for QLD Mongol

Куинсландын Монголчуудын Холбоо

Хэрхэн номын клубын гишүүн болох вэ.

Та 10 долларыг тушааж 6 сарын хугацаатай клубын гишүүн болно.

1-2 номын нэг удаа уншихаар гэрээр авах бөгөөд унших хугацаа нь 7-14 хоног байна.

Унших номоо 1-3 өдрийн өмнө урьдчилан bjargal07@yahoo.com хаяг руу э-майл бичин захиална.

Захиалсан номоо 1-5 өдөр бол хотын төвийн Queen street mall –д өдөр 12 цагаас 1 цагын хооронд авч болно.

Амралтын өдөр бол сагс тоглож байгаа газар ирж захиалсан номоо авч болно.

Номын өөр хүмүүст дамжуулахыг хориглоно.

Номыг цэвэрхэн гамтай унших үүрэг хүлээнэ.

Номыг хаяж үрэгдүүлвэл тодорхой хэмжээний мөнгөн торгууль төлнө.

КММХ-ны Номын Клуб.

Сэтгэгдэл үлдээх »

Маргааш “Номын баяр” болно

4 цаг 19 минутын өмнө

Ард иргэд, хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон тэмдэглэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг өнгөрсөн сард гарсан билээ.

Энэхүү зарлигийг дэмжин “Номын баярын өдөр”-ийг анх удаа төрийн болон ТББ, олон нийтийн байгууллагаас хамтран “Олуулаа уншъя “ уриан дор зохион байгуулах гэж байна.

Номын баяр маргааш 10.30-19.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болох бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөр, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Сайд Ц.Оюунгэрэл, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар уг арга хэмжээнд оролцоно.

Мөн энэ үеэр Монголын Хүүхдийн ордон, Улаанбаатар Чуулгын урлагийн тоглолт, ном солилцох арга хэмжээ, номын бэлэгтэй сонирхолтой тэмцээн болох аж.

Х.Янжмаа
http://www.gogo.mn

Сэтгэгдэл үлдээх »

“Монгол номын өв соёл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал нээлтээ хийлээ

4 цаг 21 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” зарлигийг хүлээн авах хүндэтгэлийн ёслолд зориулсан “Монгол номын өв соёл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Монголын хүүхдийн ордонд нээлтээ хийлээ.

Боловсрол, Шинжлэх ухааны яам, Шинжлэх Ухааны Академиас хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, БШУ-ны сайд Л.Гантөмөр, ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Э.Зоригт нар болон эрдэмтэн мэргэдийн төлөөлөл, оюутан залуус, иргэд өргөнөөр оролцлоо.

Арга хэмжээний нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 158 дугаартай “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” зарлигийг БШУЯ, ШУА-нд гардуулан өгч үг хэлсэн юм. Тэрээр үгэндээ “Монголчууд бол наад зах нь 1000 гаруй жилийн бичиг үсгийн соёлтой ард түмэн хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Бид өнгөрсөн жил төрт улсынхаа үүсгэн байгуулагдсаны түүхэн их ойг өндөр ёс хүндэтгэлтэй тэмдэглэсэн. Ерөнхийлөгчийн номын баярын өдрийг тэмдэглэх тухай зарлиг ч мөн Их Эзэн Чингис хааны маань мэлмий гийсний 850 жилийн түүхэн ойг тохиолдуулан гарч байгаа. Бид өнгөрсөн зуунд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан.

Харин ирж буй шинэ зуунд улам бүр хөгжин цэцэглэхийн төлөө тэмүүлнэ. Мэдээж ийнхүү хөгжин цэцэглэхийн шавхагдашгүй ундарга бол ард түмний маань ном эрдмийн хүчээс эхтэй. Монголчууд нэг хүнд оногдох эрдэмтнийхээ тоогоор дэлхийд дээгүүр байр эзэлдэг байж болох. Харин эрдэмтэн мэргэд бүр өөр өөрийн шавийг олон болгож “Шавийн эрдэм багшаас” хэмээх сургаалийн дагуу чанартай сайн боловсролын үрийг тарих ёстой болов уу” хэмээгээд Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан оюутны тэтгэлгийн хуулийн талаар товч танилцуулж “Сайн цаг ирж байна” хэмээн үгээ өндөрлөв.

Дараа нь БШУ-ны сайд Л.Гантөмөр хэлэхдээ “Номын баярыг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргасныг номд шимтэгч, алтан үсгээр бичин, торгонд баринтаглаж номыг дээдэлдэг үндэсний өв уламжлалтай Монгол зон олон талархан хүлээн авлаа. Номын баяр бол бид бүхний баяр. Ном зохиогч, ном уншигч, ном хэвлэгч, ном түгээгч, ном худалдагч, ном цуглуулагч, ер нь ном эрдмийг эрхэмлэдэг хэн бүхний баяр. Үеэс үед, үрээс үрд цэцэн мэргэн ухаан, өргөн их мэдлэг, хүн төрөлхтөний үнэнийг танин мэдэх их эрэл хайгуулын хөтлөгч, хадгалагч, дамжуулагч нь ном хэмээх эрхэм нандин соёл билээ” хэмээн онцлов.

Түүний дараа ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин хэлсэн үгэндээ “Энэ зарлиг бол бидний эрдэм судлалын ажил, түүний бодит үр дүн болсон бүтээл туурвилыг маань төрөөс дэмжиж байгаагийн илэрхийлэл юм. Ном бол хүүхэд багачуудыг ах эгчтэй нь, багш сурган хүмүүжүүлэгчдийг сурагч, шавь нартай нь эрдэм ухааны нарийн жимээр холбож өгдөг ундарга нь, ширгэшгүй булаг лугаа хорвоод хосгүй мэдлэг, боловсролын их сан хөмрөг юм” хэмээв.

Ийнхүү “Монгол номын өв соёл” арга хэмжээ өнөөдөр нээлтээ хийж байна. Хөтөлбөрийн дагуу эрдэм шинжилгээний бага хуралд доктор Э.Пүрэвжав “Монголын нууц товчоон” сэдвээр, Профессор Ш.Чоймаа “Монголчуудын номын өв соёл” сэдвээр, илтгэгч Р.Отгонбаяр “Монгол ном судар бүтээдэг эд өлөг, арга хэлбэрийн тухайд” сэдвээр, илтгэгч Б.Батбаяр “Дэлхийн жишигт нийцсэн эдүгээгийн номын үйлдвэрлэл” сэдвээр, Илтгэгч Г.Буяндэлгэр “Монгол Ганжуур, Данжуурын уламжлал, түүнийг дэлгэрүүлэх нь” сэдвээр, Академич Л.Болд “Монголчуудын чулуун номын тухай” сэдвээр, Академич Т.Галбаатар, доктор Б.Нэргүй нар “Монгол ном судрын өвийг хамгаалах асуудалд” сэдвээр, Үндэсний номын сангийн дарга Х.Чилаажав “Үндэсний номын сангийн сан хөмрөгийн гайхамшиг”сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Мөн энэ үеэр ховор номын үзэсгэлэн гарах аж.

http://www.president.mn

Сэтгэгдэл үлдээх »

Номын баярын өдрийг 9 сарын 15 нд улс даяар өргөн дэлгэр тэмдэглэнэ

2012 оны 9-р сарын 5

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэдхэн хоногийн өмнө жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг номын баярын өдөр болгон тэмдэглэх тухай зарлиг гаргасан билээ.

Энэхүү зарлигийг дэмжиж олон байгууллага, аж ахуй нэгж, эрдэм соёлын төвүүд болон иргэдээс номын соёлыг улам бүр дэлгэрүүлэхийг дэмжсэн санал санаачилгууд ирсээр байна. Эдгээр санал санаачилгуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас дэмжиж Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Шинжлэх ухааны академи, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз, Монголын зохиолдчдын хороо, Үндэсний номын сан, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, “Олуулаа” клуб, “Номын соёлт ертөнц” ТББ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” зарлигийг дэмжин ажиллах ажлын хэсэг байгуулсан бөгөөд өчигдөр тус ажлын хэсэг хуралдаж хэдэн хэдэн ажлуудыг хамтран зохион байгуулахаар боллоо.

Энэ есдүгээр сарын 1-ний өдөр шинэ хичээлийн жилийн нээлтийн үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хүн болох багаасаа” сэдэвт хичээл заах үеэрээ “Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ” хэмээх зүйр үгийг хүүхэд залуустаа хандаж хэлсэн. Ийнхүү сайн хүүхэд байхын эхлэл нь ном эрдмийг дээдэлсэн, сурах дэвжихэд тэмүүлсэн номын сайн нөхөр байхаас эхлэх юм.

Ингээд “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг дахин танилцуулж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

Номын баярын өдөр тэмдэглэх тухай

2012 оны наймдугаар сарын 24-ний өдөр Дугаар: 158

Монгол туургатны мянганаар тоологдох өв их соёл, язгуур уламжлалын магнайд ном эрдмийг хүндэтгэн дээдлэж есөн эрдэнээр чимэглэн, шасдир их цадиг, суу сэтгэлгээний охь болсон бүтээлүүдээ нандигнан хайрлаж, ном дор мөргөхийг сүслэн, эрхэмлэн уншдаг ариун ёс, уламжлал бий.

Эдүгээ энэ сайхан уламжлал хэвээр хадгалагдаж буй бөгөөд Монгол орны хөгжил дэвшил, өөдрөг гэгээн ирээдүй чухамхүү эрүүл бие, саруул ухаантай, эрдэм боловсролд тэмүүлсэн Монгол хүнээс шалтгаалах буюу.

Уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд, хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон өргөнөөр ёслон тэмдэглэсүгэй.

2. Номын баярын өдрийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд:

а) Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг, сумдад хүүхэд, залуучууд, ард иргэдийг өргөнөөр оролцуулсан ёслолын ажиллагаа зохион байгуулж, хэвлэмэл болон сонсдог, дижитал буюу тоон технологид суурилсан номын үзэсгэлэн худалдаа гаргах, ном солилцох, бэлэглэх, хандивлах,
б) Шилдэг ном шалгаруулах, номын зохиогчийг алдаршуулах, сайн уншигчийг тодруулах ажиллагаа явуулах, зохиолч уншигчдын уулзалт ярилцлага хийх, уламжлалаа сэргээж “Номын сайн нөхөр” тэмдэгтэнг олноор төрүүлэх, тэднийг сургууль, анги, хамт олон нь зүйл бүрээр хөхиүлэн дэмжих, хэвлэл мэдээллээр сурталчлах,
в) Аймаг, сум, тосгонд ном унших нийтийн танхим, номын сан байгуулж тохижуулах.

3. Номын баярын өдөр бүх нийтээр ном эрдмийг сурталчлах, номын өв санг арвижуулах, хүүхэд залуучуудын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэн ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, эцэг эх, багш, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжид уриалсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

http://www.president.mn

Сэтгэгдэл үлдээх »

Монголоос ирсэн багш нар маань манай номын санд 5н ном бэлэглэлээ

1. Б. Сарантуяа. Сорхугтани хатан. Роман
2. Г. Галбадрах. Монголчууд Америкт.
3. Э. Радзинский. Сталин -1 боть. Орчуулсан Б. Баабар.
4. Э. Радзинский. Сталин -2 боть. Орчуулсан Б. Баабар
5. С. Ларсон. Луун шивээст охин. Адал явдалт роман. Орчуулсан Б. Батчимэг

1. Б. Сарантуяа. Сорхугтани хатан. Роман

Сорхугтани хатны түүхэн амьдралаас сэдэвлэн Сорхугтани роман хэвлэгдэн гарлаа. Бидний алхан буй газрын хөрсөн дээр биднээс өмнө ямархан түүх өрнөж, бидний өвөг дээдэс хэрхэн бахдам гавьяа байгуулж явсныг өнөөгийн хүмүүс бид үргэлжлүүлж эс чадлаа ч, мартах учиргүйн тул энэхүү романыг бичиглэж, их түүхийнхээ өлмийд өргөн барьсан нь энэ ажээ. Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбоотой эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүд болох, Их Эзэн Чингис хааны үеэс хойш Мөнх хаан хүртэлх хагас зуун жилийн үйл явдлыг дэлгэн харуулаа. Монголын нууц товчооноос хойших түүхийн балархай эх сурвалжууд хэрхэн эвлэж, уран зохиолын хэлнээ буусныг уншигч авхай та сонирхоорой.

С. Ларсон. Луун шивээст охин. Адал явдалт роман. Орчуулсан Б. Батчимэг

“Монсудар” хэвлэлийн газраас Шведийн зохиолч Стиг Ларсоны “Луун шивээст охин” романыг албан ёсоор эрхийг нь авч, монгол хэлнээ анх удаа орчуулан хэвлэжээ. Уг роман нь орчин цагийн адал явдалт зохиолын шилдэг бүтээл гэж үнэлэгддэг бөгөөд хэвлэгдсэн цагаасаа хойш хэдийнээ сая сая хувиар борлогдоод байгаа юм. Стиг Ларсон өөрөө анти-демократик, барууны жигүүрийг баримтлагч, нацист байгууллагуудын талаар гүнзгий судалгаа хийсэн дэлхийн тэргүүлэх судлаачдын нэг байсан нь “Луун шивээст охин” романыг бичихэд их нөлөөлсөн байна.

Тэрээр Швэдийн нэгэн хэвлэлийн газарт адал явдалт гурван романыхаа гар бичмэлийг өгсний дараахан 2004 оны 11 сард зуурдаар нас нөгчжээ. Түүний эдгээр гар бичмэлийг тэд “Миллениум” нэртэйгээр гурамсан роман болгож хэвлэсэн нь хэний ч санаанд оромгүй гайхалтай амжилтыг дагуулсны нэг нь “Луун шивээст охин” юм. Уг романд Швэдийн сурвалжит, баян гэр бүлийн гишүүн Харриет Вангер гэгч охин учир битүүлэг байдлаар ор сураггүй болоод дөчин жил болно. Хэдий олон жил болсон ч энэ хачин жигтэй хэргийн нууцыг тайлахаар түүний нас дээр гарсан авга ах нь хилс хэрэгт гүтгэгдсэн чадварлаг сэтгүүлч Микаел Бломквистыг хөлслөх аж.

Харин тэр мөрдөгчид Лизбет Саландер гэгч ер бусын нууцлаг охин тусална. Хүн амины учир битүүлэг хэрэг, гэр бүлийн сүйрэл, хайрын түүх, санхүүгийн нарийн асуудлуудыг нэг дор нэгтгэн зангидаж, ар араасаа хөвөрсөн амьсгаа давхцам үй үйл явдал, санаанд оромгүй зангилаа, тайлал зэргээрээ уншигчдыг ховсдон татаж буй “Луун шивээст охин” романыг уншихыг хүсвэл “Интер ном” номын их дэлгүүрийн бүх салбараар худалдаалж байгаа юм байна.

СТАЛИН 1, 2р боть.
Эдвард Радзинский
орчуулагч Б.Баабар

Дэлхийн хамгийн том орон өглөө болгон түүний нэрийг дуудан сэрж байлаа. Энэ нэр өдөр бүр радиогоор сонстож, дуунд цуурайтаж, сонины хуудсанд дурайна. Энэ нэрийг хамгийн аугаа шагнал болгож үйлдвэр, хамтрал, гудамж, хотод олгоно. Цэргүүд энэ нэрийг дуудан үхэлтэй тулалдана. Дайны үед Сталинград цусанд умбаж, хөрс нь эргэсэн ч түүний нэрээр нэрлэгдсэн хот дайсанд бууж өгөөгүй юм. Зохион байгуулсан улс төрийн аллагынх нь золиос болсон хүмүүс түүний нэрийг дуудсаар үхэж байв. Хорих лагеруудын хэдэн сая хоригдлууд голыг эргүүлж, туйлд хот босгож байхдаа өчнөөн зуун мянгаараа үрэгдэж байлаа – тэд энэ бүхнээ түүний хөргийн дор бүтээсэн юм. Түүний хүрэл болон гантиг хөшөө аугаа том орны энд тэндгүй.

Сэтгэгдэл үлдээх »

Номын санд маань “Монгол Зураг “ номын зохиогч Ё. Гантулга номоо хандивлалаа.

Куинсландын Монголчуудын холбооны дэргэдэх Монгол оюуны өргөө-Монгол Номын Сан бий болгох санал санаачлагыг дэмжин Австрали улс дахь Монголын элчин сайд Равдангийн Болд гуай ” Монголын тусгаар тогтнол ба АНУ” (Улаан¬баатар 2008) гэсэн номоо саяхан бэлэглэсэн билээ.

Өнөөдөр номын санд маань “Монгол Зураг “ номын зохиогч Ё. Гантулга номоо хандивлалаа.

Уг ном нь жирийн Монгол залуу Галаа-гийн амьдралаар төлөөлөн Монгол улс зах зээлийн нийгэмд хэрхэн шилжсэн , яаж хүмүүсийн амьдрал төдийгүй ертөнцийг үзэх үзэл орвонгоороо өөрчлөгдөж байгааг Америкийн болон Австрали дахь Монголчуудын бодит амьдралаар уран сайханаар дүрсэлжээ.

Сэтгэгдэл үлдээх »

Номын жагсаалтууд

Номын нэрс Зохиогчийн нэр төрөл он хуудасны тоо

1 Туужууд Б. Шүүдэрцэцэг туужууд 2009 306
2 Сэтгэлийн анир Б. Шүүдэрцэцэг өгүүллэгүүд 2010 238
3 Хар хулангийн бөгж Нирунзу роман 2009 230
4 Ану хатан Б. Шүүдэрцэцэг роман 2010 432
5 Тэнгэр хэмээх шувууд П. Батхуяг өгүүлэглэгүүд, тууж 2009 118
6 Хорин жилийн дараа Х. Болор-Эрдэнэ тууж 2010 211
7 Би, бид хоёр Х. Болор-Эрдэнэ сэтгэлгээний өгүүллэгүүд 2009 200
8 Усанбудагийн нулимс П. Батнайрамдал өгүүлэгүүд 2011 250
9 Ногоон нүдэн лам Ц.Оюунгэрэл, Ж. Л. Полт роман 2008 523
10 Чонын алтан шагай Д. Цэнджав роман 2009 400
11 Зүүдэн нуур П. Батнайрамдал өгүүллэгүүд 2008 262
12 Үр хүүхэддээ үлдээх өв сургамж Д. Түмэндэмбэрэл сургааль 2009 176
13 Бөөгийн домог Г. Аюурзана роман 2010 234
14 Гурамсан цадиг Г. Аюурзана роман 2010 418
15 Цуурианаас төрөгсөд Г. Аюурзана роман 2007 132
16 Титэм үг Н. Багабанди сургааль 2009 320
17 Нүдний шилэнд үлдсэн зургууд Л. Өлзийтөгс өгүүллэг, жүжиг 2004 250
18 Үзэхийн хязгаар Л. Өлзийтөгс намтарчилсан эсээнүүд 2012 311
19 Ганцаардлын дасгал Л. Өлзийтөгс шүлгүүд 2004 77
20 Миний гунигийн түүх Л. Өлзийтөгс шүлгүүд 2007 75
21 Сонгомол эсээнүүд Мишэль Монтэнь эсээнүүд 2010 308
22 Өвгөд Уильям Полкнер өгүүллэг, тууж 2010 122
23 Уран зохиолын дээж бичиг Эмхэтгэл шүлэг, өгүүллэг, тууж 2008 453
24 Дурдатгал Николас Поппе дурдатгал 2008 272
25 Занабазар С. Эрдэнэ роман 2008 347
26 Дублинчүүд Жэймс Жойс өгүүллэгүүд 2010 311
27 Үлисс Жэймс Жойс роман 2009 684
28 Атлантын нуруу тэнийв Айн Рэнд роман 2009 1077
29 Монгол бадарчин Амай дурсамж
30 Аянгат цагийн тууж Ч. Галсан тууж 2009 90
31 Ноомой эрийн мөрөөр Ч. Галсан тууж 2009 92
32 Гэмшил ухаарал Ж. Пүрэв түүхэн роман 2006 346
33 Амьдралын тойрог С. Эрдэнэ роман 2008 232
34 Бүргэд харьд үүрлэдэггүй Ж. Пүрэв роман 2009 225
35 Хувь заяагаа сонгох нь М. Ридман эдийн засаг 2007 265
36 Миний амьдралын түүх Хиллари Клинтон дурсамж, намтар 2009 775
37 Ааваас минь өвлөсөн мөрөөдөл Барак Обама дурсамж, намтар 2010 512
38 Эрх чөлөөний дайсан Б. Батчулуун гүн ухаан 2010 261
39 Монголчууд ба Орос орон В.Г. Владимирович түүх 2008 377
40 Загалмайлсан хадам эцэг Рахат Алиев баримтат тууж 2009 487
41 Анне Каренина Лев Толстой роман 2009 872
42 Хитманы өчил Жон Перкинс баримтат тууж 2010 312
43 Мари Кюри Е. Кюри намтарчилсан роман 1989 352
44 Миний Дагестан Расул Гамзатов роман 1989 472
45 Гол мөрөн намуухан урсана О. Дашбалбар уянгын эссэ, зураглал 1989 152
46 Равжаа хутагтын тухай домог яриа Л. Одончимэд ба бусад аман хууч, домог яриа 2009 194
47 Монголын тусгаар тогтнол ба АНУ Р. Болд судалгааны бүтээл 2008 412
48 Монгол зураг Ё. Гантулга роман 2011 202
49 Шүгдэн Г. Аюурзана роман 2012 334
50 Гэгээнтэн Г. Мэнд-Ооёо роман 2012 344

Сэтгэгдэл үлдээх »

Шинэ номнууд ирлээ.

Зохиолч Г.Аюурзана “Шүгдэн” хэмээх роман,
Зохиолч Г.Мэнд-Ооёогийн туурвисан “Гэгээнтэн” хэмээх шинэ романууд тус тус номын санд маань ирлээ.

Г.Аюурзана “Шүгдэн” хэмээх роман гаргажээ

“Шүгдэн” нэртэй уг шинэ романы арын хавтаснаа “учир битүүлэг үхэл, гэмт хэргийн сэдэв дээр тулгуурлан Хятад дахь монголчуудын оюун санааны мухардал, бурханы шашны гүн ухааны тухай өгүүлсэн зохиол” гэж тодорхойлжээ.

Үнэхээр ч алдартай хийдэд лам алагдаж, мөнөөх хэргийг мөрдөж буй эрэлч нохойн албаны цагдаа Сэржамц, нас барсан ламын дотнын найз Саманд лам хэмээх хоёр гол дүрийг тойрч бүхий л үйл явдал нь өрнөдөг аж. Энэ хоёр гол баатар хоёулаа Хятад дахь монгол үндэстний төлөөлөгчид. Тэдний өвгө дээдсийн хувь заяа, өнөөгийн ахуй амьдрал цөм том үндэстний эрхшээлд автсан жижиг ард түмний хувь заяаны тусгал болно. Зохиогч Өвөрмонголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Дэ ван, орчин үеийн тэрс үзэлтэн Хүчинтөгс, Хятадаас үзэл бодлын эрх чөлөө хайн АНУ-д дүрвэж гарсан Ажиа гэгээн зэрэг бодит хүмүүсийн амьдралтай холбоотой сэдвүүдийг ч романыхаа өгүүлэмжтэй сүлэлдүүлжээ.

330 гаруй хуудастай, 15 бүлэг бүхий энэ шинэ романаас өнөөдрийн цаг үе дэх шашны дотоод зөрчил, лам нарын бизнес, энэ бүхний дунд жинхэнэ сахилдаа үнэнч явж чадаж буй хуврагуудын тухай, буддын гүн ухааны цаад утга учрын тухай ч олж унших боломжтой.

Дашрамд сонирхуулахад, манайхан сүүлийн үед баячуудын шүтээн хэмээн хэлэлцэх болсон Шүгдэн сахиусыг XIV Далай лам хориглосноос орчин үеийн шашны ертөнцөд нэлээд шуугиан тарьсан билээ. Уг романы дотор нууцлаг байдлаар алагдсан лам тийм шүтээн тахидаг байснаас романы нэр улбаалжээ. Энэхүү бүтээлд орсон шүлгийг уншигч та бүхэндээ хүргэж байна.

Уулын зүрхэнд нар туслаа.
Уншлага зогслоо.
Унзад дамар цохилоо.
Уншлага завсарлах, дамар дуугарах энүүхэн чөлөөнд
Уртаас урт цаг хугацаа шүүрс алдлаа.

Сүмийн хананаас эртний бурхдын харц
Сүүмгэр хүжийн утааг дарангуйлаад
Тув тунгалаг болов.
Хүн ингэж цоо ширтвэл далдирмаар даа?
Бурхадын нүд ер бус, тогтуухан төөнөнө.

Зэргэлдээх мөргөлчин амьсгалаа түгжив.
Зүрх нэг чанга цохилсноо нам жим болоод
Сэтгэл өөр ертөнцөд нэвчиж одов.
Ай!
Дахиад уншлага эхлэхэд л
Ахиад амьдрах сэхээ олов…
http://www.news.mn

Данзанравжаагийн тухай “Гэгээнтэн” роман хэвлэгдлээ

Огт ор үгүйн гүн харанхуйн дундаас хилэнцэт амьтаны үл мэдэг дүрс үзэгдэх. Мөнхүү дүрсэнд давхарлан Ноён хутагт Данзанравжаагийн нууц тарнийн авшиг оршсон хилэнцийг эерэгт урвуулах шидэт шүлгийн бадаг тодрон алдан байх бөгөөд түүнээс түүнээс “Гэгээнтэн” хэмээх үг үүрийн шаргал туяа мэт гийж үзэгдэнэ. Энэ бол Ноён хутагт Данзанравжаагийн оюуны гайхамшигт ертөнцөөр аялуулах “Гэгээнтэн” романы хавтасны нүүр юм. Номын арын хавтасыг үзвээс дөрвөн үгийг эвхэж хураасан тамга байх бөгөөд 108 хувилбараар уншигдах гэгээнтэний яруу найргийн оньст шид оршсон хос уянга тэр ажээ.

Ийнхүү хавтаснаасаа эхлээд Говийн ноён хутагтын нууцын эрдмийн гүн рүү уншигчдыг хөтлөх “Гэгээнтэн” роман агуу их хүмүүний оюун билгийн огторгуй руу уншигчдыг хөтлөх болно.

Суу билигт яруу найрагч, соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн намтар, уран бүтээл, эрдэм билэг, Монгол дахь Буддын соёлын өв уламжлал, нууц эрдэмийг хойч үедээ хэрхэн залгамжлуулан дамжуулж байсан талаарх судалгаандаа тулгуурлан “Гэгээнтэн” хэмээх энэ романыг зохиолч Г.Мэнд-Ооёо туурвин бүтээжээ. Уг романд нэг талаас Данзанравжаагийн үлгэр домог мэт амьдрал намтарыг задлан шинжилсэн түүхэн баримтууд, нөгөө талаас Буддын гүн ухааны эрдэм оюун руу хийсэн уран сайхны эрэг хайгуул хослон шингэсэн байна.

Бие гэвч бие биш
Гэгээн хоосон солонго
Хэл гэвч хэл биш
Очирын гүн эгшиглэн
(Данзанравжаа)
Зохиолч Г.Мэнд-Ооёогийн туурвисан “Гэгээнтэн” хэмээх шинэ роман нь XIX зууны Монголын их соён гэгээрүүлэгч, Ноён хутагт Данзанравжаагийн ер бусын ид шидлэг гайхамшигт далд ертөнцөөр аялуулах болно. Монголын говь дахь эрт галавын ой санамж, байгаль дахь оюун санааны далд хүчийг танин барьсан говийн Гэгээнтэний соён гэгээрүүлэх үйлс нь Манжийн төрийн монгол нутаг тийш явуулсан бодлого, саад хоригтой тулгарч, олон эмс хүүхнүүд дагуулсан “говийн дүвчин”, “согтуу”, “галзуу” хэмээн хоч цуугаар муучлагдан, ил далд хавчин хяхах, хорлон хөнөөхийг элдвээр оролдох боловч Данзанравжаа бээр нууц тарнийн бясалгалын хамтрагч дагинас, бүтээлчин бүсгүйчүүд, урлаач, дууч хуурчид олон шавь нараа дагуулан орон шүтээний газаруудаа байгуулан, жүжиг наадам дэглэн, дуу хуур ид шидээ үзүүлэн уул усаа аргадан чөтгөр шимнусыг дарж, тэмээн жингийн урт цуваа хөвүүлэн билиг танхай авьяас билгээ хөгжүүлэн дэлгэрүүлж, аялан явсаар байна.

Данзанравжаа өөрийн төрөлх говь дахь чинадын эрчим оршсон хий бод ертөнцөд хувилгаан эрдмээрээ нэвтэрч, уул ус ургамал чулуу хийгээд амьтны аймаг, эрдэнэт хүмүүний бүтээл оюун санаа нэгэн бүхэл цогц ертөнц болохыг танин барьж улмаар Шамбал хэмээх нууцын орныг төрөлх говь нутагтаа нээж буй суу гайхамшигт билиг эрдмийг нь зохиолч романыхаа гол шугам болгож өгүүлжээ.

Шамбалын нууц оршсон хутагтын эрдмийн өвийг авч үлдэхийн төлөө 1937 оны хэлмэгдүүлэлт, шашин соёлыг хааж боосон хуучин тогтолцооны хүнд бэрх хавчилт хаалт боолтын дундуур амь биеийг үл хайрлан тэмцэж 1990 оны ардчилсан хувьсгалтай золгуулж чадсан тахилч О.Түдэвийн амьдралын нууцлаг, бишрэм түүхийг романы үйл явдалтай сүлэлдүүлэн өгүүлжээ.

Будда болон Ловон Бадмажунай тэргүүт дээд Богдос нараас эши үндэстэй нууц тарнийн судал, хий, дуслын бясалгалаар чинадын нууцад нэвтэрч дээд оюуны далд увдисыг Монголын говь нутагт төгөлдөржүүлэн оньсолсон хийгээд нүүдэлчин Монголчууд соёл, эрдэм ухааны өвөө хүнээс хүнд, цагаас цагт уламжлан хойч үедээ илгээж буйг Ноён хутагт Данзанравжаагийн түүхэн баримтат үйл амьдралаар дамжуулан задлан шинжилсэн уг романы онцлог ажээ.

Зохиогчийн тухай:

Г.Мэнд-Ооёо нь яруу найраг, хүүрнэл зохиол, нийтлэл, судалгааны олон ном бичсэн бөгөөд түүний бүтээлүүд нь дэлхийн 40 шахам хэлнээ орчуулагдан уншигчдын хүртээл болжээ.

Хүүрнэл зохиолын төрлөөр бичсэн “Алтан Овоо” хөлгөн судар нь 1993, 2002, 2007, 2010 онуудад хэвлэгдсэнээс гадна англи хэлнээ орчуулагдан гарчээ. Шашин соёлын сэдвээр “Билгийн мэлмий нээгч” /1996/, “Алтан-Овооны алтан шастир” /2008/ зэрэг ном нь нийтийн хүртээл болж байжээ.

Г.Мэнд-Ооёогийн Францын зохиолч Патрик Фишмантай хамтарч бичсэн Монгол цэцэн билигт ардын үлгэрт үгүүллийн ном нь энэ 2012 онд франц хэлээр Парис хотноо хэвлэгдсэн байна.
Ч.БОЛОР
http://www.news.mn

Сэтгэгдэл үлдээх »

Follow

Get every new post delivered to your Inbox.