for QLD Mongol

Куинсландын Монголчуудын Холбоо

Лекц 17.“Хурд” хамтлагийн ахлагч Дамбын ГАНБАЯР:ДУУНД ХӨГЛӨГДСӨН АМЬДРАЛ МИНЬ

on Нэг дүгээр сар 7, 2013

Монгол тэмүүлэл сэдвийн дор Монгол орондоо монгол хүн болж төрснийхөө учир утгыг бага боловч дүү нартайгаа хуваалцах цаг зав тохиолдсонд баяртай байна. Би багаасаа хөгжмийн хүн болох гэж тэмүүлж, тэр тэмүүллээ биелүүлж яваа болохоор хөгжим талаасаа ярья. Эх орон зогсож байгаа газраас эхэлнэ гэх мэт янз янзаар л хэлдэг. Миний бодлоор өглөө дөнгөж сэрээд л эх оронтойгоо золгож эхэлдэг гэж боддог. Өглөө босоод л өнөөдөр би эх орныхоо төлөө юу хийх билээ, энэ монгол газар шороон дээрээ хаашаа явах, өнөөдөр миний зорилго бодол юу билээ гэдгийг бодож эхэлдэг.Дөнгөж сэрээд ээжийнхээ цайг уугаад, ааваасаа өдрийн ажлын үүрэг даалгавараа авах тэр мөчөөс л эх орон эхэлдэг болов уу. Монголоороо би яаж амьдрах вэ гэдэг соёлоос эхэлнэ. Эрдэмтэн мэргэд, ахмадуудын маань хэлсэнчлэн хэл, хил, соёл гурваа л мартахгүй байвал Монгол орон цаашдаа өөрөө оршин тогтнож, энэ олон улсын дотор өөрийн гэсэн нэр хүндээ авч явах нөхцөл бүрдэнэ.

Би жаахан байхдаа эх орон ч хүн гэхээр дайн байлдаанд баатарлаг гавъяа байгуулж яваа хүнийг боддог байсан. 1939, 1945 онд Түвдэнгийн Бор эх орны охин байлаа гээд л, аль эсвэл Оросын Александр Матрасов юм уу Аюуш баатар гэхэд пулемётны амыг цээжээрээ хаагаад л, ер нь ингэсэн хүн л эх оронч байдаг юм болов уу гэж боддог байсан. Энэ насан дээрээс эргээд харахад тэр нь тухайн цаг үед биднийг хүмүүжүүлэх гэж хэлж байсан багш нарын маань үг байж. Би эх орны хүү, би ард түмний баатар болно гэсэн үзэл бодолтой эх орныхоо жинхэнэ иргэн байх нь, түүнчлэн би юугаар өөрийгөө бахархуулж, бусдаас юугаараа онцгой болох вэ гэдэг нь өдөр тутмын алхаа гишгээ, соёл, найз нөхдөө хүндлэхээс эхлэх юм шиг санагддаг.

Найзыгаа, бусдыг хүндлээд, зөв боловсон харьцсан цагт найз чинь эргээд чамайг хүндэлнэ. Орчин үеийн хүүхдүүд мэндлэхдээ хүртэл зөв хэл соёлоо харуулж, хэллэгүүдээ хүртэл зөв илэрхийлэхэд их гоё сэтгэгдэл төрүүлдэг. Жишээ нь, нэг найзтайгаа мэндлэхдээ “сайн уу” гэдэг үгийг дуртай дургүй хэлэх, аль эсвэл бүр баруунлаг хэлбэрээр “Нi” гээд хэлэхэд монгол ёс заншлаа бага зэрэг гээгээд байна уу гэсэн бодол надад төрдэг. “Та амархан сайн уу” гээд мэндлээд байх нь энэ цагт зохицохгүй байж болох ч дууны өнгө, илэрхийлж байгаа хэлбэрт ялгаа нь харагддаг. Монгол ёс заншил, монгол иргэншил, монгол хүмүүжлээрээ үлдэх нь хувь хүний харилцаанаас эхэлнэ.

Би ангидаа жаахан биетэй, доороосоо хоёрт жагсдаг байлаа. Хамгийн жаахан нь гэсэн үг. Хэдий би монголоос өөр хэл мэдэхгүй ч гадны соёлыг хурдан сурахын тулд, дэлхийн хөгжмийн урлагийг судлахын тулд өдөр бүр биеэ дайчилж их хичээдэг байсан. Энэ жишээн дээр би юу хэлэх гэж байна вэ гэвэл, хүн ямарваа нэг зүйлийг бодоод зүтгэвэл Бурхан тэнгэр харж, заавал амжилтад хүрдэг. Зорьсан зүйлдээ туйлбартай байх хамгийн чухал. Онгоцны нисгэгч болно гэвэл түүндээ зориулаад, сургууль хичээлийнхээ завсар зайгаар тэр л хүсэл тэмүүллээ дотроо бодоод зүтгэвэл ямар нэг байдлаар амжилтад хүрдэг. Олон юм руу үсчээд, тэнд ч очиж хоккей тоглоод, энд ч ирээд хөл бөмбөг өшиглөөд, ийшээ ирж сагс тоглоод байвал зүгээр нэг дундын л нөхөр болно. Дууны урлагт гэж бодоход тэнд очоод рок поп дуулаад л, энд ч нэг хип хоп дуулаад л, өөрийнхөө зорилгыг урдаа тавилгүй, юм юм руу үсчээд дүүлээд байвал хэн ч биш, зүгээр завсрын нэгэн болж хувирдаг. Аав ээж нь ч манай энэ сайн дуулдаг ш дээ, яваад л байна, болоод л байна гээд бодоод л байдаг. Үнэн хэрэг дээрээ тийм биш байвал их хайран. Тэгэхээр өмнөө тодорхой зорилго тавих, тухайлбал, хөгжмийн урлагаар л гэхэд гитарчин болно гэвэл гитараа бариад л гүйх нь чухал. Сүүлийн үед би их бахархаад байгаа. Нэг хэсэг Улаанбаатарын гудамжаар гитар үүрсэн залуус ховор байсан даа. Гэтэл одоо урт үстэй, гитар зүүсэн гоё залуучууд явдаг болж. Үүний цаана монгол соёл, монгол урлаг яваад байгаа нь харагдаад байна.

Би дөрөвдүгээр ангид байхаасаа буюу 1975 оноос хөгжим тоглож эхэлсэн. Монгол орныхоо бүх аймаг, сумаар аялан тоглож үзсэн. Ингэж явахад эх байгаль, гол, ус маань үзэсгэлэнтэй сайхан, сум, аймгийн төвүүдийн хөгжил нь жигд их сайхан харагддаг байсан. Гэтэл сүүлийн үед сонгууль энэ тэр гээд аймгуудаар явж байхад нэг л гандсан гундсан, ой мод нь байхгүй болчихсон, навчыг нь зулгаачихсан юм шиг… Яаж цаана нь гарна даа гэж айгаад, хөлөө дүрж ч чадахгүй байсан өргөн гол нь нэг үсрээд л гатлаад гарахаар болчихсон байна. Хүний өөрийн оролцоо, буруутай үйл ажиллагаас болж эх байгаль маань ийм болоод байна. Өнөөдөр миний гудамжны энэ мод, миний гудамжны энэ цэцэрлэг гоё байх ёстой, энэ бол миний Монгол, бусдаас дутах юмгүй, адилхан л байгаль дээр оршин тогтнож байгаа болохоор яахаараа манай Улаанбаатар ингэж шороо бужигнаж, хог нүүрэн дээр наалдсан хот байх ёстой юм бэ гэж бодож үзээсэй.

Нэг модыг ч гэсэн услаад өнгөрөх, дотоод сэтгэлээрээ зүлэг модыг хайрлаж явах ёстой юм болов уу. Германд 1945 оны дайны үед герман хүний ухамсар өндөр байсан. Дайны үеэр зүлгэн дээр гүйгээд гарвал амьд гарах боломж байсан ч зүлгээ тойрч гарч байгаад буудуулсан герман цэргийн түүхийг та нар сонссон байх. Тэр цэрэгт эх орноо, эх байгалиа гэх сэтгэл гүнзгий, ухамсар өндөр байснаас зүлгээ тойрч байгаад амиа өгч байна шүү дээ. Манай залуучууд болж өгвөл хог битгий хаяач ээ. Хог хаяхгүй байна гэдэг эх орноо хайрлаж байгаа, эх оронч хүн. Ийм энгийн зүйлээс өөрийгөө дотроо хүмүүжүүлж, дараа нь зүлгэн дээр гүйхгүй байя, мод хугалахаа байя гэсэн ухамсартай болохыг хичээвэл сайн байна.

Өнөөдрйиг хүртэл би 30 гаруй жил тайзан дээр хөгжим тоглохдоо Монгол орныхоо олон газраар дуулж, тоглож явлаа. Манай хамтлаг эх орны тухай дуу их дуулдаг. яагаад “Хурд” хамтлаг эх орны тухай дуу олон хийдэг юм бэ, яагаад амьдралыг эх дэлхийтэйгээ, байгальтай холбож дуулдаг вэ гэхээр эр зоригтой баатар болъё гэсэндээ биш эх оронч хүмүүжил, эх орон миний юм, миний хэл, соёл гэж бодсон сэтгэлийн илэрхийлэл болгон дуулдаг юм. Өвөр монголчууд, буриад монголчууд “Хурд” хамтлагийн Монголоо гэх сэтгэлтэй эх оронч дуунуудаар үнэхээр бахархдаг.

Эх орон гэдэг хайрлахын ухаан, эх орон гэдэг бусдаас харамлахын ухаан. Бусад орноос миний орон ямар ч үед өөдрөг байсан, өөдрөг ч байх болно, тийм ч байлгахаар залуучууд бид авч явна гэх итгэл дүүрэн цөмөөрөө өөдрөг тэмүүлэлтэй байцгаая. Эх орон жижигхэн зүйлээс эхэлнэ шүү. Нэг чихрийн цаас, хог газар хаяхгүй байхаас, аль эсвэл мод хугалахгүй, зүлгэн дээр гүйхгүй, хаа нэгэн газар байгаль орчныг сүйтгэхгүй байх, хоорондоо зүй бусаар харьцаж соёлгүй ухвар мөчид, гэнэн томоогүй үйлдлийг хийхгүй байх, найз нөхөддөө буруу, зөвийг нь ялгаад хэлчихдэг байх зэргээс эхэлнэ. Бага байхад “та нарын дунд ирээдүйд энэ орныг авч явах хүмүүс бий” гэж багш болгон бидэнд хэлдэг байсан. Өглөө хичээл эхлэхээс өмнө хэлдэг байв. Би тэр үед ангийнхнаа хараад тийм удирдах хүн байгаа юм болов уу гэж боддог байсан. “Эх орон та нарын гарт байдаг” гэж багш нар чинь бас хэлдэг байх. Үнэхээр та нарын гарт байдаг юм аа. Олон сайхан найз маань одоо төр улсын том ажил хийгээд явж байна. Иймээс бие биенээ, найз нөхдөө битгий голоорой. Тэдэн дотор чинь л энэ эх орныг удирдах удирдагч байна байгаа шүү. Та нарын дотор ч ирээдүйн Монголын ерөнхийлөгч, ерөнхий сайд, Монголоо ирээдүйд аваад явах сайн хүмүүс байгаа гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ хүн болгон удирдагч болдоггүй. Хүн болгон дарга болдоггүй. Ирээдүйд ямар ч ажил алба хашсан бай хамгийн гол нь бие биеэ хүндлэлж явах сайхан. Эндээс л эх оронч хүн байх, эх орноо хайрлах сэтгэлийн үр соёолно.

Ш.Гүрбазарын бичсэн “Эх орон” гэдэг дууг та бүхэн мэднэ:
“…Дэлгэсэн тэрлэг шиг нутгийнхаа
Хүү нь болохоор адилхан би
Эжийтэй минь ижилхэн ганцхан заяах
Эх оронтойгоо би дэндүү адилхан”
гэх энэ үгийг сая олимпийн аварга болсон Э.Бадар-Ууган Кубыг ялсан тэрхэн мөчид хэлсэн нь надад их тод сонсогдсон. Тэр олимпийн тайзан дээр эх оронтойгоо би дэндүү адилхан, би Монголоороо бахархана гэж:
Айрганд нь ардын дуу шингэсэн
Хөхүүрээр нь ханаан гоёдог
Аяганд нь үдийн нар тахилсан
Өвгөдөөрөө хоймроо гоёдог
гэсэн “Монголоороо гоёдог” дууны хэсгийг манай Бадарууган олимпийн рингэн дээр ялалт байгуулчихаад хэлж байсан. Тэр үед ёстой нэг омогших сэтгэл надад төрсөн. Аялгууг нь манай Отгоо, үгийг нь Гүрээ ах бичсэн энэ дуу монголын нэгэн хүү олимпийн аварга болсон тэр мөчид сэтгэлд нь эгшиглэсэн юм шүү.

Манай хамтлаг эх орны тухай 18 дуутай. Эх орны төлөө сэтгэл зүрхээ зориулж дайны тайлбарт биеэ хайрлалгүй залуу насаа өгсөн тэр сэдвээр ч байна, уул ус, ургамал амьтныхаа тухай, эх орноо хайрлах тухай ч байна. Ер нь эх орны тухай олон сайхан бүтээл хийсэн. Эдгээр дуунууд маань асар хүчтэй. Захын жишээ л гэхэд, 1999 онд зохиосон “Эх орон” дууг сонсоод зүрх нь огшдоггүй хүн байдаггүй. Дуу маш том зэвсэг. Дуугаар хүнийг уйлуулж бас эвгүй байдалд оруулж болно. Зохиолын дуунаас, дуурийн дуу эсвэл өөр жанр стилийн дуунаас рок дуу өөр. Рок хөгжимчид амьдрал дээр болохгүй бүтэхгүй байгааг шууд хэлдгээрээ онцлогтой. Ийм салбарт тоглодог хөгжимчин болоод “Хурд” хамтлаг оршин тогтноод явж байгаад би өөртөө их омогшдог. Эх орны дуу дуулахаас гадна найз нөхдийн тухай, бие биенээ хүндлэх тухай дуу цөөнгүйг дуулсан. “Миний найз миний дайсан боллоо гэж үү” гэдэг дуу байна. Хүн хүнээ хүндлэхгүй, монгол хүн монгол хүнээ хүндлэхгүй бол чих дэлссэн гэмт хэргүүд, янз янзын зүйлүүд гараад байна. Энэ бүхнээс манай залуус хол байж, жигшиж явах хэрэгтэй. Найзтайгаа архи уухаас илүү өнгөрсөн, одоо болж байгаа, ирээдүйд болох юмны тухай зөгнөж мөрөөдөж ярьж байвал чиний мэдэхгүйг найз чинь мэдэж, чиний мэдэж байгааг найз чинь хүлээж авна. Иймэрхүү байдлаар бие биедээ мэддэгээ өгөөд, цагийг үр дүнтэй өнгөрөөж байвал оюун ухаан тэлж, гоё болох болов уу. Жижигхэн юмнаас л эх орон эхэлнэ шүү гэж дүү нартаа дахин дахин хэлмээр байна. Монгол дуугаа сайн сонсож байгаарай. Үе үеийн монголын дууны урлаг үнэхээр агуу. Эх орноо, Монголоо гэх үзэлтэй, монгол тэмүүлэлтэй олон сайхан дуу байдаг шүү дээ. Сүүлийн үед улс төрийн удирдлагууд, яам агентлагийнхан маань зүрхэн дээрээ гараа тавьж ”Халуун элгэн нутаг”дууг их дуулдаг болжээ. Сургуулийнхаа сүлд дууг хүртэл дуулахдаа чин сэтгэлээсээ ингэж хүндэтгэж дуулж байвал сайхан.

Цөлжилт, ус ургамлаа үгүй болгоод байгаа энэ бүхэнд сэтгэл эмзэглээд, манай хамтлагийнхан Монгол орон даяар мод тарих ажлыг Байгаль орчны яамтай хамтран, урлагийнхнаа уриалаад эхэлж байгаа. Хүн бүр мод тарья гэж лоозондох, эсвэл байгаль дэлхий сүйрээд байна гэж яриад, плакат, самбар замд өлгөөд байгаа ч тэр нь нүдэнд дасал болчихсон учир хүнд тэр бүр хүрэхээ байсан. Тэгэхээр дуугаараа дамжуулж хүний сэтгэлийн гүнд нэвтрэн орж, ирээдүйд бид шороо бужигнаж, элсээр шуурсан эх орноо хүлээлгэн өгөх юм уу гэж эмзэглэсэн сэтгэлээр хандаж, манай хамтлагийнхан Байгаль орчны яамтай хамтарч нэг сайхан ажлыг давалгаалуулан эхэлж байна. Энэ ажлыг залуучууд та нар дэмжээрэй. Хамтдаа бүгдээрээ дуутай мод тарья. Нэг мод хүний амьдралд хэчнээн хэрэгцээтэй хүчилтөрөгч гаргадаг билээ. Мод хүнтэй л адил амьд биет. Модыг дуу дуулж таривал сайхан энерги төрүүлдэг. Амьд организм, хүн байгалийн хоорондын авцалдаа шүтэлцээ гэж байдаг учир би хүн бүрийг дуу дуулж мод тариасай гэдэг уриалга гаргаж байгаа юм. Дуу дуулж таривал эерэг энерги гарч, мод маань ч сайхан ургах юм шиг санагддаг. Төмөр замд байдаг 20-р сургуулийн хажууд дөрөв бил үү тавдугаар ангид байхдаа тарьсан их өндөр мод байдаг.

Саяхан нэг өндөр байшин хажууд нь баригдчихсан байсан. Миний тарьсан өндөр модыг ухаад хаячихсан болов уу гээд би машинтай явж байгаад бүр зогсоод тойрч очиж харлаа. Бурханы авралаар байж байсан. Тэр үед найз нөхөдтэйгээ олуулаа цагаан хоолой тавьж байгаад л их гоё тарьсан юм шүү дээ. Тэр хашаан дотор тарьсан бүх мод сайхан ургасан. Бага боловч сэтгэлээсээ, нэг мод ч болов эх орны мод, Улаанбаатарт үр ашгаа өгөөд, агаараа цэвэршүүлээд байж байгаасай гэсэн эх орноо хайрлах сэтгэлээ шингээж тарьсан болохоор би тэр модоо хайрлаж явдаг. Хүн бүр, хүүхэд бүр ийм байгаасай гэсэн санааг хүүхдүүд та нартаа хэлмээр байна .

– Та аливаа зүйлд хэр нухацтай ханддаг вэ?

– Амьдралынхаа эхний 20 жилд би хийчихээд “Өө, би ингэж хийж байх гэж дээ” гэж дүн шинжилгээ хйидэг байсан. Сүүлийн 20 жилд гэр бүлтэй, өрх толгойлсон аав хүн болоод явахад хийхээсээ өмнө боддог болсон. Үүнийг яавал зөв хийх вэ, яавал буруу болчих вий гэж буруу зөвийг нь сайтар тунгааж бодож байж зөв хийдэг болсон. Өнөө үед хүмүүс ихэнхдээ хийчихээд алдаагаа боддог. Аливаа юмыг хийхээсэээ өмнө яг ямар зүйл хийх гэж байна вэ гэдгээ сайн бодож байвал зүгээр санагдаад байгаа. Дуутай хууртай газар бүх хүн инээд хөөртэй, гоё энерги цугладаг. 3000 хүнийг Улаанбаатар Паласын суудалд суулгачихаад 3000 хүн надруу хараад дуулахад тэр хүмүүсийн сайхан энерги, нүдний баясал хэчнээн сайхан бэ. Үүгээрээ жаахан омогшоод онгироод байдаг байхгүй юу. Яагаад вэ гэхээр Ганданд ороод хийморийн сан тавиулаад дотроо миний хийморь сэргэнэ дээ гээд, аль эсвэл нэг том улс төрч хүн ирээд Монгол орноо хөгжүүлнэ гэхэд тэгчих болов уу гэж бодоод байхын оронд хүн өөрөө их гоё болох ёстой. Дуутай газар инээд баясал байдаг. Дуу дуулаад, баярын нулимс гаргаад сууж байгаа хүнээс би их сайхан энерги авдаг. Тэр энергиэр л “Хурд” хамтлаг оршин тогтноод, өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Дуутай газар Ганданд орсноос илүү, ямар ч том улс төрийн лекц сонссоноос илүү хийморь, цог золбоо сэргэдэг.

– Хүн бүрийн сэтгэлд оршоод байгаа Монгол тэмүүлэл гэж яг юуг хэлээд байна вэ?

– Миний хувьд Монгол тэмүүлэл гэдэг бол нэн тэргүүнд хүмүүс хоорондын эелдэг сайхан харилцаа байгаасай гэж бодож байна. Эх орноо хайрлах сэтгэлээр бүхий л салбарыг дотроо өөртөө шингээж, аливаа юманд би монгол хүн шүү дээ гэсэн итгэл үнэмшилтэй хандаж, энэ миний газар нутаг, миний хойч үе, миний аав ээжийн, миний амьдарч байгаа, миний ирээдүйн газар шороо. Би л үүнийгээ хайрлан хамгаалж, хөгжүүлэх ёстой. Газар нутаг минь бусдын газар нутгаас юугаараа дутсан юм бэ? Эх орноо бид голж болохгүй. Дотоод сэтгэлээрээ бүхий л зүйлийн төлөө “болно, бүтнэ” гэсэн өөдрөг үзлээр өөрийн чадах чинээгээр бага ч гэсэн зүйл хийгээд байвал та монгол хүн болсны тэмүүллийг биелүүлээд явж байна гэсэн үг. Тэмүүлнэ гэдэг урагшаа зүтгэх бүхнийг би үнэн чин сэтгэлээсээ хийх, монгол хүн болсноороо бахархах энэ бүхэн л монгол тэмүүлэл болов уу гэж би бодож байна даа.

– Та 30 гаруй жил хөгжимчин явсан хүн. Их саад бэрхшээлтэй тулгарч байсан байх. Тэр үедээ юуг санаж бодож, юуг зорьж байсан бэ?

– Хүн туйлын зорилготой байх ёстой. Нэг хүн олон юмны баатар, гавъяат болохгүй шүү дээ. Өөрийнхөө дээд зэргээр хийж чадах нэг л зүйлийн төлөө зүтгэж хийвэл саад бэрхшээл таарлаа ч заяа түшнэ. Америкчуудын хэлдгээр Бурхан харна гэсэн үг. Туйлбартай л байх ёстой. Эцсийн зорилготой, туйлбартай байвал л юмны эцэст хүрч чадна. Хүссэндээ заавал хүрнэ гэдгийг хэлмээр байна.

– Эх орныхоо төлөө та юу хийж чадах вэ?

– Дуу гэдэг ямар ч танк, пулемёт, нисэх онгоцоос илүү хүчтэй гэж би омог бардам хэлмээр байна. Эх оронч хүмүүжил, эх орноо гэсэн сэтгэлтэй хүн болгоход бага боловч хувь нэмэр оруулах ёстой гэсэн үүднээс бид эх орны тухай дуу хийж, дуулдаг. Манай сэтгүүлчид, зарим судлаачид маань “Хурд” хамтлагийг эх орны хамтлаг, энэ цаг үедээ эх орныхоо тухай туйлбартай, тууштай тэмүүлэлтэй дуулж байгаа хамтлаг гэж үнэлдэгт их баярладаг. Ирэээдүйд бид дуугаараа эх орны хөгжилд хувь нэмэр оруулах, хоёрдугаарт уран бүтээлээрээ дамжуулж болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг болж бүттэл нь өөрийн өчүүхэн хувь нэмрийг оруулахын тулд залуучуудтайгаа хамтарч ажиллахыг зорьж байна. Хүн бүр ирээдүй хойч үедээ тэр Швейцарь шиг, аль эсвэл Аляскийн байгаль шиг энэ ойгоо, байсан юмыг байснаар нь яагаад өвлүүлж, үлдээж болдоггүй юм бэ. Өвөг дээдэс маань онгон дагшин, сайн сайхан хэвээр нь бидэнд авчирч өгсөн. Энэ эх орноо өнөөдөр бид хэдхэн төгрөгийн шуналаас болоод энд тэндээс нь ухаж бужигнуулж болохгүй л юм шүү дээ. Бид цаашдаа ээж аавынхаа тухай, эх орныхоо тухай, хань, хүүхдүүд, залуучуудынхаа тухай дуугаа л хийнэ. “Хурд” хамтлаг юу хийж чадах вэ? Дуу л хийж чадна. Дуугаараа дамжуулж би мод тарья, байгаль дэлхийгээ хайрлая, болохгүй байгааг засъя гэсэн хүсэл байна. Би жирийн л нэг урлагийн хүн. Хүн энгийн байх тусмаа сайхан. Дууг маань их сонсож ээж ааваа, найз нөхдөө хүндэлж хайрлаж яваарай. Бусдыг хүндэлбэл тэр хүн чамайг заавал хүндэлдэг юм шүү гэдгийг л дотроо сайн бодож яваарай. Цаг зав гаргаад хамт энэ нэвтрүүлэгт оролцсон дүү нартаа маш их баярлалаа.

ХААИС-ийн оюутнууд оролцов.
2009.3.31


Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: