ нэгдмэл хүсэх, зорих юмтай, сэтгэлийн тэнхээтэй байхын тулд монгол хүүхэд бүрийг тэр зүгт чиглүүлэх хэрэгтэй. Бидэнд асар их хүч байгаа нь мэдрэгддэг. Генетикийн шинжлэх ухааны судалгаагаар ч хүлээн зөвшөөрөөд байгаа шүү дээ. Гэтэл хүчтэй гентэйгээрээ сүргийн манлайд явах ёстой атал сүүлддэгийн учир нь манлайд явъя гэх хүсэл байхгүйтэй холбоотой болов уу.

Монгол тэмүүлэл гэж ярихаараа Америк шиг, Япон, Солонгос шиг болчихвол гоё гэдэг. Монгол байя л даа, үүний тулд монгол хүсэл мөрөөдөл, монгол хүний зүрх, монгол хүүхдийн ассан гал хэрэгтэй байна. “Зүрх сэтгэлд чинь юу багтаж байна” гэж хүүхдүүдээс асуухад бодоод суучихдаг. Сургуулиа сайхан байлгая гэсэн бодолтой хүүхэд байна уу гэхэд хэд нь гараа өргөнө. Ангиа тухтай болгочихъё гэж боддог хүүхэд байна уу гэхэд бас нэг хэдэн хүүхэд гараа өргөнө.
Харин эх орон чинь, бүр цаашилбал хүн төрөлхтөн чиний дотор багтаж байна уу гэхэд тун цөөхөн нь гараа өргөдөг. Сургалт явуулсныхаа дараа асуухад бүгд “би хүн төрөлхтний амьдралыг шийдэж чадна, би эх орныхоо хөгжлийг шийдэж чадна, миний дотор их хүч байна, надад хүсэл зорилго байна, би хүсч байна” гэдэг юм. Хүсэл, зорилго гэдэг хүнд ямар их эрч хүч өгдөг гэдэг нь эндээс харагддаг.

Бид л асуудаггүй болохоос хүүхэд ихийг ойлгоно, мэднэ.
Зургаан настай хүүхэд хүртэл яаж амьдрахаа мэддэг. Бага гэж голсоор байгаад галыг нь унтраачихдаг. Юмны утга учрыг бодуулах, төрмөл чанараа олох, өөрийгөө дотогшоо чагнах зав өгөлгүй шахуу цагаар эрдэм ном зааж, долоо найман настай хүүхдийг доктор болгох гээд зүтгэчихдэг нь бидний гол алдаа.
Гэтэл зургаан настай хүүхдээсээ ямар мэргэжилтэй болохыг хүсч байгааг нь асуугаад үзээрэй. Аль хэдийнээ юу хийхээ бодож, хаана хүрэхээ төсөөлчихсөн байгаа. Би л хувьдаа зургаан настай хүүхдийн амнаас “урлагаар л амьдарна даа” гэсэн хэвлүүхэн хариулт сонсоод их бахархаж, бас гайхаж байсан.

Гэтэл манай боловсролын систем, сургалтын арга нь хүүхдэд үүнийгээ ярих боломж өгөхгүй байна. Нэгдүгээр ангийн хүүхдэд аав ээждээ хайртайгаа хэлэх, эх орныхоо тухай ярих, асрал нигүүлслийн тухай бодох зав олгохгүйгээр л довтолчихдог. Мэддэг байтал мэдэхийг нь болиулаад, яримаар байтал яриулахгүй байсаар амьдрал дээр гарахаар яахаа мэдэхгүй иргэд болж байна. Миний хүү юу хүсдэг вэ, юу чаддаг вэ, юунд дуртай бас дургүй вэ, яаж амьдармаар байна, юу хиймээр байна гэдгийг нь бичүүлээд үзээрэй. Тэгээд хүүхэддээ зорилгын дэвтэр хөтлүүл. Түүнийгээ хүүхэд насан туршдаа хөтөлж байг. Ингэснээр багц ойлголттой болно. Дараа нь хүсэл зорилго, бодол бол энерги, бодол биелдэг юм, бодит юм гэдгийг мэдэрч эхэлнэ. Өнөөдөр энэ тал дээр хэн ч эргэлзэхгүй ярьдаг болж.

Бодитоор төсөөлөн бодсон үед л хүсэл зорилго биелдэг юм. Дараагийн удаад хүүхэддээ “мөрөөдлийн альбом” нээж өг. Ямар байшинд амьдрах юм, ямар машин унах юм, ямар номын сантай байх юм, ямар хүмүүстэй найзлах юм, цаашилбал ямар ханьтай болох юм гээд хүүхдэд өөрт нь байгаа төсөөлөл хүслийг зургаар буулгаж өг. Бага насны хүүхэд зурганд сэтгэлээ шингээдэг юм шүү. Зорилгын дэвтрийг нь уншуулж, мөрөөдлийн альбомыг нь үзүүлээд хичээл болгоны өмнө би төвлөрөл хийлгэдэг. Өөрийгөө чагнаж, хүсэл мөрөөдөл дундаасаа нэгийг сонгож аваад биелсэн мэтээр харахаараа хүүхэд өөртөө их итгэлтэй, бахархалтай болдог. Өдөр бүр үүнийг нь сануулбал хүүхэд их өөрчлөгдөнө.

Зам үгүй бол замаа бүтээ гэж үг бий. Тиймээс хүүхдүүдээ хичээл дээр яагаад ийм дүн авав гэхээр багш заагаагүй, эсвэл ном байгаагүй гэсэн тайлбар тавьдаг хүн болгож болохгүй. Өөрөө өөртөө зам гаргахад нь дэмжиж урамшуулж бай. Нэг ч сурах бичиггүй байхад ч сурч болдог. Суръя гэсэн хүсэл байхад тэгж чадна. “Мөрөөдөл миний сэтгэлийн луужин” номоос Дани улсын хөгжсөн түүхийг уншаад би шууд уйлж байсан. Дани улс тийм бэрхшээл дундаас босож чадсан байна.

Гэтэл манай эх оронд хэчнээн гайхам боломжууд байна гээч. Бид л өөрсдөө тариа тарихаа хүртэл боломжгүй гээд суудаг. Тэднийг бодвол бид диваажингийн газар амьдарч байна. Үнэндээ манай хөрсөн дээр санамсаргүйгээр хийсч ирсэн үр ч ургачихдаг өгөгдөлтэй газар нутаг. Тэгэхээр өсч дэвжиж яваа охид хөвгүүд маань энэ боломжийг, эрх чөлөөний үнэ цэнийг илүү ойлгоосой.

Ангийнхаа ширээ сандлыг хайрладаггүй, цүнхэн дэх дэвтэр номоо гамнадаггүй залуу үеийнхнийг хараад энэ тухай боддог юм. Тэр ширээг өмнө нь тавиад тухтай саруулхан танхимд хичээллүүлэхийн төлөө өчнөөн охид хөвгүүд ааваа дайнд үдэж, ээж нь амьдралаа үүрч, нулимс зовлон дундаас өнөөдрийн жаргал боссон. Өнөөдрийн нэг охин жаргалтай амьдраасай гэж хэдэн зууны өмнө Мандухай гэдэг охин хувийн жаргалаа зольсон, өнөөдрийн нэг хөвгүүнийг жаргалтай байлгах гэж хэдэн зууны өмнө Чингүнжав гэдэг залуу халуун биеэ зоосны нүхээр хэрчүүлсэн. Энэ л эрх чөлөөний үнэ цэнийг, эх орны үнэ цэнийг, амьдралын үнэ цэнийг мэдэхгүйгээр үнэ цэнэтэй амьдрал босгоно гэж үгүй. Эцэст нь, бүгдээрээ хүссэн ирээдүйтэй, хийсэн бүтээсэнтэй, асч дүрэлзэж амьдарья гэж хүүхэд залуустаа уриалъя. Бие биедээ амжилт хүсээрэй. “

Идэр” дээд сургуулийн оюутнууд оролцов. 2009.05.26


Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: