for QLD Mongol

Куинсландын Монголчуудын Холбоо

Лекц 18. БИД ТЭНГЭРЛЭГ ХҮМҮҮС. Сэвжидийн СҮХБААТАР – Монгол Улсын төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглэгч:

on Нэг дүгээр сар 7, 2013

Монголчууд тэнгэртэй харьцдаг хүмүүс гэж эзэн Чингисийн хэлснээр би өөрийгөө тэнгэрлэг хүүхэд гэж боддог. Монгол хүн болж гэртээ өссөнөөрөө, дэлхий ертөнцийг тооноороо олж харснаараа би өөрийгөө тэнгэрлэг хүүхэд гэж тооцож, тэнгэрлэг ард түмний нэгэн элсэн ширхэг нь болж тэнгэрлэдэг яваадаа өнөөдөр баярладаг. Энэ тэнгэрлэг эх орон, аав ээжийнхээ буяныг би юугаар хариулах ёстой юм бэ гэдгийг хүүхэд ахуй насандаа мэддэггүй байж. Үүнийг мэдүүлэхийн тулд эмээ өвөө, аав ээж, мөлхөж алхаж байхад минь асран хүмүүжүүлж байсан цэцэрлэгийн багш, анх нэгдүгээр ангид ороход “А” үсэг зааж өгсөн багш нар, дэлхий ертөнцийн эрдмийн агуу их замд хөтлөн оруулсан эрдэмтэн мэргэдүүд зааж, оюун ухааныг минь хөглөж өгсөн.

Эх дэлхий маань мөнхийн хөдөлгөөнд оршдогийн адил эх дэлхийн эгэл хэсэг болсон хүний хөдөлгөөн бас мөнхийн юм. Энэ байнгын хөдөлгөөнөөс өөрийн амьдралаа цэгцэлж, бий болгодог зүйл юу вэ гэхээр хөдөлмөрлөж байж л амьдралынхаа хөгийг олж авна.

Миний хувьд амьдралынхаа хөгийг олж авахад аав минь хөтлөн дагуулж, зааж сургаснаар өнөөдөр монгол хүнийг төлөөлж, монгол хүний зан заншил, монгол нутгийн, газар шорооныхоо энэ сайхан үзэмжит төрхийг бүжгэндээ тусгаж, ард түмэндээ үзүүлэх юм байна гэдгийг ухаарсан. Монгол хүн, монгол бүжиг, дэлхийн хүн, дэлхийн бүжиг бол нэг юм. Ер нь хүний үйл хөдөлгөөн бүр бүжиг. Тэр хөдөлгөөн бүхнийг бүжиг болгоно гэдэг тийм амар биш, энэ бол гүн ухаан. Би бүжиг дэглэхдээ монгол хүний хөдөлгөөнийг юунаас олж авах вэ гэж боддог. Монгол нутгийн уул ус, газар шороон дээр оршин буй таван хошуу мал, байгаль, ан амьтан, олон төрлийн мод, жимс, цэцэгс, янз бүрийн хэлбэрээр тогтсон Алтайн сүрлэг уулсын хад, хэцүүд, Хангай нутгийн ой мод, өндөр сарьдаг, өтгөн тайга, тайгын хажуугаар байгаа тал, нуурууд, говийн нүдний хараа хүрэхгүй цэлийсэн сайхан тал хөндий, элсэн манханууд, энэ бүгдтэй эв эеэ олоод амьдарч байгаа араатан амьтад, хүн зоны ахуй амьдралыг бүжгийн хэл дээр буулгах юм. Түүнчлэн Монгол үндэстнийхээ зан заншил, баатарлаг тэмцэл гавъяа, эв нэгдлийнх нь тухай магтан дуулахыг ч бас бүжигтээ буулгадаг. Хүн төрөлхтөн араатнаас ялгарч отог омгууд бий болж, түүнээс Хүннү, Сүннү гүрэн үүсч, Монгол гэдэг зан заншил, ёс дэгийг бий болгосон. Тэр дунд нэгэн гол зүйл анзаарагддаг нь үндэсний хувцас, үндэснийхээ соёлыг эх байгалийнхаа хувилбар болгон хэрэглэж чадсан байгаа юм. Монгол хатдын хувцас л гэхэд дэлхийд байхгүй зүйл. Олон зууны өмнө бий болгосон хувцасыг дэлхий өнөөдөр сонирхон үзэж, өөрийнхөө хувцасны төрөлд шингээж авч байна. Энэ хувцас энд зуунд гайхамшигт шинэ төрөлдөө орж, дахиж баяжуулагдаж байна. Монгол хатдын хувцас эвэртэй байдаг. Зэрлэг байсан ан амьтдыг хүн өөртөө дасгаж, ахуйдаа хэрэглэн анх таван хошуу малыг гаршуулан малласан. Энгийн малчин хүн малынхаа эврийг олж хараад хадан дээр сүг зураг болгон зураад, буган зурган чулуун хөшөө болоход урлаг, эдлэл хэрэглэл рүүгээ өмсдөг хувцас болгож урлан бүтээжээ. Хатдын өмсөж байгаа эвэртэй хувцас бол аргал угалз, янгир ямаа, үхэр ч юмуу, сарлагийн дүрслэлүүд байдаг. Энэ нь эх байгаль дэлхийтэйгээ хослуулан хөгжүүлж, урлаг болгон гаргаж ирсэн ард түмнийхээ ахуй соёлыг хувцсандаа шингээсэн байдаг. Энэ бүгдийг бүжиг дэглэгч бид олж мэдээд ертөнцийн ан амьтан, хүний хөдөлгөөнийг хослуулан уламжлалт зан заншилдаа буулгаж ирснээрээ монгол бүжиг болон хөгжиж байна. Өнөөдөр монгол бүжиг сэргэлэн жавхаат хэмнэлтэйгээрээ дэлхийд алдаршиж байна. Энэ агуу том дэлхий ертөнцийн урлагийг монголчууд өөртөө бий болгож чадснаараа монгол түмний минь гайхамшиг, энэ түүхийг бидэнд үлдээхийн тулд их Монголын эзэнт гүрнийг байгуулж, Монголыг минь өнөөдрийг хүртэл таниулж өгсөн эрэлхэг зоригт их хаадууд, баатар эрс, их хатдууд өнөөдөр миний ур ухаандаа гаргаж бодох бодлын минь цэнэглэж өгсөн. Цагаан цаасан дээр дурайтал бичиж өгсөн өвөг дээдсийн минь алтан сургааль мөнхрөн үлдэж дээ.

Миний Монголдоо хийсэн том уран бүтээл бол “Нарны домог” гэж анхны үндэсний бүжгэн жүжиг. Энэ бүжгэн жүжгийг өнөөдөр 22 жилийн дараа үзэж байхдаа би ямар хувь тавилангаар үүнийг хийв ээ, эх түүхээ уншин судалж, түүний гайхамшгийг мэдэрч хийхийн тулд ямар агуу хүмүүс надтай хамтран энэ уран бүтээлийг хийв ээ гэж өөрийн эрхгүй бодогдсон. 22 жилийн өмнө би залуухан байж. Нэг, хоёр насны зөрөөтэй л хүмүүс надтай хамтран хийж, намайг хурцалж, үүнийг хийх эрмүүн хүсэл тэмүүллийг бадраасан. “Нарны домог” гарснаас хойш энэ дэлхийн жуулчид Монголын бүжгэн жүжгийг үзэх гэж тэмүүлэн ирдэг болсон. Энд би маш их баярлаж явдаг. “Нарны домог”-ийг бид бүтээснээрээ номон дээр бичсэн монголын урлагийг тайзанд мөнхлөн үлдээж, монгол хүн зоныхоо дэлхийтэй харьцдаг гайхамшигт оюун ухааныг холбож өгч чадсан. Дэлхийн түүхэнд нараа магтан дуулсан ард түмэн хаана байдаг юм бэ? Тугандаа нарыг залсан нэг орон бол Япон. Нараа магтан дуулсан орон бол Монгол. Уужим дэлхийг уяруулан байдаг наргүй бол юу болох вэ? Хүн зон, байгаль, ус бүгд үгүй болон сөнөж, галав юүлнэ гэдэг болно. Тийм учраас галав юүлүүлэхгүйн тулд нараа хайрлах ёстой. Хүн гэдэг амьтан зүрх нь цохилж байж амьд оршдог. Тэгвэл дэлхийн зүрх болсон нараа хайрлаж, магтан дуулсан орон бол Монгол гэж би бахдалтай хэлнэ. “Нарны домог”-ийн өмнө нэгэн том уран бүтээл гарсан нь дэлхийн бараг сүлд дуулал болсон, Монгол Ардын уртын дуу “Уяхан замбуу тивийн наран” юм. Үүнийг бидний эх болсон, “Наран эх” гэж нэрлэдэг Норовбанзад гуай амилуулан дуулсан. Норовбанзад гуайтай би хамтран ажиллаж, “Уяхан замбуу тивийн наран” дууг нь сонсож байж хүмүүжсэн. Норовбанзад эхийн 60 насны ойгоор “Уяхан замбуу тивийн наран” гэдэг уран бүтээлийг нь хамтран бүтээлцсэн. “Уяхан замбуу тивийн наран” гэдэг нарыг магтсан, агуу том уран бүтээлийг нэр нь үл мэдэгдэх агуу хөгжмийн зохиолч, агуу яруу найрагч мөнхлөн үлээсэн. Үе үеийн уртын дуучид энэ дууг цаашид дэлхийд дахин авч гарах болно гэдэгт итгэж байна. “Уяхан замбуу тивийн наран”, түүний мөнхийн хөдөлгөөнийг улаан, хөх, ногоо, цагаан, шар гэсэн дэлхийн таван өнгөөр “Нарны домог”-тоо дүрсэлсэн. Дэлхийд нараа магтан дуулсан энэ агуу ард түмэн бол ертөнцийн чихнээ дуурсгалтай Монгол гэдэг ард түмэн юм.

Өнөөдөр монголчууд бид Монгол гэж хэлээд, монгол хүнээ хамгаалж чаддаг болж эхэлж байна. Монгол газар шороогоо, монгол урлагаа, зан заншил, өвгөдийн сургаалиа хамгаалж, сэргээж байна. Би уран бүтээлээ Монгол гэж хэлдэг, хэзээд хэлж явна. Гэхдээ 10 удаа Монгол гэж хэлэхийнхээ оронд “аргалын утаа боргилсон” гэж аргалаа магтан дуулсан ахуйгаа хадгалж явах нь чухал. Монголчуудын оюун ухааны хамгийн шилмэл гайхамшиг нь малынхаа баасыг хашаа болгоод, галаа түлээд, цайгаа чанаж, хоолоо хийдэг. Ямар ч арц хүжний үнэрнээс илүү тэр шимт өвсний үнэр монгол хүний хамраар дамжин оюун ухаанд нь орж байна. Монгол хүн аргалын утааг үнэрлэх хичнээн дуртай байдаг билээ. Аргалаа түүнэ гэдэг монгол хүний бас нэгэн өв уламжлал. Араг үүрээд савраараа аргалаа түүнэ гэдэг чинь хөдөлгөөний нарийн томъёолол. Аргалыг савраараа түүж аваад араг руугаа алдахгүй онож хийж байгаа тэр хөдөлгөөний олж хараад би “Аргалын гал” гэдэг бүжиг зохиосон. Аргал түүгээд явж байгаа эмэгтэй бидэнд агуу соёлоо үлдээж байна. Нэг аргалыг үзээд нойтон байвал эргүүлж тавиад яваад өгнө. Тэр аргалыг хатахаар хажуу айлын эмээ юм уу хүүхэд түүж аваад галаа түлнэ. Энэ бол жижигхэн, энгийн мэт боловч том зүйл. Бид энэ жижигхэн зүйлээ том болгон гаргаж гайхуулж чадах ёстой. Өөрийн өвөрмөц жижиг зүйлийг том уран бүтээл болгож, ард түмнийхээ зан заншил ёс дэгийг мөнхлөн үлдээж чаддаг нь уран бүтээлч бидний үүрэг хийгээд гавъяа юм. Тиймээс би бүжигчдээ өөрөөсөө илүү мэдлэг боловсролтой, бүжиг дэглэгч, найруулагч болоосой гэж хүсдэг, үүнийг маань олон бүжигчид маань биелүүлж, сайн бүжиг дэглэгч, найруулагч нар болж эхэлж байна. Бүжиг бүтээх нь хувцас, зураач, хөгжмийн зохиолч, яруу найрагчид гэсэн бүрэлдэхүүнийг агуулдаг хамтын уран бүтээл. Сүүлийн үед чуулгад маань сайхан хөгжмийн зохиолчид гарч ирсэн. Ер нь улс орон бүр бүжгийн бие даасан сургуультай, бүжгийн чуулгатай байдаг. Саяхан “бүжгийн мэргэжлийн зөвлөл”, “биелгээний холбоо” гэж байгуулагдлаа. Зан заншил, эх язгуур хөдөлгөөнийг биелээч ахмадууд маань залуу үедээ зааж өгье гэсэн тэмүүлэлтэйгээр ажлаа эхэлчихээд байна. Миний ганц тэмүүлэл бол Монголын бүжгийн чуулгыг бий болгох. Монголын бүжгийн чуулгыг бий болгочихвол дэлхийтэй шууд харилцах зам нь ойрхон байна. Ахмадынхаа хийсэн уран бүтээл, хэлсэн үгийг хойч үеийнхэн маань хэдэн зуун замжуулан хадгалан авч явснаараа дэлхий ертөнцтэй Монголыгоо холбож чадна гэж би боддог.

Өнөөдөр би олон хүний хүүхдийг сурган хүмүүжүүлж, хамтдаа амьдарч байж уран бүтээлээ туурваж байна. Хөдөлж байгаа дэгийн хөдөлгөөн бүр зан заншлаа харуулж байдаг учраас ийм хөдөлгөөнийг ингэж сур, энэ чинь ийм хөдөлгөөн юм шүү, үүнийг илэрхийлсэн юм гээд л дандаа тэдэндээ сургааль айлдаж байдаг. Зарим үед найруулагч, дэглэгч бид нар чинь огцом уурлана. Огцом уурлах тэр үед тархи руу маань “та өөрийгөө бодохгүй байна” гэдэг үг орж ирдэг. Битгий уурла, уурлах юм бол өөрөө өөрийгөө, тархи мэдрэлээ алж байна гэсэн үг. Тайван байж, уурласан ч гэсэн уур уцаараа барьж сур. Аливаа зүйлийг үнэнээр нь хэл, худлаа хүнийг магтан дуулдаг битгий бай. Хүн намайг муу хэллээ гээд бүү шантар, хүн магтлаа гээд битгий сагсуур, би Монгол хүн Аргалын утаа боргилсон, Малчны гэрт төрсөн Атар хээр нутгаа Өлгий минь гэж боддог гэдэг шигээ намайг өлгийдөж авсан энэ Монгол нутгийнхаа төлөө л зүтгэ. Та биднийг өлгийдөж авсан энэ Монгол нутаг минь байна, Монгол нутагаа хамгаал, хайрла, би Монгол хүн.

“Оюуны эрэл” оюутны холбооны гишүүд оролцов. 2009.07.27


Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: